Гадаадын хортой сүү уухаар дотоодын шивтэртэй сүүгээ уувал яасан юм
2013/08/09
Саяхан ҮХААЯ-ны мэргэжилтнүүд балчир үрсээ хүүхдийн тэжээлээр хооллодог аав, ээжүүдийг айлгаж орхив. Шинэ Зеландын "Фронтерра" гэдэг компанийн хатаасан хуурай сүүнээс хүнийг ердөө 18-36 -хан цагийн дотор нөгөө ертөнц рүү илгээх хөнөөлтэй ботулизм гэгч бактери илэрсэн нь яамныхныг түргэн авахуулж, хэвлэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл цацахад хүргэсэн хэрэг.
Учир нь энэ компанийн хуурай сүүгээр хийсэн хүүхдийн тэжээл болоод бас бус сүү, сүүн бүтээгдэхүүн манай улсад орж ирдэг гэнэ.
Дараахан нь мэргэжлийн хяналтаас манайд тэр хортой хуурай сүүгээр нь хийсэн бүтээгдэхүүн орж ирээгүй байна гэж тайвшруулснаа "Гэхдээ хувиараа гаднаас авчирсан хүн байж магадгүй. Тэрийг бол мэдэхгүй байна" гэж мэдэгдээд хэрэглэгчдийг мөн л айдастай үлдээв. Импортоор авч байгаа хуурай сүүний 92 хувь нь Шинэ Зеланд, Орос, Солонгос улсууд эзэлдэг гэх статистик бий. Тэр дундаа Шинэ Зеландаас орж ирж буй сүү жин дардаг гэсэн. Ганц манайх ч биш, дэлхий даяараа "Фронтерра"-г хэрэглэдэг. Хөгжил өндөр улсын сайн гэж байгаа компани нь ийм алдаа гаргачихаар импортоор орж ирж буй өнгөлөг чамин сав баглаатай сүү, сүүн бүтээгдэхүүнд итгэхэд хэцүү болчихож байгаа юм.
"Фронтерра"-г хэрэгт унагасан нөгөө айхтар ботулизм нь хүнсний ус дамжуулах хоолойд нь илэрсэн гэж байгаа. Аль 12 дугаар сард ийм бактеритай хуурай сүү гаргачихаад дөнгөж саяхан долдугаар сард мэдсэн гэсэн мэдээлэл олон хэрэглэгчийг толгой сэгсрэхэд хүргэсэн. Уг нь дэлхийд нэр хүндтэй том компани ийм алдаа гаргаж болохгүй. Дээхэн үед дэлхий нийтээрээ Хятадын меламинтай сүү хэрэглээд бөөн юм болсон. Ингээд яриад байвал олон юм бий. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйтай, тал дүүрэн үхэр, хонь, ямаан сүрэгтэй монголчууд импортын сүү сүүн бүтээгдэхүүний талаар ийм мэдээ сонсоод айгаад сууж байх шаардлагагүй л байгаа юм. Шуудхан хэлэхэд ганц хуурай сүү ч биш сүүгээр хийсэн юуг ч гаднаас авахаа байчихад асуудал шийдэгдчихнэ.
Учир нь бид нийт сүүнийхээ ердөө аравхан хувийг л боловсруулж хэрэглэдэг улс. Өмнөх нийгмийн үед хорь гаруй хувийг нь боловсруулж хэрэглээд орос сүү, хятад иогурт, герман бяслаг хэрэглэхгүй болоод л байсан. Ойрын хугацаандаа 20, урт хугацаандаа сүүнийхээ 40 хувийг боловсруулах боломжтой гэсэн судалгаа байдаг юм билээ. Уг нь сүү манай улсын стратегийн дөрвөн хүнсний нэг. Тэр утгаар нь жаахан анхаарчихад л босоод ирэх салбар. Төр мөнгө өгөх албагүй, зүгээр л бага хүүтэй, урт хугацаатай зээлээр хангачихад нэгэнт хөл дээрээ тогтсон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд энэ салбарыг цаашаагаа өлхөн аваад явчихна.
Манай улс жилд 403 сая литр сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хотынхон 163 сая литрийг нь хэрэглэдэг. Жилдээ 600 сая литр сүүний нөөцтэй улсын хувьд энэ дайны хэрэглээ бол тэгтлээ дааж давшгүй хэмжээ биш. Боловсруулдаг хэмжээгээ нэмэхэд л шийдэгдэх асуудал. Дэмжээд өгвөл сүүгээр бүтээгдэхүүн хийдэг 90 гаруй үйлдвэр, цех, 20 орчим жижиг дунд үйлдвэр "хийе, бүтээе" гээд л зогсч байна, цаана чинь.
Дахиад статистик сөхье. Бид өнөөдөр шингэн сүүгээ гэхэд зуун хувь Оросоос авч байна. Мал аж ахуйтай Монгол Улс хойд хөршөөсөө жилд 6000 тн шингэн сүү, 400 тн тараг, 100 тн цөцгийн тос авдаг гэхээр ямар сонсогдож байна. Сүүний бараг 80 хувь нь зун л гардаг болохоор бусдаас авахаас аргагүй гэсэн тайлбар байдаг л даа. Гэхдээ бид технологийн эрин зуунд амьдарч байгаа. Саалийн зэлэн дээрээс гарсан сүүг боловсруулж хатаагаад хуурай сүү болгож жилийн турш хэрэглэх боломж бэлээхэн байж байна. Хуурай сүүний үйлдвэр манайд байдаг гэж дуулдсан. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хоногт 30 тонн сүү хүлээн авч хуурай сүү боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн гэж сонсогдсон. Ажил болсон байж ч магадгүй. Бас Оросоос ирдэг сүү шиг тетрапак савлагаатай болгоод хадгалчихаж болно. Тетрапак савлагаатай сүүг хагас жил хүртэл хадгалж болдог. Сааль сүү татраагүй есдүгээр сард сүүгээ ингээд савлачихад дараа хавартайгаа өлхөн залгачихна. Тэгээд л хаврын ногоо цухуйж, нялх төлийн дуу цангинах дөхчихнө. Хийсэн хуурай сүүгээ шингэлээд тетрапак савлагаанд хийгээд хэрэглэсэн ч болно. Ингээд яриад байвал түмэн боломж байна.
Тэгээд зуны саруудад ориг сүүгээ хэрэглэчихнэ. Зун саалийн зэлнээс шинэ сүүг хэрэглэгчдэд хүргэхэд үйлдвэрлэгчдэд газар дээр нь хөргөх, хадгалах боломж байдаггүй гэсэн зовлон сонсогддог байсан. Гэхдээ одоо үйлдвэрүүд энэ асуудлаа шийддэг болсон байна лээ. "Сүү", "Гум" зэрэг томчууд бол аль хэдийнэ энэ асуудлаа шийдсэн. Саяхан л гэхэд "Монфрэш" Төв аймгийн нэг суманд сүү хөргөх цех байгуулсан гэж дуулдсан. Цаашдаа ч жижиг, дунд олон үйлдвэр энэ дайны асуудлаа шийдчих бололцооны болох байх. Тэгэхээр зундаа бол импортын сүүг таг мартах боломж яг одоо бүрдчихсэн байна.
Бас нэг таатай мэдээ байна. Сүүлийн үед манайхан сүүний чиглэлийн үхрүүдийг нэлээд оруулж ирдэг болж. Лав л 2006 оноос хойш тасралтгүй огцом өссөн графиктай яваа юм билээ. Манайх нэг үнээнээсээ жилд 3000 орчим литр сүү авдаг нь саалийн ферм хөгжсөн орнуудаас дөрөв дахин бага тоо гэж ярьдаг. Гэтэл жилд 10 гаруй мянган литр сүү өгдөг тэр мундаг амьтдыг "Гачуурт"-аас эхлээд оруулаад ирчихсэн байна лээ. Хот тойроод фермерийн ийм аж ахуйнууд хөгжчихвөл шинэ сүү, элгэн тараг энэ тэр бол наад захын хэрэглээ болох боломж харагдаад байгаа юм.
Тэгэхээр ботулизмтай хуурай сүү, меламинтай сүү уучих вий гэсэн айдастайгаар хүний нутагт үйлдвэрлэсэн ямар нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнд мөнгөө үрэх ямар хэрэг байна. Ерөөсөө өнөөдрөөс л импортын элдэв чамин шошготой сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаж авахаа байчихъя. Хагас сарын дараанаас импортын сүүний урсгал татраад ирнэ. Дотоодын үйлдвэрүүдээ дэмжээд бүтээгдэхүүнийг нь аваад ирэхээр тэд маань ч томорно.
Монголыг зорьж ирдэг жуулчдын нэлээд хэсэг нь таана амтагдсан мах идэхийг хүсдэг гэсэн. Байгальд идээшилж, бэлчээрлэдэг малын мах хашаанд хорьж, элдэв бэлдмэл, тэжээлээр бордуулсан махнаас огт өөр амттай байх нь аргагүй. Эрүүл ахуй талаа жаахан анхаарч, үйлдвэрлэлээ хөгжүүлчихвэл монгол малын мах дэлхийд брэнд болно гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрдөг. Яг үүнтэй адил задгай талд дураараа бэлчээрлэж өссөн малын сүүг дэлхийн улс орнууд булаалдаад л авна. Хамгийн гол нь тэдний стандартад хүрсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил л бидэнд байгаа. Өөрсдөө хэрэглээд илүүг нь экспортлох боломж ч сүүнд байна.
Саалийн зэлэн дээр хар өглөөгүүр өөвлөн зогсоо хэдэн бор хүүхнүүдээ дэмжих сайхан боломж юм биш үү энэ хортой сүү гэх дуулиан. Цагаан идээг хүнээс хэрэглээд байх, царай алдаад байх зүйл харин ч нэг биш билээ. Үүнд ердөө бидний сэтгэлгээ л дутаад байгаа юм. Хэдэн түмэн үеэрээ хэрэглээд хийгээд сурчихсан сүү цагаагаа борлуулах нь монголчуудын харин ч нэг мэдэх ажлын нэг. Харин тэр талаар нэг тарчихсан сүүг бөөгнүүлж цуглуулах ажлыг л зохион байгуулах хэрэгтэй.
Бидний малаас биднийг устгачих ямар ч өвчин гарч байгаагүй. Яахав сүүлийн үед гаднаас ирсэн хонь гэх зэрэг малаас бруцеллёз өвчин гардаг л даа. Гэхдээ үүнийг буцалгаад хэрэглэчихэд л болчихдог зүйл шүү дээ. Цагаан идээг монголчууд хэзээнээс ариун цэвэр хэрэглээд сурчихсан байдаг. Үүний тод илрэл нь "цагаан идээнд бузар оруулбал нүгэл болно" хэмээн үеэс үед сургасаар ирсэн. Сүүгээ саахаар гарч байгаа, ааруул тараг бүрж байгаа ямар ч эзэгтэй гараа угааж байдгийг бид бүгд мэднэ.
Ийм байхад гадаадаас хуурай сүү авч ирэн сүү тараг үйлдвэрлэж байгаа нь үнэндээ бидэнд "гялгардаад" байна. Энэ бол зүгээр л ашиг хонжоо хайсан хүмүүсийн л үйлдвэрлэл болчихсон. Өөрсдөө хийж болох юмыг амар ашиг хоёрыг харсан хүмүүс гаднаас зөөж ирдэгийг болиулах хэрэгтэй. Ингэхдээ захиргааны аргаар биш татвар түрээсийг нь өндөрсгөх зэрэг зах зээлийн аргаар нь зохицуулбал болох мэт. Харин малчдаасаа сүүг нь цуглуулан авч ирж байгаа түүнийгээ борлуулж тараг сүү хийж байгаа байгууллагуудыг мөн зах зээлээр нь урамшуулж дэмжих хэрэгтэй юм.
Дотоодын сүү үнэтэй болж зарагдаж эхэлбэл ард түмний тэрэн дундаа малчдын амжиргаанд шийдвэрлэх нөлөө болно. Дээр нь малчид ажил хийдэг болно. Өглөө эрт босож сүү цагаандаа гарч, тугал үнээгээ хариулахаас эхлээд ажил мундахгүй. Өдөр болгон архи ууж ногоороод байх нь багасна. Ажилтай орлоготой болоод эхэлсэн ард түмэн хариуцлагатай болж эхлэх юм. Яахав манай сүү шивтэртэй л байгаа биз. Тэр нь яваандаа арилчихна. Шивтэртэй сүү уугаад үхсэн хүн л лав гарахгүй байх.
Хэдэн малчид маань энэ боломжийг ашиглаад "туулаар гараагүй, гүүрээр гарсан" гээд л сүүгээ зөөгөөд шогшоод байдаг хэрэг ээ. Ямар сураагүй юм биш. Төв аймгийнхны нэг хэллэг байдаг даа. "Шанага нь тав шавхруу нь гурав аа " гэж. Энэ юу гэсэн үг вэ гэдгийг та мэдэх үү. Жинхэнэ ориг сүү нь таван цаас, хулхи сүү нь гурван цаас гэсэн үг шүү дээ.
Ц.БААСАНСҮРЭН
Зочин · 2013/08/11
Чи өөрөө насаараа наад шивтэртэй сүүгээ ууж өссөн биздээ Ядаад аятайхан зүйрлэл олж болсонгүй юу
Зочин · 2013/08/11
Энэ сайтны сэтгүүлч нь нийтлэлдээ буруу нэр өгчөөд шал өөр юм бичсэн байхыг бодоход тодорхой байна
Зочин · 2013/08/11
tegeed yag yamar markiin suu n hortoi yum be todorhoi bicheechee
Гака · 2013/08/10
Сэрдамба өөрийг чинь ойлгосонгүй, шивтэр биш хор сонгох гэж үү аан, цэвэр сүү+шивтэр+тослог=оригналь гэж бгаа, монгол мал+монгол нутаг=цэвэр гээд бгаа юм бишүү дээ, уучлаарай тэгээд таны санал болгох бүтээгдэхүүн юу бна аа гээд хариу
Зочин · 2013/08/10
Мэдээний сайт байж наад үгээ бодож бичихэд яадаг **********ууд вэ? Шивтэртэй ч гэх шиг ******аад байгаарай