"Шударга ёсны төлөө-2015” шагнал гардуулах ёслол боллоо
2015/12/10
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёсны төлөө-2015” уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Уг уралдаанд шалгарсан байгууллага, хүмүүст өнөөдөр шагнал гардуулав.
Хээл хахууль, хүнд суртлаас ангид төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, шударга ёсны манлайллыг салбар бүртээ, байгууллага дотроо нэвтрүүлж буй тэргүүний арга туршлагыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан юм.
“Ил тод, нээлттэй цахим хуудастай байгууллага” уралдааны номинацид иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, олгож буй зөвшөөрөл, бүртгэлийн ажиллагааг цахимжуулах, иргэдийн хяналт, оролцоог идэвхжүүлэх зорилгоор www.smartpolice.mn цахим үйлчилгээг нэвтрүүлж, энэ оноос www.service.police.gov.mn болгон өргөжүүлж төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байгаа Цагдаагийн ерөнхий газар шалгарсан байна.