Хурандаагийн эхнэрийн дүүг өмгөөлөхөөр ирээд амиа алджээ
2013/08/07
Завхан аймагт гарсан хүн амины хэргийг “Eagle.mn” цахим хуудсын сэтгүүлчид газар дээрээс нь сурвалжлан хүргэж байгаа. Бид эхний сурвалжлагаараа Засаг даргын дэргэдэх Цэргийн хэлтсийн дарга асан, хурандаа Н.Буянжаргалыг яагаад хүний аминд хүрэх болов, Н.Буянжаргал гэгч хэн болох, хэрэг хаана, хэрхэн үйлдэгдсэн талаар мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр уг хэргийн талаар Завхан аймгийн холбогдох албаныхнаас тодрууллаа.
Бид эхлээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсон юм. Учир нь, өмгөөлөгч Норовын Болорчулууныг хурандаа Н.Буянжаргалд зодуулсандаа бус элэгний хатууралтай байсан учраас амиа алдсан гэх мэдээлэл гараад буй. Тиймээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ерөнхий эмч Н.Үржинхандаас хохирогчийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авсан юм.
Н.Үржинханд: Гэмтэл авсан байж болзошгүй
-Талийгаач Н.Болорчулуун танай эмнэлэгт өнгөрөгч баасан гарагт хүргэгдэн ирэхдээ биеийн байдал хэр байсан бэ. Бэртэл гэмтэл авсан зүйл байв уу?
-Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь эцсийн шийдвэр гараагүй байна. Гэмтэл авсан байж болзошгүй тохиолдлоор манай эмнэлэгт хүргэгдэн ирж, яаралтай эмчилгээнд орсон. Хэдийгээр түүнд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлсэн ч үүрээр нас барсан.
-Талийгаачийг элэгний хатууралтай байснаас амиа алдсан гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Талийгаачийг эмнэлэгт хүргэгдэж ирэхэд тухайн өдөр ажилласан жижүүр эмч, сувилагч нар юу болсон талаар асуухад юм яриагүй гэсэн. Тэгээд нас барсных нь дараа ар гэрийнхнээс нь асуухад элэгний хатууралтай байсан гэж хэлсэн байна лээ.
-Шинжилгээний эцсийн хариу хэзээ гарах вэ?
-Шинжилгээний хариу гарах болоогүй. Шүүхийн шинжилгээний албанаас хариу ирсний дараа тодорхой болно. Шүүхийн шинжилгээний алба бол тусдаа бие даасан байгууллага. Зөвхөн энэ тохиолдолд ч биш гадны нөлөөтэй байж болзошгүй нас баралтын шалтгааныг олох үүрэг бүхий бие даасан байгууллага. Тодруулбал, өвчний онош тогтоох, нас барсан шалтгаан тогтооно гэсэн үг. Эндээс шинжилгээгээ төв рүү илгээж, төвөөс хариу ирсний дараа л түүний амиа алдсан шалтгаан тодорхой болно.
Г.Базардарь: Шинжилгээний хариу гарсны дараа амиа алдсан шалтгаан тодорхой болно
Талийгаачийн талаар Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Г.Базардариас тодруулахад “Өмгөөлөгчийн мэдээллийг өчигдөр шуудангаар Улаанбаатар хотын Шүүх шинжилгээний алба руу явуулсан. Хотоос хариу ирсний дараа талийгаачийн нас барсан шалтгаан тодорхой болно. Хот руу явах хугацаа, хотын Шүүх шинжилгээний албаны дараалал хэр байхав, буцаж ирэх гээд хугацаа шаардана. 14 хоногийн дараа юм уу, сарын дараа шинжилгээний хариу гарна” гэх тайлбарыг өгсөн юм.
Юутай ч талийгаач шөнийн гурван цагийн үед эмнэлэгт хүргэгдэж, үүрээр 06.30 цагийн үед амиа алдсан юм байна. Эмчийн хэлж буйгаар, талийгаач гэмтсэн байж болзошгүй гэх тайлбарыг өгч байгаа юм. Ингээд хэргийн талаар Завхан аймгийн цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны байцаагч Ж.Баярмаагаас дараахи тодруулгыг авлаа.
Ж.Баярмаа: Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн
-Хурандаа Н.Буянжаргал өмгөөлөгчийн аминд хүрсэн гэх мэдээллийн талаар тодруулахгүй юу?
-Энэ сарын 2-3-нд шилжих шөнө манай цагдаагийн байгууллагад “Уран байгаль” хэмээх зочид буудалд байрлаж байсан өмгөөлөгчийг зодож, камерийн бичлэгийг нь устгана хэмээн сүрдүүллээ гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, сэжигтэн Б-г Цагдан хорих байранд саатуулаад байна.
-Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар бусдын амь насыг санаатай хохироох гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Тус зүйл ангид гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг гэлээ.
Холбогдох байгууллагуудаас ийм тайлбар өглөө. Юутай ч хурандаа Н.Буянжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Хэдийгээр түүнийг камерийн бичлэгт талийгаач Н.Болорчулууныг нэг цохьсон нь бичигдэн үлдсэн гэж байсан ч өөр эх сурвалжийн мэдээлснээр элэг рүү нь өшиглөсөн гэлээ. Тиймээс элэгний хатууралтай байсан Н.Болорчулуун амиа алдсан гэсэн хардлага ч байгаа юм байна.
Өмгөөлөгч Н.Болорчулуунтай буудалд байсан хурандаагийн эхнэр Д гэгч хэн бэ?
Хурандаа Н.Буянжаргалын эхнэр Д аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогчоор ажилладаг. Хурандаа Н.Буянжаргал түүний гуравдахь нөхөр аж. Тэд ганц хүүхэдтэй бөгөөд өдгөө хоёрдугаар ангид сурдаг юм байна. Д нь Н.Буянжаргалаас 10 гаруй насны зөрүүтэй бөгөөд эхнэрээ байнга хардаж, зовоодог байсан талаар танилууд нь хэлж байсан юм. Хурандаа Н.Буянжаргалыг Говь-Алтай аймагт цэргийн даргаар ажиллаж байхад нь тэд танилцаж гэр бүл болсон аж. Мөн Д нь тус аймгийн “Хаан банк”-нд теллерээр ажиллаж байсан юм билээ.. Теллер хийж байхдаа мөнгө завшсан хэргээр Говь-Алтай аймгийн шүүхээр шийтгүүлж байсныг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тухайн үед түүний хэргийг тэнсэн харгалзах болгон өөрчилж байсан юм байна. Түүнчлэн Д нь нөхрийгөө араар нь хуурч байгаад хэд хэдэн удаа гардуулж байжээ. Энэ талаар нутгийн иргэд “Д нутагтаа зартай хүүхэн. Нөхрөө хуурч байгаад хэд хэдэн удаа баригдаж байсан. Өөрөөсөө дүү залуустай хүртэл явалдаж байгаад баригдсан. Тэгээд л нөхөр нь эхнэрээ ч явалдсан залуучуудыг нь ч зоддог. Ямар сайндаа л бид энэ хурандаа энэ хүүхнээсээ болж хүний аминд хүрнэ шүү гэж яриж байхав. Гэтэл бидний яриа яг муу юм зөгнөсөн мэт өнөөдөр хүн амины хэрэгтэн болчихлоо. Энэ бүхэнд эхнэр нь буруутай. Уг нь хурандаа төлөв, даруу зантай хүн байсан. Гэвч эхнэрийнхээ энэ байдлаас болж сүүлийн үед байнга архи дарс ууж, эрүүлжүүлэхэд ордог болсон” гэсэн юм.
Зочин · 2013/08/09
tanah yoron saita haadoo oligtoi heregtei medeelel uuch alga
bujin · 2013/08/08
gemt hereg hiisen humuusiig bichne l biz. ter nylh huuhdiig iim yuman deer durddag n yaj bgaan bol???? tolgoi n olgoi bolson setguulch.