Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ олон жилийн судалгааны үндсэн дээр монголчуудын өрхийн амжиргааны түвшинг тогтоох аргыг гаргаж авлаа хэмээн сүржин мэдэгдэж, УИХ-аар батлуулах гэж хэдэн өдөр явсныг ард иргэд мартаагүй байх.

Улмаар Монгол Улсын нийт айл өрхийг 1-20 хүртэлх түвшинд хуваасан уг судалгааныхаа дагуу буюу 1-17 дугаар түвшний өрхийн хүүхдүүдэд ирэх сарын 1-ээс 20 мянган төгрөгийг олгож эхлэхээр болоод буй.

Тэгвэл, уг судалгаа бодит амьдралд нийцээгүй, ерөнхий шугамаар хүүхдүүдийг авч үзэн, хүүхдийн тэтгэмжээс хасагдахад хүргээд байна. Тодруулбал, ихэнх айл өрхүүдийн амжиргааны түвшин 18-р түвшинг давж, хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрч байгаа талаар иргэд гомдоллож эхэллээ.

Учир нь 2013 онд явагдсан ямар учиртай нь мэдэгдэхгүй дээрх судалгаанд хамрагдахдаа иргэд төдийлөн ач холбогдол өгөөгүй, худал бөглөсөн эсвэл том хүн байхгүй байхад гэрт орж ирэн хүүхдүүдээс судалгаа авсан зэрэг үзэгдэл түгээмэл байгаагаас өрхийн амжиргааны түвшин худал гарсан. Түүн дээр нэмэгдээд судалгааны асуултууд амьдрал нийцээгүйгээс иргэдийн амжиргааны түвшинг хэт өндөр, эсвэл хэт багаар үнэлж хүүхдийн мөнгө, цаашлаад банкны зээлэнд хамрагдах боломжгүй болгожээ.

Тухайлбал, амжиргааны түвшин тогтоох дээрх судалгаанд өрхийн гишүүдийн хэдэн төгрөгний цалин авдаг, давхар орлоготой эсэх, зээл төлдөг зэрэг нарийн зүйлүүдийг огт тусгаагүй. Зүгээр л танайх печьтэй юу, лед зурагттай, ажилтай юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юу зэрэг ерөнхий асуултуудыг тусгаж өгснөөр ямар ч орлогтой бай ижил түвшинд үнэлэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна

Улмаар өрхийн гишүүд сард 192 мянган төгрөгний цалин ч авдаг бай, 2 сая төгрөгний цалин ч авдаг бай хүүхдүүд нь сургуульд сурдаг, өөрсдийн гэсэн өмчлөлийн байр эсвэл хашаа байшинтай байхад л өрийн амжиргааны түвшин 17-оос дээш үнэлэгдэх нөхцөл бүрджээ.

Жишээлбэл, хоёр хүүхэдтэй, хүүхдүүд нь сургуульд сурдаг, өөрийнхөө нэр дээр байртай, сард 400 мянган төгрөгний цалинтай өрх толгойлсон эмэгтэйн өрхийн амжиргааны түвшин судалгаагаар 19-р түвшингөөр тодорхойлогдож цаашид хүүхдийн мөнгө авах эрхгүй болж байгаа юм.

Иймд бид дээрх асуудлыг тодруулахаар БЗД-ийн нэрээ нууцлахыг хүссэн халамжийн мэргэжилтэнтэй уулзахад "Бидэнд дээрээс батлагдсан журам ирээгүй байна. Ямартай ч өөрийн гэсэн өмчлөлийн байртай, хүүхдүүд нь сургуульд сурдаг, өөрөө ажил хийдэг бол бараг тэгж үнэлэгдэхээс аргагүй. Гэхдээ нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Харин ...-р хорооны мэргэжилтэн Х-ээс тодруулга авахад “Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, гэрээт ажилчдаар дамжуулан нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан.

Түүнчлэн энэ судалгааг бөглөхөд их амархан. Айлуудаас ороод Статистикийн газраас баталж өгсөн асуултуудын дагуу асуулга тавиад л явчихна. Тэгээд программд оруулж шивэхээр автоматаар оноо нь бодогдоод, өрхийн амжиргааны түвшин хэддүгээрт байна вэ гараад ирдэг юм.

Гэхдээ миний бодлоор, амжиргааг тогтоож байгаа энэ асуулга бол маш явцуу санагддаг. Яг энэ асуулгаар хүний амжиргааг тогтооно гэдэг бол өрөөсгөл. Учир нь асуултууд нь ерөнхий. “Та нийгмийн даатгал төлдөг үү? Ажилтай юу, үгүй юу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа юу? Хүүхдүүд тань сургуульд сурдаг уу? зэрэг. Гэтэл энд өрх яг хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Өр зээлтэй юу, тэр бусад нарийн асуудлыг огт дурдаагүй.

Үүнээс үүдээд тухайн өрхийн ажил хийж байгаа иргэн сард 192 мянган төгрөгний цалинтай байна уу 2 сая төгрөгний цалинтай байна уу, хүүхдээ хэдэн саяын үнэтэй сургуульд сургаж байна уу, гурван ээлжээр давхар хичээллэдэг улсын сургуульд сургаж байна уу? Чанарын хувьд яг адилхан түвшинд гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл танайд насанд хүрсэн хүмүүс их, бага цалинтай нь хамаагүй ажил хийдэг, мөн танайд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхгүй, ямар ч байсан өөрсдийн нэр дээр орон байр, хашаа байшин, зурагт хөргөгчтэй л байвал 17-оос дээш амжиргааны түвшингөөр тодорхойлогдоно. Тиймээс иргэд өрхийн амжиргааны гол эх үүсвэр болсон хүүхдийн мөнгөнөөсөө хасагдчихгүйн тулд танилаасаа

бөндгөр зурагт гуйх, печь, хивсээ нуух, судалгаа авахаар ирсэн ажилтныг хахуульдах зэрэг болчимгүй үйлдэл их гаргаж байгаа” гэв.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn