​Улаанбаатар хотын замын түгжрэл хэрээс хэтэр­лээ. Зун юм байна. Ихэнх  хүн амралт зугаалгаар хөдөө, гадаа явж хөл хөдөлгөөн багасдаг цаг даа. Гэтэл бай­даг­гүй шүү.

Амралтын өдрөөр хотын гудамж сэлүүхэн байх болов уу  гэтэл үгүй юм байна. Энэ замын түгжрэл үнэхээр хэцүү байна. Автомашинуу­дыг улсын дугаараар нь хяз­гаарлаад ч нэмэр алга. Бахь байдгаараа хаа сайгүй зам болгонд машинууд гацаж, хүмүүс халуун наранд "түн­хэлцэж" байх юм. 

Уг нь өнгөрсөн өвөл Улаан­­баатар хотын дарга Э.Бат-Үүл замын түгжрэлийг сааруулахын тулд буруу руль­­тэй машинуудыг долоо хоногийн тодорхой өдрүүдэд хөдөлгөөнд оруулахгүй бол­гоё гэдэг санааг гаргаж ир­сэн. Ядаж бүтэн сайн өдөр буруу рульт машинуудыг гараа­шид нь зогсооё гэдэг зүйл ярьж байлаа. Тэр тухай­гаа их ч ярьсан. Шийдвэр гаргах гэж нэлээд үзсэн ч бараагүй.  Ардчиллаа дагаад олонхио сонссон чинь бүгд эсэргүүцсэн.  

Нийслэлчүүдийн дийлэнх нь яагаад буруу рультэй ма­шиныг хориглохыг эсэргүү­цэв. Бүгдээрээ буруу талдаа жолоотой машин унадаг учраас тэр. Хэрэв буруу тал­даа хүрдтэй машинуудыг явуу­лахгүй болчихвол тэд явгарах гээд байсан хэрэг. Тиймээс өөрсдийнхөө амин хувийн эрх ашгийг бодож, тэр  саналыг хүлээж авалгүй тас таягдан хаясан юм. Хэдхэн хүн зөв талдаа рультэй ма­шин унаж, явган бидний хажуу­гаар давхилдаад яах юм. Тэгснээс бүгдээрээ буруу талдаа хүрдтэй төмрийн хогоо унаад  түгжрээд явж байсан нь өлзийтэй гэж бод­сон. Хэн нь ч хэнээсээ илүү давж гарахгүй ижил зиндаанд амьдарч байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр монголчууд бид явж байна.  Зөвхөн энэ асуудал дээр ийм байдлаар хандсан юм биш л дээ. Үнэндээ монголчуудын сэтгэлгээ энэ. 

Нэг хэсэг нь боловсрол­той байснаас бүгдээрээ адил­хан тэнэг явсан нь дээр гэсэн барьцамтгай хүмүүс. Цөөн хэд нь баяжиж тансаг амьдраад дэмий. Муу явбал бүгдээрээ муу явъя. Ядуу байвал адилхан ядарцгаая гэдэг л улс.  Өнөөдөр олон улсын жишигт хүрсэн боловс­ролыг ирээдүй хойчдоо өгч, дэлхийд хүлээн зөвшөөрөгд­сөн боловсон хүчин бэлтгэх сонирхолтой сургууль  ма­найд байна уу, үгүй юу бодоод үзье. Алга байна. Төлбөр мөнгөө нэмж,  дэлхийд алдар­тай сургуулиудын энд хүрэх боловсролын байгууллагыг хайгаад олохгүй байх.   

Тийм учраас Монголын их, дээд сургуулиудыг тоож сурах гадныхан олдохгүй байна. Дээрээс нь төгсөөд гарсны дараа манай сургуулиудын  диплом зүгээр л нэг цаас болон хувирч байна. Дэлхийн хаана ч очсон Монголын их, дээд сургуулийн диплом барь­сан боловсон хүчнийг шууд ажилд авдаг тийм нэр хүндийн баталгаа байна уу.  Харамсалтай нь үгүй. Яагаад гэвэл өндөр төлбөртэй, чанар­­тай боловсрол эзэм­шүү­лэх сургууль гараад ирвэл мон­гол­чууд тал талаас нь боор­лож, урагш ахиулах­гүй. 

Уг нь бол аливаа чанар­тай бүхний өртөг өндөр бай­даг. Гэтэл Монголын их, дээд сургуулиудын төлбөр дэл­хийн жишгээс хавьгүй доогуур байдаг нь чанаргүй гэдгийг нь  илтгээд, баталгаа нь болоод бай­на. 

Саяхан Герман, Монго­лын техникийн сургууль жи­лийн төлбөрөө долоон сая төгрөг болгож нэмлээ. Сур­гал­тын төлбөрөө нэмж байна гэдэг нь сургалтын чанараа сайжруулж байгаагийн илэр­хий­лэл гэж ойлгож болохоор байна. Мэдээж хэрэг өндөр төлбөр авч байгаа учраас суралцагчдадаа дэлхийд хү­лээн зөвшөөрөгдсөн боловс­рол олгох нь дамжиггүй биз.  Тэгж ч бодож төлбөрөө нэм­сэн байх. Гэтэл тус сур­гуу­лийн төлбөрийг долоон сая төгрөг болсныг сонссон хүн болгон эвэртэй туулай үзсэн мэтээр уулга алдаж байлаа. "Пээ, пүү ийм их төлбөртэй сур­­гууль гэж байдаг аа. Баячуудын хүүхдүүд сурах юм байна. Ядуусын хүүхэд мөрөөдөөд ч энэ сургуульд сурч чадахгүй юм байна. Ингэж баян хоосны ялгаа гаргаж, монголчуудыг зиндаа зиндаагаар нь хуваах хэрэг юу байна" хэмээн  шаагилд­лаа.  

Үнэхээр долоон сая төг­рөг­төө таарсан чанар­тай боловсрол эзэм­шүүл­нэ гэвэл энэ зэргийн төлбөртэй хич­нээн ч сургууль байгуулсан яадаг юм.  Монгол хүн дэл­хийд хүлээн зөвшөө­рөгд­сөн эрдэм боловсролтой болж байвал тэр төлбөр мөн­гө­ний их, бага хамаа юу байна. Гэвч, монголчуудын нөгөө л хэн хэнээсээ илүү гарчих вий гэсэн сэтгэлгээ ийм сургуулиу­дын хувь заяаг боож байна. Ийм сэтгэлтэй учраас бид өнөөдөр буруу рультэй машинаа хязгаарлаад түгж­рэ­лээс гарчихаж чадахгүй байгаа юм. 

Буруу рультэй машинаар  долоо хоногийн сондгой өдрүү­дэд явахыг хориг­ло­чих­сон бол өдийд энэ түгжрэлд түгжирч уур ундууцал, ажил албаа алдаж суухгүй байсан биз. Олон өдрөө байг гэхэд ядаж амралтын өдрөөр буруу рультэй машин явдаггүй бол­чих­сон бол сайхан байх бай­лаа. Улаанбаатар хотод  замын хөдөлгөөнд өдөрт 200 машин шинээр орж байгаа гэсэн тоо бий. Өөрөөр хэл­бэл, өдөрт 200 хүн хөл дүүж­лэх машинтай болж, замын хөдөлгөөнд оролцохоор гэрээ­сээ гарч байна гэсэн үг. Ингээд бодохоор замын түгж­рэл өдөр ирэх тусам нэмэг­дэ­нэ үү гэхээс саарахгүй гэдэг нь эндээс тодорхой болж байна. Нэгэнт иргэдийн худал­дах, худалдан авах эрхийг нь хааж боож болох­гүй­гээс цааш замаар явж бай­гаа машиныг буруу, зөв руль­тэй­гээр нь ялгаж, зааглаж хөдөлгөөнд оруулах нь одоо бодоход хамгийн зөв байжээ. Хяналтад орохоосоо өнгөр­сөн энэ замын түгжрэлээс гарах гарц манайд үүнээс өөр алга. 

Дэлхийн мөнгөтэй, хөгжил­тэй орнуудыг дуурайж замуу­даа өргөтгөе, нэмж олон зам тавья гээд ч  чадал алга. Тэр байтугай замын компаниуд шинээр тавьсан замдаа дөн­гөж жилийн баталгаа өгдөг гэж байгаа. Түүнээс олон жилийн настай зам тавья гэвэл төсвөөс их хэмжээний мөнгө нэмж авах шаард­ла­гатай. Үүнийг нь өгөх чадал манай төсөвт байхгүй учраас ч яалт ч үгүй нэг жилийн баталгаатай зам барьдаг гэнэ лээ. Тиймээс бид  нөхцөл байдалдаа тааруулж, байгаа замаа тордож, дээр нь явж байгаа машины тоонд зохис­той хязгаарлалт хийж, дотроо зохицож амьдрах нь чухал болчихоод байна. Тэгээд ч  манайх зөв гарын жолооны дүрэмтэй улс. Энэ дүрэм жур­маа баримтлаад зөв талдаа рультэй машин барьцгаавал яасан юм. Ер нь манайд гарч байгаа авто ослын шалтгаа­ны дийлэнх нь буруу талдаа жолоотой машин барьснаас болдог гэж  мэргэжлийнхэн ярьдаг юм билээ. Энэ мэтчи­лэн аль аль талаа бодоод буруу талдаа рультэй машин­тай хөдөлгөөнд оролцохоо цөөлж, хязгаарлавал хэрэг­тэй юм шиг ээ. 

Ингээд нийтийн тээврээ хөгжүүлье. Нэгдүгээр эгнээ­гээ­рээ нийтийн тээвэр нь саадгүй явж, иргэд зогсоол дээр автобусыг таван минут л хүлээдэг болох хэрэгтэй. Харин замаар түргэний машин, түймэр унтраах маши­нууд л гацаагүй давхиж байвал болох нь тэр.  Өнөөд­рийн энэ зах замбараагүй түгжрэлээс болж эрүүл мэнд нь муудсан энэлж шаналсан хүмүүс яст мэлхийний хур­даар ирж яваа түргэний маши­ныг хүлээсээр өөд болох үзэгдлүүд энүүхэнд байна.  Ах, дүү, аав, ээжийнх нь бие муудаж,  цус харваж, зүрх нь зогсох гэж сандаргаж байхад түргэний машин түгж­рэлд саатаж хичнээн уддаг билээ. Үүнийг өвчинд шанал­сан хүмүүсийн ар гэрийнхэн сайн мэдэж байгаа. Энэ хүнд­рэлээс гарах ганц арга нь буруу рультэй машиныг хөдөл­гөөнд оролцуулахыг хязгаарлах явдал юм. Ингэж байж л бид жинхэнээсээ хот шиг хот болж хөгжих болол­той. Нийтийн язгуур эрх аш­гаа бодож, хотын дарга зориг­той шийдвэр гаргах хэрэг­тэй. Олонхи эсэргүүцэж байна гэж дахиад тоох хэрэг­гүй. Олонхийн шийд­вэр дан­даа зөв байдаг­гүйг санах хэрэгтэй. Олонхи бол ямагт үнэний дунджаас доогуур байдал руу тэмүүлдэг гэсэн онолын гаргалгаа ч байдаг юм билээ. Тиймээс олонхиор түрүү барьж, аливаа шийдвэр гаргах нь онодоггүй гэдгийг сүүлийн үеийн жишээнүүд харуулаад өглөө 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ