Тогны мөнгөө төлөхөд “Торох юмгүй” болжээ
2015/12/28
Хэн нэг нь анзаараад энэ сайхан боломжийн тухай биччих байх гээд хараад байсан үгүй бололтой. Тэгээд ямар ч байсан нэг удаа кейборд элээхээр шийдлээ.
Нэг удаа гадаад яваад ирэх хооронд тогны мөнгө төлөөгүй гээд цахилгааны хязгаарлалт хийснээс болоод хөргөгч маань аюултай ихээр хэлмэгдсэн юм. Түүний мөрөөр зарга хийж явсаар байгаад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаний үйл ажиллагаа, шинэчлэлттэй танилцах завшаан тохиолдов. Томхон бас уйгагүй гомдол байсан тул компаний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү гэдэг залуутай нүүр тулан асуудлаа хэлсэн би, түүний салбартаа хийсэн шинэчлэлт, цахимжуулалтыг сонсоод өөрөөсөө ичээд гарсан юм. Тэгээд мэдсэн зүйлсээ хуваалцаж байгаа нь энэ.
Ер нь энэ технологийн дэвшил биднээс үл хамааран илүү ухаалаг болж байна. Түүнийг цахилгаан түгээхийнхэн маш соргогоор ашиглан олон зүйлсийг цахимжуулж чаджээ. Өнөөх ажлын цагтаа баригдаад тогны мөнгөө төлж чадаагүй, гадаадад байсан тул чадсангүй, тог таслахыг мэдээгүй, тогны мөнгө үнэн гарч байгаамуу үгүй юу? гэх мэтийг бүгдийг шийджээ.
1-рт иргэн та 70047004 лавлах утасруу яриад өөрийнхөө гэрийн хаягийг хэлснээр хэрэглэгчийн КОД-той болох хэрэгтэй. Бас нэг гар утасны дугаараа тэнд тэмдэглүүлэх хэрэгтэй. Үүний дарааwww.my.tog.mn сайтруу ороод өөрийн хэрэглэгчийн кодыг ашиглан өөрийн тэмдэглүүлсэн гар утсандаа нэвтрэх нууц дугаарыг авчихна. Тэр нууц дугаараар эхлэж нэвтрээд дараа нь өөрийн мартахгүй амар дугаар болгон сольж болох тул санаа зоволтгүй.
Ингээд л та өөрийн цахилгааны хэрэглээг хянах, цахилгааны төлбөрөө цахимаар төлөх боломжтой болчихож байгаа юм.
Түүнээс гадна танай байрны орчимд хэзээ засвар үйлчилгээний ажил хийгдэж тог түр хугацаагаар тасрах, цахилгааны төлбөр чинь хэд гарсан, хэзээ төлөх ёстой тухайх мэдээллийг гар утсандаа мессежээр хүлээн авдаг болчихож байгаа юм.
2-рт та энэхүү сайтаар дамжуулан төлбөрөө бүх банкны картаар тэр байтугай Мобикомын Candy оноогоороо ч төлөх боломжтой. Удахгүй Юнителийн GG бас үйлчилдэг болно гэсэн. Зурган дээрээс илүү хялбар ойлгохоор хараарай.
3-рт та өөрийн гэрээндээ шинэчлэлт хийх, тоолуурынхаа заалт болон хүчинтэй хугацааг харах, сүүлийн 12 сарын цахилгааны төлбөрөө мөнгөн дүнгээр болон квТц-аар нь харах боломжтой.
4-рт: 70047004 дуудлагын төвтэй холбогдон асуудлаа шийдүүлсэн бүх түүхээ харах боломжтой. Бүүр таны яриа бичигдсэн байгааг ч сонсож болно шүү дээ. Цахим хөгжил ийм сайхан баримттай. Би тэгж хэлсэн гэж хэн хэн нь мэлзэх аргагүй амар юм билээ хэ хэ.
5-рт ухаалаг утастай иргэн та “ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ” гэдэг аппликейшнийг гар утсандаа үнэгүй суулгаарай. Ингэснээр та гар утсан дээрээсээ дээрхи бүх мэдээллүүдийг авах, төлбөр хийх, цахилгааны хэрэглээгээ хянах боломжтой болно.
Ийм л сайхан боломжуудыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийхан хийж чаджээ. Баярлалаа.
Та тус компаний үйл ажиллагаатай танилцах, цахилгаан эрчим хүчний шинэ хэрэглэгч болох, техникийн нөхцлийн хүсэлтийг онлайнаар өгөхийг хүсвэл зүгээр л www.tog.mn хаягаар орж сонирхоорой. Энэ сайтыг ашиглан гүйцэтгэх захирал С.Төмөрхүүтэй шууд холбогдож мэдээлэл авах, Цахилгаан хэрэглэгчдэд зориулсан маш ойлгомжтой дэлгэрэнгүй гарын авлагыг үнэгүй татан авч танилцах боломжтой болно.
Зиа ингээд нийслэлийн өрх бүр цахилгаан эрчим хүчний буяныг эдлэж, эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангагдаж байхын ерөөл өргөе!
Нийтлэлч: Анжигай.Г
нб · 2015/12/28
таалагдлаа. амжилт хүсье