270 мянган долларын үнэтэй Т-Батаарын ясыг Монголд буцааж өгнө
2015/12/20
Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-д хууль бусаар худалдаалагдах гэж байсан тиранозавр батаарын ясыг АНУ-ын хууль хяналтын байгууллагынхан хураан авч, Монголд буцаан өгснөөр манайх Үлэг гүрвэлийн музей шинээр нээж, нэлээн дуулиантай үйл явдал болж байсан. Тухайн үед нэг сая ам.долларын үнэ хүрнэ гэлцэж байсан Т-батаарын бүтэн яснаас гадна зөвхөн Монголын говиос л олддог палеонтологийн маш ховор олдворуудыг АНУ-аас Монголд хүлээлгэн өгсөн билээ.
Тэгвэл АНУ-ын хилийн дээс давсан Монголын палеонтологийн олдворууд үүгээр дууссангүй. Өөр нэг тиранозавр батаарын яс АНУ-д хууль бус эзэмшилд байсныг тус улсын Хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, одоо манай улсад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Тус улсын хууль зүйн яамны өнгөрсөн лхагва гарагт гаргасан мэдэгдлээр бол 2007 онд Нью-Йоркт дуудлага худалдаагаар 230 мянган ам.доллараар зарагдсан Т-батаарын ясыг Монгол Улсын өмч болохыг тогтоож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байгаа гэнэ.
Өмнө нь хууль бусаар хил давсан Монголын палеонтологийн олдворуудыг буцаан олгох ажлыг удирдан зохион байгуулж байсан Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Прит Брара болон Нью-Йоркийн дотоодын аюулгүй байдал, хил цагаачлалын албаны аижлтнууд энэ хэрэг дээр ажиллаж байгаа юм байна.
Тиранозавр батаар нь Монголын говь, Нэмэгтийн сав газраас л ганцхан олдож байсан гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. 70 сая жилийн настай энэ ясыг дэлхийн өөр хаанаас ч олдож байгаагүй гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан нь 2013 онд Т-батаарын бүтэн ясыг эх оронд нь буцаах шийдвэр гарахад томоохон түлхэц болсон билээ. Мөн манай улс хуулиндаа өөрийн газар нутгаас олдсон эртний динозаврын яс, бүх олдвор улсын өмч гэдгийг зааж, Монгол Улсын зөвшөөрөлгүйгээр хил давуулахыг хориглосон нь энэ мэтчилэн хууль бусаар хил давсан палеонтологийн олдворуудыг эргүүлэн авахад том хөшүүрэг болж байгаа юм. АНУ-ын хууль хяналтын байгууллага ч Монгол Улсын хуулийг үндэслэл болгон Т-батаарын ясыг эргүүлэн өгөхөөр ажиллаж байгаа аж.
Америкийн хэвлэлүүдэд гарсан мэдээллээр бол одоо манайд эргүүлэн өгөх гэж буй Т-батаарын гавлын ясыг 2006 оны зургадугаар сард АНУ-д тээвэрлэн оруулж ирээд, 2007 оны гуравдугаар сард дуудлагаар худалдаалахад нэрээ нууцалсан нэгэн 276 мянган ам.долларын үнэ хэлж авч байжээ.
Эх сурвалж: Guardian
Б.Сэвжидмаа