Кино урлагийн шилдгийг шалгаруулах "Академи авардс-2015" маргааш болно
2015/06/06
Монголын үндэсний кино урлагийн академиас Монголын киног дэлхийн түвшинд хүргэх зорилготой зохион байгуулагддаг академийн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 7-нд болох гэж байна. Энэ удаагийн наадам шинээр нээлтээ хийж буй Шангри Ла зочид буудалд зохион байгуулагдана.
Монголын үндэсний кино урлагийн академи нь дотооддоо кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлүүдийг гаргах мөн киногоор дамжуулан үндэсний онцлог, соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор 2008 онд үүсэн байгуулагдсан юм. Тэгвэл тус академиас жил бүр зохион байгуулагдсаар ирсэн академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг 4 жил дарааллан зохион байгуулсаар ирсэн байна.
Наадмын номинациудаас дурдвал шилдэг кино, шилдэг эрэгтэй дүр, шилдэг эрэгтэй туслах дүр, шилдэг эмэгтэй дүр, шилдэг эмэгтэй туслах дүр, шилдэг найруулагч, шилдэг зураглаач, шилдэг зураач зэрэг 18 номинаци багтсан байна.
5 дахь удаагийн Монголын үндэсний академийн дээд шагнал гардуулах ёслолд кино урлагийг анхлан сонирхогчид болоод кино урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүхий л уран бүтээлчид оролцох боломжтой. 2014 оны 6-р сарын 10-ны өдрөөс 2015 оны 6-р сарын 1-ний хооронд нээлтээ хийсэн монголын киноны бүх уран бүтээлчид оролцох боломжтой. Энэ жил нийт 43 кино нээлтээ хийсэн байна.
Академийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нь Улаан хивсний ёслол, Коктеэл буюу хүлээн авалтын ажиллагаа, Шагнал гардуулах ёслол, After party гэсэн дараалалтайгаар зохион байгуулагдах юм байна.