“Аав нар гомдолдоггүй болохоор л тэдэнд шүүдрийн дуслаар цай чанаад өгөх хүү байдаггүй юм. Аавын дотор алаг хорвоо бүхлээрээ багтдаг болохоор амьтны өөрийн ялгаагүй бүгд хүү нь байдаг болохоор тэд мөнхийн усаар цай чануулах үр нэхэж амьдардаггүй юм. Аавын нүднээс гомдлын нулимс дуусдаггүй юм. Хараал идсэн амьдралд харуусах зүйл бишгүй байдгийг мэддэг болохоор хаттай төмөр шиг ханхайн байдаг юм…”. Энэ бол аавдаа хайртай хүн бүрийн хэлэх дуртай үг биз ээ. Юуны учир аав гэх энэ эрхэм хүнийг онцлоод байгаа вэ гэвэл Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2015” дээд шагнал гардуулах ёслол ням гарагийн үдэш болж, “Аав” киноны уран бүтээлчид авардсын эздээр тодорсон юм.

Тус академиас жил бүр зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2015” дээд шагнал гардуулах тав дахь удаагийн ёслол хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Шангри Ла-Улаанбаатар зочид буудлын хүндэтгэлийн танхимд өнгөрсөн ням гарагт болсон юм. Энэ удаагийн кино наадам Монголын кино урлагийн 80 жилийн түүхэн ойтой давхцан тохиож байгаатай холбогдуулан “Mongolian Academy awards-2015” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааг 20 дугаар зууны шилдэг кинонуудыг дэлгэцнээ амилуулж, УДБЭТ-ын оркестр киноны хөгжмийг эгшиглүүлсэн юм. Ингээд ёслолын ажиллагааг нээж, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяр үг хэлсэн. Тэрбээр “Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards” дээд шагнал гардуулах ёслолыг зохион байгуулаад багагүй хугацааг үджээ. Энэ уралдаан хэн нь түрүүлж, хэн нь хоцорч байгааг шалгаруулдаг өчүүхэн зорилготой биш юм. Харин Монголын кино урлаг хэрхэн хөгжиж байгаагийн хэмжээс, хөгжлийн шинэ шатанд хүргэх нэгэн хэмжүүр болох ёстой гэж бид үзэж байна. Ур ухаан уралдсан, урагшаа хол алхсан наадам байх болтугай.

Та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан ивээг” хэмээсэн. “Mongolian Academy awards-2015” дээд шагнал гардуулах ёслол албан ёсоор эхэлж, шагналын салхийг хагалах хамгийн эхний номинацийн эзнийг “Mongolian Academy awards”-ын “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн, Монголоос анхлан Холливудад мөрөө гаргасан жүжигчин, МУСТА Б.Амарсайхан тодруулсан. Түүний тодруулсан эхний номинаци бол “Шилдэг дебют кино” байв. Энэхүү номинацид дөрвөн уран бүтээл өрсөлдөж, “U Film” студийн хоёр дахь уран бүтээл, МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн найруулсан анхны бүтээл “Тютю” кино хүртсэн юм. Ийнхүү “Mongolian Academy awards”-ын шилдгүүд тодорсоор, “Шилдэг баримтат кино” номинацид МУСГЗ сэтгүүлч, найруулагч Г.Золжаргалын “Тавилан” бүтээл шалгарсан бол “Богино хэмжээний кино” номинацид жүжигчин У.Пүрэвжав “Уулын эзэн” киногоороо шалгарлаа. Тэрбээр “Ууланд өнгөрүүлсэн 20 хоног маань үр дүнгээ харууллаа. Энд манай киноны бүх уран бүтээлчид хүрэлцэн ирсэн. Ганцхан гол дүрийн жүжигчин ирвэс маань ууландаа үлдсэн” хэмээн хошигноод амжсан юм. Дараагийн номинацийн эзэн бол “Шилдэг дууны найруулагч” Б.Баярхүү “Ар хударга” киногоороо шалгарсан. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа үргэлжилсээр “Шилдэг дуу”-ны шагналыг “Аюултай харилцаа” киноны дуугаар дуучин Э.Агиймаа, “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор “Амьдрал нулимсанд дургүй” киноны хөгжмийн зохиолч Б.Одбаяр, “Шилдэг дүрсний эффект” шагналыг “Хүүхэлдэй” киногоор графикч Ч.Түвшинтөгс, “Шилдэг эвлүүлэгч”-ийн шагналыг “Учрал” киноны эвлүүлэгч Д.Төгсбаяр, “Шилдэг зураглаач”-аар “Аав” киноны зураглаач О.Базаррагчаа, “Шилдэг хөрөнгө оруулагч” буюу “Шилдэг продюссер”-ээр “Сүүлчийн шөнө” киноны продюссер “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан нар шалгарсан юм. Харин тус наадмын хамгийн хүндтэй шагнал буюу “Шилдэг туслах эрэгтэй дүр”-ийн шагналыг “Ээж ээ надтай гэрлээч” киноны туслах дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Б.Баттөмөр хүртсэн бол “Шилдэг туслах эмэгтэй дүр”-ийн шагналыг “Хүдэн” киноны туслах дүрийг бүтээсэн ахмад жүжигчин А.Цэгмэд хүртсэн нь нүдээ олсон шагнал байлаа хэмээн “Mongolian Academy awards-2015” наадмын үзэгчид дуу нэгтэй хэлж байсан юм. Ахмад жүжигчин А.Цэгмэд баярлаж догдлохдоо баярын нулимс унагасан ч “Энэ нулимас баярынх учраас залгих ёстой, сэтгэл догдлохоор хэлэх үгээ хүртэл мартдаг юм байна.

Би хэзээ ч тайзан дээр байхдаа ингэж сандарч байгаагүй. 1965 онд урлаг гэдэг энэ агуу ертөнцөд хөл тавьснаас хойш 50 жилийн дараа ийм том шагнал авч байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд би дараа жилийн кино наадамд олз омогтой ирнэ гэдгээ амлаж байна. Та бүхэнд нэг баяртай мэдээ дуулгахад гуравхан хоногийн өмнө Холливудын “Марко Поло” кинонд тэнцсэн гэсэн мэдээ ирлээ. Хэдхэн хоногийн дараа би та бүхнийгээ орхиод олон хоногоор тэр кинонд дэм болохоор явах нь ээ. Баярлалаа та бүхэндээ” хэмээн баярын нулимстай сэтгэлийн үгээ хуваалцсан юм. Шилдгүүдийг тодруулах ажиллагаа үргэлжилж, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн эздийг тодруулах мөч ирлээ. “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн номинацид “Аюултай харилцаа” киноны гол дүр Э.Мөнхтөр, “Ар хударга” киноны гол дүр Г.Эрдэнэбилэг, “Аав” киноны гол дүр Ц.Цэрэнболд, аавын залуугийн дүрд тоглосон Б.Шинэбаяр, “Тютю” киноны гол дүр О.Гэрэлсүх, “Донор” киноны гол дүр П.Баатар, “Үндэсний баялаг” киноны гол дүр А.Алтанхуяг зэрэг өнөө цагийн чадварлаг жүжигчид нэр дэвшсэний дотроос “Аав” киноны гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Ц.Цэрэнболд шалгарсан юм. Харин “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн номинацид “Аюылтай харилцаа” киноны гол дүр Г.Отгонцэцэг, “Ар хударга” киноны гол дүр О.Долгор, “Сүүл­чийн шөнө” киноны гол дүр Н.Баяр­маа, “Аав” киноны гол дүр Б.Мөнхдэлгэр, “Тютю” киноны гол дүр М.Цэрэн­долгор, “Учрал” киноны гол дүр О.Дөлгөөн, “Хүүхэлдэй” киноны гол дүр Н.Мөнхсоёл, “Ээж ээ надтай гэрлээч” киноны гол дүр Ч.Ундрал нар нэр дэвшиж, “Ар хударга” кино­ны эмэгтэй гол дүрийг бүтээ­сэн жүжигчин О.Долгор энэ­хүү номинацийн эзнээр тодор­сон юм. Үүний дараа сайн кино сайн зохиолоос төрдөг хэмээн шагналын эзнийг тодруулах эрхэм үүргийг хүлээсэн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинням хэлээд “Шилдэг кино зохиол” номинацийн эзнийг тодруулж, “Аав” киноны зохиолч М.Энхдалайд шагналыг нь гардуулсан юм. Тэгвэл сайн кино зохиолыг сайн найруулагч түмний хүртээл болгодог учраас “Шилдэг найруулагч”-ийн шагнал “Mongolian Academy awards-2015”-ын хүндтэй шагналд зүй ёсоор орох биз ээ. Энэхүү шагналын эзнээр “Аав” киноны ерөнхий найруулагч Г.Эрдэнэбилэг хүртсэн юм.

УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг АНУ-д аялан тоглолтоор явсан учраас “Аав” киноны уран бүтээлчид түүний шагналыг хүлээн авсан. “Mongolian Academy awards-2015” шагнал гардуулах ёслолын хамгийн сэтгэл догдлом мөч ирж, “Шилдгийн шилдэг бүтээл” шалгарсан. Энэ бол “Black Zebra” студийн хамт олон, МУСТА, жүжигчин Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл “Аав” уран сайхны кино байлаа. Тус киноны дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, залуу жүжигчин Б.Шинэ­баяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон юм. Харин дууг нь дуучин С.Наран жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтран дуулж, олны хүртээл болгосон билээ.

Охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг, эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулахыг зорьсон, уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээл “Шилдгийн шилдэг бүтээл”-ээр тодорч, таван сая төгрөгийн эзэн болсон юм. Ийнхүү хүн бүхний сэтгэлийг догдлуулж, баяр хөөрөөр бялхуулж чадсан Монголын үндэсний кино урлагийн академийн “Mongolian Academy awards-2015” наадам амжилттай болж өндөрлөлөө. Ирэх жилийн өдийд илүү олон бүтээлтэйгээр эргэн уулзах биз ээ.