НОБГ-аас пиротехникийн хяналт шалгалтыг эрчимжүүллээ
2015/12/25
Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд дээрхи байгууллагуудын холбогдох албан тушаалтан нар хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газрууд, нийтийн эзэмшлийн зам, талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдан борлуулж буй иргэд, мөн хүлээн авалт, баярын арга хэмжээг тэмдэглэж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Шалгалтаар нийт 68 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 235 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 15, мэдэгдэл 41-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллалаа.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 4 субъектыг 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна
- Шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх.
- Баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг худалдан авахгүй байх, хэрэглэж ашиглахгүй байх, иргэдэд худалдан борлуулахгүй байх.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан борлуулахыг хориглосон тул иргэдийн гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101, 102 дугаар утсанд мэдэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтарч ажиллах.
- Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.