Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид хэвлэлийн хурал хийх үеэрээ “Э.Бат-Үүл нийслэлийн төсвийн 410 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан” гэж байсан билээ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж, хотын захирагч цагдаагийн хэлтэст гомдол гаргаад байсан. Гэвч Чингэлтэй дүүргийн прокурорын газраас уг хэрэгт эрүү үүсгэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан юм байна. Энэ талаар Э.Бат-Үүл дарга өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ “Прокурорын байгууллага хүртэл МАН-ын талд үйлчилж байна” гэв.

Сүүлийн үед угаас Үүл даргын хийж чадах ажил нь “худлаа” хэмээн мэдээлэл хийх болчихоод байгаа юм. Гэтэл “Э.Бат-Үүлийг Д.Амарбаясгалан гүтгээгүй бөгөөд үнэн юм ярьсан байна” гэдгийг прокурорын байгууллагаас ийнхүү тогтоогоод уг хэрэгт эрүү үүсгэхээс татгалзсан байгаа юм.

Тодруулбал, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 12 гишүүн өнгөрсөн есдүгээр сард олон нийтэд танилцуулсан огцруулах үндэслэлдээ хотын дарга Э.Бат-Үүлийг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг батлуулж, орон сууцжуулах төслийн сонгон шалгаруулалтыг хийхдээ өөрийн хүү Б.Чулуудайн компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт шалгаруулан гэрээ хийж санхүүжилт олгосон. Мөн цэцэрлэгжүүлэлт, нийтийн тээвэр, хогны ногоон уут, найр наадам, авто худалдааны цогцолбор зэрэгт төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан. 410 тэрбум төгрөгөөр "гараа угааж”, хөрөнгө оруулалтын тодорхой, бодитой зүйл хийж чадаагүй гэсэн байдаг.

Ингээд өөрийгөөө гүтгүүлсэн хэмээн шүүхэд хандахад түүнд “гүтгээгүй” гэдэг хариуг прокурорын байгууллага хэлжээ. Уг нь Э.Бат-Үүл "МАН-ын бүлэг намайг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ” хэмээн Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 12 гишүүнд эрүү үүсгүүлэхээр цагдаад хандаад байсан юм. Гэтэл прокуророос “МАН-ынхны ярьсан үнэн байна” гэдэг хариу хэлчихсэн. Тэгэхээр Үүл баатар онц, ноцтой гэмт хэрэг хийсэн нь үнэн болж таарч байгаа юм байна.

Н.Ганаа