Хүний төв мэдрэлийн системд нөлөөлдөг хүчтэй нянгаар бохирдсон сүү, сүүн бүтээгдэхүүн Монголын тойроогүй бололтой. Шинэ зелландын “Фонтерра” үйлдвэрээс Монгол улс хуурай сүүнийхээ 90 орчим хувийг импортолж авдаг талаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн ярьж байна.

Энэ үйлдвэрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маш хортой Clostridium Botulinum нянгаар бохирдлогдсон байх магадлалтай талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж, Дэлхий нийт түгшин хүлээж аваад байна. Мэдээж БНХАУ-ын хувьд болзошгүй эрсдэлээс эх орныхоо иргэдийг хамгаалахын тулд бүтээгдэхүүнийг зах зээлээсээ татаад эхэлсэн талаар мэдээлж байсан. Харин Монгол Улсын хувьд ийш тийш нь албан бичиг шидэлцсэн байдлаар нэг өдрийг өнгөрөөгөөд байна. Мөн манай улсад тус нянгаар бохирдсон бүтээгдэхүүн илрээгүй байгаа талаар ярьж байна. Яаж илрэх билээ. Шинжилгээ хийгээд эхлээгүй байгаа шүү дээ.

 

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газарт илгээсэн бичиг нь очсон байх гэж найдаж байна хэмээн Үйлдвэр хөдөө аж ахуйн мэргэжилтэн сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ам ангайна билээ. Тиймээ яамнаас илгээсэн бичиг нь очсон л байгаасай. Ямар ч байсан нянгаар бохирдогдсон сүү, сүүн бүтээгдэхүүн байгаа эсэхийг тогтоож, хүн хэрэглэж, эрсдэлд орохоос нь өмнө яаралтай арга хэмжээ аваасай. Үгүй бол манай улсад нянгаар бохирлогдсон сүү сүүн бүтээгдэхүүн байхгүй гэдгийг баттайхан шиг хэлээд өгөөсэй.

 

Үйлдвэр хөдөө аж ахуйн мэргэжилтэн МХЕГ-руу илгээсэн бичигээ очсон байх хэмээн найдаж суухын оронд утас цохиод бичиг илгээлээ яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэдгийг сануулчихгүй дээ гэх бодол төрсөнийг нуух юун. Уг нь бол яаралтай арга хэмжээг яаралтай бичиг илгээж, араас нь утас цохиод ч түргэвчилж болох л юм шиг санагдах юм.

 

Шинэ Зелландын Фонтерра үйлдвэр нь бүтэн болон тосгүй сүүний хуурай сүүн бүтээгдэхүүн нь дээрх бактерийн нянгаар бохирдоогүй талаар өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байдаг. Гэвч Фонтеррагийн ерөнхийлөгч 2012 оны 5 сард үйлдвэрлэсэн 38 тонн шар сүүний уургийн хуурай бэлдмэл нь ботулизм бактериар бохирдсон байснаас 18 тонныг Австралид ашиглан хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэн, бусад хэсгийг нэр бүхий 8 компанид худалдсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Эдгээр компаний гурав нь хүнсний, хоёр нь исгэлтийн үйлдвэрийн, гурав нь малын тэжээлийн үйлдвэр бөгөөд бохирдолтой түүхий эдийг хүүхдийн тэжээл, тамирчдад зориулсан уургийн бэлмэл, малын тэжээлийн үйлдвэрт ашигласан байна.

 

2012 онд манай улс 24.9 сая ам. Дооларын сүү, сүүн бүтээгдэхүүн импортолсон байна. Үүнээс 17.5 сая ам. Долларын 4.7 мянган тонн хуурай сүү, 5.0 мянган ам. Долларын 2.3 тонн хатаасан шар сүү, 2.7 сая ам. Долларын 388.5 тонн жижиглэн худалдаалах зориулалтаар савласан хүүхдийн хоол тэжээл импортлосон байна.

 

Ямартай ч хөдөө аж ахуйн яамнаас болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхлээд байгаа боловч тэр нь үр дүн муутай байгаа нь илт. Мэдээж хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмээ авч, ямарваа бараа бүтээгдэхүүний эсрдлийн үнэлгээг яаралтай хийж, богино хугацаанд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад буй. Гэвч шуурхай биш, “тайван” арга хэмжээ явагдаад байх шиг. Тиймээс цаашид хүн ардынхаа эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд санаа чилээж, шуурхай арга хэмжээ авч, болзошгүй эрсдээс улс орноо, ард түмнээ хамгаалах нөхцлийг бүрдүүлэх нь зөв болов уу. Үүнд холбогдох албаны хүмүүс анхаарна биз ээ.

 

Нэмж хэлэхэд “Ботулизм” нь хүний мэдрэлийн системд нөлөөлж, булчин саажуулан, улсаар амьсгал боосноор хүний эрүүл мэндэд асар муу нөлөө үзүүлдэг, үхлийн тохиолдол өндөртэй өвчлөл. Clostridium Botulinum нянгаар бохирдсон хүнсийг хэрэглэснээс хойш 18-36 цагийн дараа нүд бүрэлзэх, хэл яриа гацах, залгих боломжгүй байх, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг байна.

 

Ямартай ч хүний эрүүл мэндэд маш хортой, амь насыг нь заналхийлж буй уг нянгийн бохирдлыг байгаа бүтээгдэхүүнээс нь илрүүлж, хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй болоод байна. Ганц нэг нь сандарч, нөгөө хэсэг нь хордтол нь амар амгалан суух нь зохисгүй биз ээ.

 

Н.Чинзориг