Цахим сэтгүүлзүй эрчимтэй хөгжиж буй өнөө цагт хүмүүс мэдээллийг ихэвчлэн интернетээс авах болсон. Өглөө бүр хувийн фейсбүүк хуудастаа нэвтрэхэд арай ч дээ хэмээн итгэж үл чадах мэдээллүүд тавигдсан байх юм.

 Хэн нэгнийг хороосон, хүүхдийг хүчирхийлсэн, биеэ үнэлэгчид олширсон тухай гээд л хар бараан мэдээлэл үргэлжилнэ.  

            Эдгээрийн  дотор хамгийн ихээр сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл бол Хөх толбот монгол хүний удам, эрхэмсэг тансаг хатадын үргэлжлэл хацар гоо охид минь биеэ үнэлж байгаа явдал. Тэд өвчтэй эх, үр хүүхдээ тэжээхийн тулд, хөдөөнөөс ирсэн оюутнууд сургалтын төлбөрөө олохын тулд амьдралын эрхээр энэ замыг сонгосон гэх. Гэхдээ энэ бол өөрийгөө өмгөөлөх гэсэн ядмагхан тайлбар шиг л сонсогдоно. Төрүүлсэн охин нь  биеэ үнэлж олсон мөнгөөр өвчтэй эх нь эм авч уухдаа жаргалтай байна гэж үү? Төрүүлсэн ээж нь биеэ үнэлдгийг мэдвэл бяцхан үрсийнх нь сэтгэл ямар их шаналах бол?

Хэдхэн хоногийн өмнө “Даяар Монгол” ТББ-ынхан манай улсад барилга барихаар ирсэн Хятад иргэдэд биеэ үнэлж байсан охидыг илрүүлж, 17 настай охиныг баривчилж үсийг нь хуссан тухай цахим хэвлэлүүд бичиж, мэдээлж байлаа. Уг хөдөлгөөнийхөн эдгээр охидын мууг үзэх гэсэндээ биш тэднийг энэ амьдралаас гараасай, ухаараасай гэсэндээ ийнхүү арга хэмжээг авсан биз.

 Биеэ үнэлэгч охидын хэлснээр: “Хятадуудтай бэлгэвчтэй бол 5000 бэлгэвчгүй бол 6000 төгрөгөөр унтдаг. Нэг оройд барилгаруу ороод 20-30 хятадтай унтдаг хэмээн ярьжээ”. Та бид хэн нь ч ялгаагүй амьдралд цөхөрч, хөл алдах үетэй тулгарна. Тэр бүхэнд арга алга хэмээн өөрийгөө доромжлон  биеэ үнэлэх гэж үү? Эмэгтэй хүн ямар ч нөхцөлд өөрийгөө хүндэтгэж, бие ариун, нэр цэвэр байх ёстой хэмээн боддог. Гэтэл бүсгүй хүн бүр ийм байж чадахгүй байгаа нь хамгийн харамсалтай.    

 Сүүлийн жилүүдэд манай залуус мэдлэг боловсролоо дээшлүүлж, суралцах зорилгоор харийн орныг, тэр дундаа урд хөршийг зорих нь ихэссэн. Гэтэл тус улсад очиж суралцах нэрийн дор цөөнгүй хэсэг нь биеэ үнэлэн, үлддэг тухай Хятадын телевизүүдээр мэдээлэх болжээ. Тэд энэ асуудлын хүрээнд өөрийн улсад нь биеэ үнэлж буй монгол охидыг  эх оронд нь буцаах ажлыг эхлүүлэх болсоноо мэдэгдсэн байна. Ингэхдээ уг арга хэмжээг хүн ам олноор суурьшсан томоохон хот болох Бээжин, Тяньжин зэрэг хотоос эхэлнэ гэдгээ онцолсон байна.  Дэлхийн дайдыг эзэлж явсан талын Монголын үрс ийнхүү харийн оронд эх орноо, өөрийн биеэ доромжилж байгаа нь үнэхээр харамсалтай.

            Охид, эмэгтэйчүүд биеэ үнэлэх байдал  манай улсад хэдийнэ газар авчээ. Тоо баримтаас харвал, өнөөдрийн байдлаар манай улсад 25000 гаруй биеэ үнэлэгчид байдаг аж. Хамгийн харамсалтай нь эдгээр биеэ үнэлэгчдийн 5000 гаруй нь насанд хүрээгүй охид байдаг гэнэ. Нийслэл хотод байх 27000 гаруй охидоос 5000 нь биеэ үнэлдэг гээд бодоход үнэхээр эмзэглэмээр. 

Аз жаргалаар гэрэлтэж явах цэцэг цэврүү шиг нас шүү дээ.  Биеэ үнэлэгч охид, бүсгүйчүүдийн дийлэнх нь Хятад иргэдэд үйлчилдэг болох нь тогтоогджээ.

Нийгэм, олон нийт биеэ үнэлж буй охид бүсгүйчүүдийг “шөнийн эрвээхийнүүд” гээд нэрлэчихэж.  Хүлээн зөвшөөрчихсөн ч юм шиг.

Б..Хорлоо