Шинжилгээний хариу засдаг эмчийн хэрэг юу болов
2013/08/07
ЭМЯ, томоохон эмнэлгүүд түүний удирдах албан тушаалтнуудтай холбоотой чих халууцуулсан бусармаг явдлын талаар өмнө нь бид мэдээлж байсан.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүчингийн хэрэгт сэжигтнээр татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Л.Батмөнхийг ялаас мултлахыг оролдсон Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэгт холбогдох хэргийн талаар сөхөж байсан юм. Түүний хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан хэрхэн шийдвэрлэсэн талаар нэхэн сурвалжилж байна.
Их эмч Л.Баярцэцэг нь өөрийн төрсөн ах болох хүчингийн хэргийн сэжигтэн Л.Батмөнх гэгчийг эрүүл байхад нь элэгний хүнд өвчтэй болгон оношийг нь өөрчилж, ялаас мултлахаар чармайж байсан нь цагдаагийнхны хараанаас мултраагүй. Харамсалтай нь уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаад царцааж орхив.
Хэргийн талаар баримт сөхье. Одоогоос жилийн өмнө буюу 2012 оны оны эхээр Цагдан хорих 461 дүгээр ангиас таван сэжигтэн Шастины нэрэмжид гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэдний дотор их эмч Л.Баярцэцэгийн төрсөн ах Л.Батмөнх элэгний хүнд өвчтэй гэсэн оноштэй тус эмнэлэгт ирж хэвтсэн байх юм.
Улмаар биохимийн эмч Ш.Өнөржаргал нөгөөх өвчтөнд шинжилгээ хийхэд цоо эрүүл гарсан байна. Өөрөөр хэлбэл, элэгний хүнд өвчтэй хэзээ мөдгүй тэнгэрт халих дөхсөн Л.Батмөнхийн шинжилгээний хариу хэд хэдэн удаа эрүүл гарсанд Ш.Өнөржаргал эмч гайхширч хоцорчээ. Улмаар уг хэргийн учрыг олохоор асуудлыг нэлээд нухацтай авч үзсэн байна.
Тус эмнэлгийн бүх шинжилгээ цахим программ хангамжид суурилсан хөндлөнгийн хүн гар хүрэх аргагүй цаасгүй технологиор явагддаг тул цахим архиваас өмнөх шинжилгээний хариуг үзэх, хэний зөвшөөрлөөр хэзээ ямар шинжилгээ хийж хадгалсан нь тов тодорхой байдаг тул эргүүлж нягтлахад тийм ч төвөгтөй бус байв.
Тухайлбал, Ш.Өнөржаргал эмч сэжигтэн Л.Батмөнхийн мэдээллүүдийг эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” програм хангамжийн лабораторийн архивт бүртгэгдсэнийг инженерийн тусламжтай шалгаж үзжээ. Шалгах явцад дээрх этгээдийн өнгөрөгч 2011 оны есдүгээр сарын 14-нд хийсэн элэгний шинжилгээний баталгаажуулсан үзүүлэлтүүдийг 2012 оны арваннэгдүгээр сарын01-ний өдөр буюу жилийн дараа их эмч А.Баярзаяа өмнөх шинжилгээний хариуг өөрчлөн хэт ихэсгэж засварласан нь тодорхой байв.
Үүнээс улбаалаад лабораторийн программ хангамжийн архивын цахим протоколд энэхүү шинжилгээг хэн гэдэг лаборант хийснийг шалгахад мэдээлэл олдоогүй аж. Тиймээс сэжигтэн Л.Батмөнхийн шинжилгээг ямар нэг цус шинжлэлгүйгээр хариуг хуурамчаар бичсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл их эмч Л.Баярцэцэг албан тушаалаа урвуулан ашиглаж төрсөн дүүгээ ялаас мултлахыг оролдсон нь хөдөлшгүй баримтаар гарч ирсэн байгаа юм.
Баримт1: Улсын Гуравдугаар төв эмнэлгийн “Цахим эмнэлэг-eHospital” программ хангамжид 26985 дугаартай бүртгэгдсэн Лхамжавын Батмөнхийн үйлчлүүлэгчийн дэвтрийг үзвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 01-ны өдөр зөвлөх поликлиник эмчийн бүртгэлийн эрхээр, CITO(яаралтай)горимоор шинжилгээнд Л.Баярцэцэг(Л.Батмөнхийн төрсөн дүү) илгээснийг цахим бүртгэгч Бя.Ариунзаяа 2012-11-01-ний өдөр шинжилгээ хийхээр бүртгэжээ. Харин шинжилгээг лабораторийн их эмч А.Баярзаяа 2012-10-31өдөр хийсэн мэтээр харагдаж байна.
Зочин · 2013/08/08
neg bol ah neg bol dvv gd