УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулах, намын жагсаалтаар суга цойлон гарч ирдэг эрхмүүдийг халах уу, сонгогчиддоо нэр дэвшигчийг хэрхэн таниулж, сурталчлах вэ гэх зарчмын чухал асуудал хойш шидэгдэж, саналыг тоолох маргаан улс төрд илүүрхэж байна. Тэр дундаа санал тоолох автомат хар машин ирэх сонгуулийн өмнө од бас ад болж байгаа нь гайхалтай.

 

Уг нь энэ парламентын 76 гишүүний дийлэнх буюу 58 нь санал тоолох хар машины буянаар төрд түшээгээр сонгогдсон. Тиймээс ирэх сонгуульд намаасаа мандат авч нэр дэвшвэл санал тоолох үед хар машинд мөргөж, сөгдөх сүсэглэхээр улс.

 

Харин сонгуульд бүдэрч, парламентаас гадна үлдсэн эрхмүүдийн гомдол одоо ч тайлагдаагүй байгааг өнгөрсөн баасан гаригийн МАН-ын жагсаалын өнгөнөөс харж болохоор. Намаасаа мандат өвөрлөн сонгуульд нэр дэвшээд 100 гаруйхан саналаар өрсөлдөгчдөө өвдөг шороодсон нэг эрхэм санал тоолох автомат, амьгүй хар машиныг буруутган, төв талбай дээр, олны өмнө шатааж хорсол гомдлоо тайлаад авна лээ. Хэрвээ хар машин амьтай байсан бол сонгуульд өвдөг шороодсон эрхмүүдийн гомдол хөвөрч аль хэдийнэ “Монгол Улсыг...” уншуулсаан.

 

Эрх баригч АН-аас бусад улс төрийн 21 хүчинд нүд үзүүрлэгдээд байгаа хар машин итгэх болохгүй эд үү.

 

АН-ын бүлэг СЕХ-той хамтран санал тоолох “хэрүүлийн алим” дэгдээгээд байгаа санал тоолох автомат машиныг хэвлэлийнхэнд нээлттэй туршиж үзүүлэв. Сэтгүүлчдэд саналын хуудасны маягт тарааж, санал өгүүлэн, автомат машинаар тоолуулж, газар дээр нь дүнг танилцуулах туршилт амжилттай явагдлаа. Санал хураалт явуулах туршилтад оролцсон хэвлэлийнхэн саналын хуудас дээр МАН-ын нэр дэвшигчийг эсвээс хэд хэдэн санал дугуйлж “дүрсгүйтлээ”. Энэ бүхнийг санал тоолох автомат машин үнэн зөвөөр гаргаж, МАН-ын нэр дэвшигчид өгсөн санал тэргүүлж, хүчингүй хуудас ч гарлаа.

 

Энэ үеэр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “2012 оны УИХ-ын болон орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн гэсэн гурван сонгуулиар бид сонгогчдын саналыг хар машинаар тоолсон. Гурван удаагийн сонуулиар энэ автомат машиныг ашигласан. Санал хураалт тоолох үед ямар нэг зөрүү гараагүй. Сая та нараар санал хураалт явуулахад файл л өгөөгүй. Жинхэнэ сонгууль явагдахад нийт 1.3 сая сонгогчийн саналын хуудасны файлыг нэр дэвшигчдэд үнэгүй тараана. Нийт нам, нэр дэвшигчдэд 3.6 сая саналын хуудасны зураг багтаасан файл өгнө. Хэрвээ саналын хуудас, тоолсон тооллого хоёроос зөрүү гарвал СЕХ-нд гомдол гаргаж болно. Энэ хар машиныг яаж ч шалгасан шалгалтад унахгүй гэдгийг онцоллоо.

 

Санал тоолох автомат хар машиныг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгээр туршилтад оруулан шалгуулсан ч шалгалтыг амжилттай давжээ. Харин парламентад суудалгүй улс төрийн хүчнүүд автомат машинаар санал тоолох ажиллагааг СЕХ-д очиж танилцаж, туршиж үзэх боломжтой аж.

 

Харин МАН-ынхан “хар машины иж бүрдэл дутуу байна. Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавилаа. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын "Dominion Voting Systems" компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн. Хүнээр ярих юм бол толгойгүй биетэй танилцаад яах билээ, санал тооллогын энэ машины удирддаг толгой нь хамтдаа байж л иж бүрдэл болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр тодорхой болж байна. Монгол бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь харамсалтай байна. Сонгуулийг зохион байгуулдаг байгууллага нь ийм байр суурьтай байхад бид саналын дүнг хар машинаас гадна гараар давхар тоолох, хяналтын тооллого хийх шаардлагаасаа ухрахгүй” гэсэн хариу мэдэгдэл хийсэн юм.

 

Сонгогчдын саналыг автомат машинаас гадна гараар баталгаажуулан тоолохыг МАН-ынхан эрх баригчдаас шаардсан. Харин АН-ын бүлгийн хуралдаанаар МАН-ын шаардлагыг хүлээж авч Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзжээ.

 

Ийнхүү МАН-ынхан сонгогчдын саналын хуудсыг гараар баталгаажуулан тоолуулах ёстой гэсэн байр сууринаасаа ухрахгүй гэдгээ мэдэгдэн гэдийж, “шаардлагыг хүлээж авах боломжгүй” эрх баригч хүчин АН ч нуруугаа харуулсан улс төрийн халуун өдрүүд үргэлжлэх нь.

 

Н.Энхбат

www.shuud.mn