Сайханбилэгтнүүдэд хагас жилийг хагас зуун жил болтол ажиллах боломж байна
2015/12/23
АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд... нарын улстөрчдийг муу хэлж, гутаан доромжилж, элдвээр баалах нь өнөөдөр газар авч байна. Ер нь бол эрчимжиж байна.
Хэдхэн өдрийн өмнө Оюу толгойг хөдөлгөж чадсаных нь төлөө уг нь тэдэнд баярлалаа гэж хэлэх ёстой санагдана. Манайхны нэг муухай зан бол ажил хийсэн, ажил хийе гэсэн бүгдийг ингэдэг, элдвээр хэлэх үгс нь аман дээр нь бэлэн байцгаадаг. Тэр нь л болж байна.
Дээрх эрхмүүдийн улс төрд явж ирсэн замнал, мэдлэг туршлага бол гарцаа байхгүй энэ улсыг удирдах хэмжээний уураг тархи мөн. АН-ын оюун санаа болсон хүмүүсийн хэсэг мөн. Өрсөлдөгч намуудад нь эдний үеийнхэн бас уураг тархи нь болж яваа. Үе насны өрсөлдөгчид өсөрхүү байна гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ тэдэн рүү хандсан дайралт бүхэн үеийнх нь өрсөлдөгчдөөс гарч байгаа нь хэнд ч харагдаж байна. Удахгүй шинэ он гарлаа. Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэж одоо байхгүй байх. Тийм болохоор Сайханбилэгтнүүд хийх юмаа хий. Айх эргэлзэх зүйл байхгүй болсон. Огцорно гэсэн болгоомжлол байдаг бол наадах чинь илүү зан. Сая та нар уул уурхайн эсрэг популизмын оргил үед Оюутолгойг хөдөлгөж чадлаа. Энэ бол та нарын ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяа. Нэгэнт гэрээ байгуулаад хөдөлсөн гадаадын хөрөнгө оруулалттай ийм том төсөл одоо Олон улсын гэрээ конвенциор явна, Олон улсын хамгаалалтад орлоо гэсэн үг. Ингэж баталгаажсан том төсөл дор хаяж 50 жил үргэлжилнэ. Тийм болохоор өнөөдрөөс эхлээд популистууд яаж ч орилоод Мэнэнгийн талд хашгирахтай адил. Ер нь бол Ерөнхий сайд гэдэг хүн гарын үсэг зурах эрх олгодог л албан тушаалтан. Монголын эдийн засгийн өнөөдрийн онцгой онцлог бол нэг шөнийн дотор сэргэж, аль эсвэл нэг шөнийн дотор унах тийм эдийн засаг. Үүгээрээ бусад орноос ялгаатай. Ийм эдийн засагтай улсын Ерөнхий сайд эх орноо хагас жил битгий хэл хагас сарын дотор сэв хийтэл сэргээх боломжтой. Оюутолгойн далд уурхайн төсөлд зарцуулагдахаар байршсан 4.4 тэрбум ам.долларын нэг тэрбум нь ороод ирэхэд л манай эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Өнөөдөр Монголд л мөнгө ховор байна гэж байгаагаас бус дэлхийгээр дүүрэн хийх ажлаа хүлээсэн мөнгө хэвтэж байна. Дэлхийд 1200 орчим банк, санхүүгийн байгууллага, сангуудад тоолж багцаалшгүй их хэмжээний мөнгө байна. Жишээ нь Арабын ертөнцийн хамгийн баян Абу Дабигийн санд гэхэд дунджаар найман триллион ам.доллар хийх ажилгүй хэвтэж байна шүү дээ. Хүү нь 0.8 хувь. Ийм сангуудыг олноор дурдаж болно. Зүгээр дашрамд сонирхуулахад ийм их хэмжээний мөнгө дэлхийд хийх ажил нь олдохгүй болохоор зарим нь бүр аргаа бараад одоо энэ дэлхийг сүйрүүлэх шахаж буй Исламын улс бүлэглэл мэтийн бохир бизнес рүү оруулаад гаргах жишээтэй. Гэтэл Монгол Улсад хийх ажил нь хэмжээлшгүй их байдаг. Нэг л их гадны хөрөнгө оруулалт ярьсан хүмүүс гүйлдээд байдаг. Ганцхан улс төрийн тогтворгүй байдал нь бүгдэд садаа. Япон мэтийн барууны орнуудын төв банкны бодлогын хүү 1-3 хувь байгаа. Манайх бол 13 хувь. Манайх тэднээс хүзүүгээр татсан их мөнгө авч болно. Өгөх сонирхол ч маш их бий. Бас л болохгүй байгаа нь манайд компани-улс төрийн засаглал хоёр нь ялгагдахаа байчихсан байдал. Ийм л нөхцөл байдал дунд байна.
Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ганцхан хууль л УИХ-аар батлуулахад энэ их мөнгийг татаж болно. Тэр хуульдаа хамгийн хурдан мөнгө татаж болох таван том төслөө тусгах, удаад нь Засгийн газар нь баталгаа гаргаж өгөх, гуравдугаарт нь Олон улсын гэрээ хэлцлийг үг дуугүй даган мөрдөхөө батлуулах. Энэ нь нэг үгээр ОУ-ын бизнесийн ёс зүй, дэг жаягийг үг дуугүй дагахаа хуулиар баталгаажуулж авна гэсэн үг. Энэ хуулийг батлуулсны маргаашаас нь “эх орончид” түүнийг урвагчаар нь, эрлийз хурлийзаар нь дуудах нь тодорхой. Том хүний үйлдэл тухайн үедээ зөв харагдахгүй байх тохиолдол олонтой. Цаг хугацаа үнэнийг нь ойрхон хэлээд өгчихдөг. Тэгэхээр сайханбилэгтнүүд Тавантолгойгоо хөдөлгө, жижиг хэдүй ч Гацууртын ордыг хүчээр хөдөлгө. Популистууд Гацууртыг амь насаараа хамгаална гээд зогсоосон. Одоо яав, нинжа нарын хоол болоод дууслаа. Дээр нь Эгийн голын төсөл, Шинэ төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн парк, Тавдугаар цахилгаан станц... гэх мэтчилэн цөөнгүй станц, уул уурхайн төслүүд хүлээлт бий болгоод байна. Хятадын эрчим хүчний хэрэгцээ ойрын таван жилд хоёр дахин өснө. Энэ нь дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэгцээ. Монгол Улс Шивээ-Овоогийн станц, Тавдугаар цахилгаан станц хоёроо ашиглалтад оруулаад эрчим хүч үйлдвэрлэж урд хөршид экспортлоход өнөөдөр 30 доллараар өгч байгаа нүүрсээ 150 долларт хүргэнэ. Ингэж чадвал Та бүхэн хагас жилийг хагас зуун жил болгосонтой адил гайхамшигтай үйл хэргийн эзэд болно. Яагаад гэвэл үр өгөөж нь дэндүү их. Монгол Улсыг диваажин болголоо гэсэн үг. Сүүлийн 20 жилд Монголын ард түмэнд ганц сайн гавьяа байгуулсан хүн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр. Түүний Оюутолгойг хөдөлгөсөн зоримог алхам ам.долларыг 1300 төгрөгт хичнээн жил барив. Хэрэв С.Баяр Оюутолгойг хөдөлгөөгүй бол бид өлсөөд, доллар тэнгэрт гараад дуусах байлаа. Эсвэл Хятадын сая цэрэг говьд орж ирээд өнөө “Толгой”-нуудыг чинь олны хүчээр хүрздээд дуусгах байлаа. Эсвэл оросууд төмөр замаар бүгдийг зөөх байлаа. Яг Мардайн ураныг зөөсөн шигээ. Соц нийгэмд монголчууд Мардай гэж ураны асар том баялгаа мэдэж байсан юм уу. Оросууд тэрүүхэн тэнд нь тусгай улс бий болгож аваад, төмөр зам тавиад, тэгээд л өдөр шөнөгүй зөөж байсныг. Яг л түүн шиг Оюутолгойд оросууд ажиллагаа явуулах байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ хоёр хөршийг дагавал монголчууд юу болдгийг мэднэ. Мөнгөтэй орнууд манай төмөр замд олон сая доллар оруулъя гэсэн. Оросууд тэр их мөнгөнд саад хийсэн. Тэр байтугай Оросын Төмөр замын нийгэмлэгийн дарга В.И.Якунин “Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг юм” гэж хэлээд зогсоосон шүү дээ.
Болж өнгөрсөн хийгээд одоо өрнөж буй үйл явц юу хэлээд байдаг гэхээр ерөөсөө барууны хөрөнгө оруулалтыг бид чөлөөтэй татах, оруулах, ашиглахыг хэлж байгаа юм. Үүнд бидэнд хэн ч саад хийх эрхгүй. Сайханбилэгтнүүд та бүхнээс бие даасан улсын, биеэ даасан удирдагчийн эдийн засгийн болон, улс төрийн зоримог алхам хийхийг ард түмэн хүсч, харж, шаардаж байна. Энэ бүгдийг хийж чадаад огцорсон ч сайханбилэгтнүүдэд ашигтай. Ард түмэн өөрсөндөө сайн юм хийсэн улстөрчийг мартдаггүй. Үргэлж сайнаар дурсдаг. Сайнаар дурсана гэдэг та бүхэн түүх болсон хэрэг биш. Харинчиг хол юм шиг хэрнээ маргааш нь шахуу хатираад ирдэг сонгуулиар ард түмэн та бүгдийг алга ташин хүлээж авна гэсэн сайхан хэрэг юм
Зочин · 2015/12/24
Ийм гэрээг та зевшеерехгуй байхад сайханбилэг алга ташаад гуйгээд бна гэж бод доо та
Зочин · 2015/12/24
Нийт борлуултын орлогын 5/ нь монголд татвар аар улдэж байгаа нь дэндуу бага юм да.энгийн ойлголтоор бол би хороололд хувьчилж авсан хашаатай туун дээрээ 1 хунтэй гэрээ хийгээд гэр бариад турээслэе турээс нь сарын турээс 100 мянга тэр хун би херенгее оруулж гэр барисан тул 95 мянгыг авна чамд 5 мянга байхад л болно гэвэл та зевшеер уу.таны газарт гэрийн буурь ухна
Зочин · 2015/12/23
Элдэв хангай зүйл донгосч байж дайн гаргахгахгүй л юмсан. Жиб машин унчихаад амьдрал хүнд. өдрөөс өдөрт дордож байна гэх хуцаачид бол дайны галыг дуудаж байгаагаагаас ялгаа нь үгүй.
Д.Базаррагчаа · 2015/12/23
Би ахмад хүний хувьд өөр бодолтой байна Манай ахмадууд их сонин юм ярьж урьд үеэ л санагалзаж одоогийн эрс шийдэмгий бодлогыг шүүмжлэх дуртай юм Ер нь айгаад юу ч хийхгүй алдаа гаргачих вий, байр сууриа л алдчихгүй юмсан гэж бодоод явсаар байгаад цаг их алдлаа шүү дээ Энэ засгийн газар бидэнд юу өгөв гэдгийг бодох л хэрэгтэй Бидний ажилласан жилийг нөхөн олгож өглөө,/ 10-11 жилийг/ Хамтын тэтгэврийн хуулийг гаргаж өглөө Иргэдээ сайхан амьрах нөхцлийг бүрдүүлэх гэж гэр хорооллынхныг дахин төлөвлөлтөд оруулж байна Аймгуудыг засмал замаар холбож дуусах дөхөж байна Шинэ нисэхийн ажлыг эхэллээ Дулааны станц ашиглалтанд орууллаа Цементийн үйлдвэрүүд ажилд орлоо Цахимаар газар өмчлүүлж байна Урьд энэ бүгдийг хийж болох л байсан Мөнгөгүй байсан ч хийе бүтээе гэвэл болдог юм байна гэдгийг харууллаа Одоо улс төржөөд байх хэрэг алга Сайханбилэг Эдийн засаг гэж гарч ирээд 1 толгойг хөдөлгөж ард түмнээ ажилтай болголоо шүү дээ
Зочин · 2015/12/23
энэ сайханбилэг юу шалих вэ? баярцогтын утсан хүүхэлдэй.
zochin · 2015/12/23
hooson chalchigch heden hvvhed hugshidiin munguur togloj suugaagaas uur yu hiij bgaa ym chadahgvi baij amerkiig dagaj daldaganaad
Ахмад уурхайчин · 2015/12/23
Сайханбилэг Ерөнхий сайд бол залуу хүний эрч хүч дүүрэн сйн ажиллахыг зорьж яваа залуу улс төрч. Ёстой Жингийн цуваа явж л байна. Жингэр нохой хуцаж л байг гэдэг шиг Оюу толгойг хөдөлгөж чадлаа. Энэ бол том амжилт. Тавантолгой ч хөдөлгөнө. Ингэж л байж эдийн засг өөдөлж, олон хүн ажилтай амьдралтай, сэтгэл хангалуун болно. Маш сайн ажиллаж байгаа залуу улс төрчөө ард түмэн бүгд дэмжижгээе. УИХ Засгийн газрын ажилруу хошуу дүрдэгээ зогсоо. Та нарт хийх ажил их бий.
шаабар · 2015/12/23
Үнэн бол сайхан л сонсогдож байна. Мань мэтийн ахмадуудад бол хүртээлгүй л дээ. Гэхдээ яахав ач гуч маань тэр сайхан ирээдүйг үзэх байлгүй дээ. Тэртээ тэргүй одоо засгаа бужигнуулаад хэрэг ч үгүй ашиг ч үгүй болчихлоо. Дээр доргүй сонгууль хүлээж байна. Иргэдийн хувьд энэ авилгачдаас салж байвал хэнийг ч хамаагүй гишүүн болгоно гэж л бодож суух шив дээ.
Зочин · 2015/12/23
нараа · 2015/12/23
тэр үнэн шүү амжилт . зоригтой бай