3000 морь уралдуулаад 3000 хүүхэд зовоох гэж байхад нөгөө хүүхдийн төлөө газар, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд яагаад амаа үдүүлсэн мэт таг сууна вэ?

Энэхүү уралдаанд хэдэн хүүхэд бэртэж, гэмтэх бол доо. Гурав, дөрвөн зуун морь уралдахад хүүхэд унаж амь насаа алдаад байхад гурван мянган морь уралдахад хүүхэд байтугай морьд хүртэл тэсэхгүй аймшигтай үзэгдэл болно. Үүнийг тэгээд Дэлхийн Гиннесийн байгууллага бүртгэж авна гэж үү.

Морин спорт, уяачдын холбоо нэртэй шунал хүсэлдээ автсан хэдэн баячуудын дур хүслийг хангахын төлөө адгуус, хүүхэд хоёрыг зовоож байх ч гэж дээ. Үүнийг зохион байгуулж байгаа М.Энхболд гэгч нөхөр бол өөрөө Төв аймгаас уяачдын хүчээр гарч ирдэг хүн шүү дээ. Тиймээс тэр уяачдын төлөө юуг ч хийж мэдэх лоббинд нь орсон нөхөр. Энэ хүний нүглийг хэмжвэл нэлээн дээгүүр байр эзлэх хүн дээ. Бүхэл бүтэн нэг улсын нийслэлийг зараад идчихсэн нүгэлтэн хүн шүү дээ.

Гиннест л бүртгүүлчихвэл бүх юм сайхан болоод л дэлхий дахин монголчуудыг таньж мэдчихнэ гэж худал тархи угаасан хүмүүс олширч байна. Өмнө жил 6000 нүцгэн эрчүүдээ барилдуулж байсан бол энэ жил 3000 мянган хүүхэд, адгуус хоёрыг зовоож байна. Магадгүй ирэх жил 6000 мянган шалдан хүүхний жагсаал хийж гиннест бүртгүүлэх юм байна л даа.

Хийж байгаа ажлуудыг нь хараад байхад манай нөхдүүд ч магадгүй шүү. 10 000 морьтны жагсаал бас зохион байгуулна гэж байгаа юм аа. Ийм тэнэг юмыг хүн төрөлхтөн хараад монголчуудын тэнэгийг гайхаж, элгээ хөштөл инээх л байх даа. Энэ бүхнийг зөвшөөрч байгаа Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Цэдэвдамбын Оюунгэрэл Жефрей гэгч юу бодож байгаа бол доо. Ийм юмаар дэлхийд монголыг сурталчилна гэж ер нь юу байсан юм бэ? Нөгөө яриад байсан шинэчлэл гэгч нь энэ үү.

Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд нар яагаад энэ бүхнийг зогсоохгүй алга ташин дэмжинэ вэ? Тэдэнд монгол хүүхдийн амь чухал биш биз дээ. Яагаад гэвэл тэдний хүүхэд морьноос унаж, насан туршдаа тахир дутуу болоогүй бас тэдний хүүхдүүд морьноос унаж амь насаа алдаагүй. Үхэр монголчууд зугаа цэнгэлдээ автан мансууран байж байх нь магадгүй тэдний гол бодлого биз.

Энэ улс оронд эрүүл сэтгэлгээтэй, улс орон, ард түмнээ бодсон хүмүүс байна уу. Улс орныг бүрхсэн тэнэглэл, солиорлуудыг таслан зогсооё. Хэтэрч байна гэхэд ч багадхаар дэндүү их солиорлууд үргэлжилж байна. Хүүхдийн амиар гиннест бүртгүүлдэг монголоос өөр улс дэлхийд лав байхгүй.

Хүүхдийн болон амьтны эрх зөрчсөн үйлдлийг гиннест бүртгэж авах юм бол энэ байгууллагыг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй. Үүний төлөө ажиллах цаг нь болсон. Энэ төр засаг монгол хүнийг төлөө юм хийдэггүй юм бол энэхүү байгууллагыг олон улсын шүүхэд өгөх л ганц гарц байна.