Х.Ермек нарын хар тамхичдийн шүүх хурал дахин хойшиллоо
2015/12/19
2014 оны 3-р сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж улмаар энэ оны 4-р сарын 13-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн 2-р шүүх буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял авсан байдаг.
Тодруулбал, Шүүгдэгч Х.Ермекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 11 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 6 сар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Явуухуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-т зааснаар 10 жил 6 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Э.Агарыг 6 сар баривчлах ялаар, И.Гомбо-очирыг 6 сар баривчлах ялаар, Б.Энхболдыг 6 сар баривчлах ялаар, Э.Уянгыг 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэсэн байдаг.
Улмаар давж заалдсан бөгөөд хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Анхан шатны шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал 2015-12-01-ны өдөр Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон боловч өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан гэдэг шалтгаанаар 2015-12-18-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.
Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Э.Уянга, И.Гомбо-Очир, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 188.3 буюу Галт зэвсэг байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол улсын хилээр нэвтрүүлэх, Эрүгийн хуулийн 192 буюу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан гэх үндэслэлээр тэдэнд яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тэдний энэ үйлдэл нь давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн болохыг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.
Харин гэм буруутай эсэхийг энэ сарын 18-ны өдөр шүүх шийдэх байсан ч хурал хойшилов. Улмаар шүүх хурлыг 2016 оны 01-р сарын 11-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа