Банкууд найман хувийн зээлд 14620 иргэнийг хамруулжээ
2013/08/12
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш хоёр гаруй сарын хугацаа өнгөрч байна.
Гэтэл өчигдөр ипотекийн зээлийг Хаан болон Худалдаа хөгжлийн банкнаас бусад банк зогсоосон байгаа талаар сураг гарсан. Эх сурвалж “Дээрх хоёр банкаас бусад нь найман хувийн зээлийг олгохгүй байна. Учрыг лавлахад найман хувийн зээлтэй холбоотойгоор банкны ачаалал ихэссэн, санхүүжилтгүй байна” гэж буй юм. Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийг 35 хоногт харахад өмнө олгосон ипотекийн зээлээс 788.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн аж. Үүнээс банкууд 14620 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэх, орон сууцны ипотекийн 412.7 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлээд байгаа гэнэ.
Ийнхүү найман хувийн зээлийг банкууд олгохгүй байгаа гэдэг нь үнэн эсэхийг арилжааны банкууд болон Монголбанкнаас тодрууллаа. Энэ талаар Улаанбаатар хотын банкны зээлийн мэргэжилтэн “Зээлийн хэрэгжилтийг түр хугацаанд зогсоож байна. Гэхдээ бүр биш түр хугацаанд гэж ойлгох хэрэгтэй. Учир нь ачаалал маш их байна. Энэ үүднээс зээлийг түр хугацаанд зогсоож ачааллыг бууруулах шаардлага байна. Үүнийг иргэдийн хүсэлтээс хамаарч байна гэж ойлгож болно. Тухайлбал нэг иргэний хүсэлтийг ачаалалтай үед аваад байвал, бусад иргэд хохирох асуудал гарч болзошгүй. Гэхдээ түр хугацаанд зээлийг зогсоосон ч өмнө нь зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн иргэдийн зээлийн асуудлыг шийдэх боломжтой. Харин зээлийг зогсоосноос хойш ирсэн иргэдийн хүсэлтийг хүлээн авахгүй” гэлээ. Түүнчлэн дээрх мэдээллийн дагуу Хаан банкны салбараас зээлийн олголтыг зогсоосон эсэхийг тодруулахад “Найман хувийн хүүтэй зээлийг одоохондоо өгөх боломжгүй байна. Учир нь зээлийн санхүүжилт дуусаж байгаа бололтой юм шиг байна. Гэхдээ зээлийг энэ сарын 20-ноос хойш дахин хэрэгжүүлж эхлэх байх. Ерөнхийдөө шийдвэр гараагүй боловч бид зээлийн хэрэгжүүлэлтийг түр зогсоосон” гэв. Дээрх банкуудын хувьд зээлийн хэрэгжилтээ түр хугацаанд зогсоосон боловч удахгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулах болно гэдгийг хэлж байсан. Түүнээс гадна Төрийн банкны зээлийн мэргэжилтний хэлж буйгаар мөн л дээрх банкуудтай адилхан байгаа. Гэхдээ энэ талаар нарийн мэдээлэл алга. Найман хувийн зээл цаашид ямартай ч хэвийн үргэлжлэх болно. Түр хугацаанд ачааллыг бууруулах үүднээс ийм арга хэмжээ авч байгаа гэдгийг хэллээ. Энэ мэтчилэн банкуудын ачаалал ихэссэнээс үүдэлтэй зээлийг түр зогсоосон талаар Монгол банкны олон нийттэй харилцах албанаас лавлахад “Манайх банкуудын санхүүжилтийг хариуцдаг. Бидэнд ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй болсон зэрэг зүйл байхгүй. Найман хувийн хүүтэй зээлийг түр хугацаанд зогсоож байгаа банкуудын хувьд өөрсдийнх нь дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал” гэлээ.
Худалдаа хөгжлийн банк, Хас, Голомт банкуудын хувьд зээлийн явц хэвийн байгаа аж. Тухайлбал Голомт банкны хувьд хөтөлбөр эхэлснээс хойш 1200 гаруй иргэнд шинээр зээл олгож, 4200 гаруй иргэний хүсэлтийг найман хувийн зээл рүү шилжүүлжээ. Нөгөөтэйгүүр тус банкны маркетингийн захирал Н.Очирхуяг “Манай банкны хувьд зээлийг хэвийн нөхцөлд иргэдэд олгож байгаа. Ямар нэгэн байдлаар санхүүжилт байхгүй, дотоод зохион байгуулалтаас болж зээлийг түр хугацаанд зогсоосон зэрэг зүйл байхгүй” гэв.
Найман хувийн зээлтэй холбоотой иргэд ингэж ярьж байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Сүхболд: ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХГҮЙ ГЭЖ БАЙНА
Бид сар гаруй хугацаанд найман хувийн хүүтэй зээлийг хөөцөлдөж байна. Хуучин байр сонирхож байгаа. Гэр хороолол хотын төв гэлтгүй. Саяхан байрны үнэ судлаад явж байхад нэг метр квадрат нь нэг сая 600 мянга байсан байр одоо нэг сая 800 мянга болжээ. Нэг, 15, 16, 3, 4 дүгээр хороололд байрны үнэ судалсан. Арав хоногийн дотор байрны үнэ өссөн байна. Нөгөөтэйгүүр байрны зээлтэй холбоотой банкуудад хандахаар манайх хариуцахгүй гээд өөр банк зааж өгөх юм. Банкны эдийн засагчид нь хүсэлт хүлээн авахгүй гэж байна. Мөн лавлагаанууд их удаан гарч байна. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн лавлагаа байна. Зээлийн урьчилгааны хувьд ч хүндрэлтэй зүйл байна. 90 сая төгрөгийн урьдчилгаа гэхээр 27 сая гаруй төгрөг болж байгаа юм. Бидэн шиг залуу хүмүүст энэ асуудлыг шийднэ гэдэг хүнд байна. Аав, ээжийнхээ байрыг барьцаалж байж зээлд хамрагдах гэж байгаа.
Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Байгальмаа: БОЛОМЖТОЙ БОЛ ХАМРАГДАХ ХҮСЭЛ БАЙНА
Найман хувийн хүүтэй зээлийг сонирхож үзсэн. Гэхдээ дээрх зээлийн хувьд хүн болгонд хүрч чадахгүй урьдчилгаа өндөр санагдсан. Зээлд ихэвчлэн төрийн албан хаагч зэрэг тогтмол цалинтай хүмүүс хамрагдаж байгаа бололтой. Уг нь урт хугацааны зээл гэх боловч жилийн урьдчилгаа нь өндөр байгаа юм. Нөгөө-тэйгүүр зээлийг залуус их сонирхож байгаа бололтой. Түүнчлэн зээлд тэр барагийн хүмүүс хамрагдах боломжгүй юм шиг байна. Миний хувьд ямар бичиг баримт бүрдүүлж, зээлд хамрагдах талаар тодорхой мэдээлэл алга. Гэхдээ боломж гарвал хамрагдах хүсэлтэй байна. Зарим банкууд зээлийн хэрэгжилтийг түр хугацаанд зогсоосон гэж байна. Яг хэзээнээс эргэж зээлийг олгож эхлэх нь тодорхой бус байгаа бололтой.
Т.Болорцэцэг