Шоу зохиож, хууль санаачилъя
2013/08/11
Сүүлийн үед бороо хуртай өдрүүд үргэлжлэх болж. Улаанбаатарын гудамж талбай усанд автаж, автомашинууд замын голд түгжрэл үүсгэн зогсох нь элбэг. Тэгж байтал сэлүүхэн талбай ч их харагдана.
Түүгээр нь жолооч нар автома-шиныхаа хурд хүчийг сорин, явган зорчигдод ид хаваа гайхуулан явах нь сайхан. Ингэж хэлэхийн учир нь автозам дээр тогтсон шалбаагтай холбоотой. Жил бүр зам засварын ажил хийдэг ч энд тэнд яаж ийж байгаад борооны ус тогтчих нүх гарчихдаг нь гоё. Тэр хавиар нь явган зорчигч явж таарвал машиныхаа хурдыг нэмж, жигтэйхэн баатарлагаар шавхай цацан явдаг нь бүр гайхамшигтай. Хаашаа харж байгааг нь мэдэхийн аргагүйгээр тас хар шил зүүж, “Лексус 470” унаж яваа залуу ус тогтсон нүх, явган зорчигч харахаараа жигтэйхэн баярлаж, хурдална. За тэгж байтал хээнцэр хувцасласан залуухан бүсгүй замын хажуугаар алхаж явааг харсан жолооч нар мөнөөх шавхайн дээгүүр мөн л хурдтайгаар туучна. Бага байхад усны гутал өмсчихөөд хаана шавхай, шалбааг байна, түүнийг олж хараад гүйж очин дотор нь орж дэвхцдэг байсан. Тэгээд томчууд яагаад ингэдэггүй юм бол гэж гайхдаг байв. Харин арай учир мэддэг болсон хойноо “Багачууд яагаад шалбааг хайдаг юм бол” гэж гайхшрах болсон. Тэгвэл одоо явган зорчигчид “Жолооч нар яагаад шалбааг харахаараа баярладаг юм бол” гэж гайхаж явна. Харин жолооч нар “Алхаж байгаа хүмүүс яагаад уурладаг вэ” гэж толгойгоо маажих нь энүүхэнд. Ямартай ч энэ муу борооноос болж жолооч нар болон явган зорчигчдын хооронд зөрчил, маргаан их гарах болсон юм.
Тэр ч байтугай машингүй хүмүүс нь “Шалбаагаар норгосон жолооч нарын машиных нь араас чулуу шидэхийг зөвшөөрсөн хуулийн төсөл санаачилъя” хэмээн санал гомдол гаргах төлөвтэй байна. Харин жолооч нар тэднээс шал өөр зүйл бодож байгаа. Тэд яваандаа үүнтэй холбоотойгоор “Хэн явган хүмүүсийг сайн норгох вэ” уралдаан зарлаж, “Шалбааг 2” шоуг хэдэн жил дамнан зохион байгуулъя хэмээн хөөрцөглөж байна. Тэгэхээр бороо хур ихэссэн зуны өдрүүдэд энэ мэтийн асуудлыг зохицуулах хууль эрх зүйн зохицуулалтаас гадна телевизийн реалити шоу мэтийн зүйл дутагдаж байх шиг. УИХ-ын гишүүд болон шоу менежерүүд хийх ажилтай л байгаа юм байна.
Т.Элиса
Зочин · 2013/08/12
цацдаг нэг нь байхад тойроод гардаг нэг нь бас байна ш дээ. хадаас асгана гэнэ үү ингэж хамаагүй туйлширч болохгүй л дэ хө. тэр замаар чинь хүний амь нас хариуцсан хүмүүс бас явдаг юм ш дэ.
Зочин · 2013/08/12
***lbaag dotor hadaas asgachih heregtei