Өнгөрсөн амралтын өдрүүдэд яармагийн дэнж дээр орших ВИВА СИТИ хороололд залуусыг их спортод уриалан дуудсан, спортын гайхамшигуудыг мэдрүүлсэн сайхан үйл явдлууд боллоо.

Тус өдөрлөгт бүх нийтийн гүйлт, спрайт 3 VS 3 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн, шатар, хийн буудлага, дугуйн парад, триатлон, таеквондо, туялзуур сэлэм зэрэг спортуудыг үзэн сонирхож, оролцохоор ирсэн зочдоор дүүрэн байв.

 


 

Шатрын спортын их мастер Т.Батчимэг нэгэн зэрэг 15 хүнтэй шатар тоглон уран сайхан хожлуудыг үзүүлэв.

Оюун ухааны спортыг шимтэн сонирхож оролцох хүсэлтэй хүмүүсийн тоо их байсан ба их мастертэй зургаа даруулах, зөвлөгөө авах гээд 8 настай балчираас 80 настай буурал хүртэл энэхүү спортыг сонирхож байв.

Бүх нийтийн гүйлтэнд бүртгүүлсэн 100-аад хүнээс ялагчаар Монголын хөнгөн атлетикийн холбооны тамирчин О.Болдоо, Б.Мөнхзаяа нар тэргүүн байруудыг эзэллээ.

 

 

 

 

“Залуу дугуйчин” клубын дугуйчдын парад Монголын залуучууудын холбооны урд талбайгаас хөдлөн Вива сити хороололд хүрч ирлээ.  Мөн дугуй сонирхогч залуусын дундах хөгжөөнт тэмцээнүүд өрсөлдөөнтэй болж өндөрлөв.

 

Таеквондогийн “Олимп” клуб-ын тамирчдын үзүүлэх тоглолт.

 

Монголын туялзуур сэлмийн холбооны нээлттэй үзүүлбэр.

 

М-Си-Эс Кока Кола ХХК-аас зохион байгуулсан Спрайт 3 VS 3 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээн хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байв.

 Adidas, Reebok, Columbia, Merrell, Li-ning спорт барааны дэлгүүрүүдийн өргөтгөсөн худалдаа зэрэг спорт сонирхогчдын сонирхолыг татсан олон сайхан үйл явдлууд өнгө өнгөөр алаглан орших ВИВА СИТИ хороололд болж өндөрлөв.

Дашрамд дуулгахад энэхүү спорт өдөрлөгийг дахин зохион байгуулах хүсэлтэй иргэд цөөнгүй байлаа.

 

Ирэх амралтын өдөр буюу 8-р сарын 17-нд Монголын Оюутны Холбоо болон Вива Сити-ээс хамтран зохион байгуулж буй “Гадаадад сурдаг Монгол оюутнуудын чуулга, уулзалт”-аар Гадаадад сурдаг оюутнууд өөр хоорондоо туршлагаа судлан танилцах, гадаад суралцах талаар болон М-Си-Эс Группийн Хүний нөөцийн мэргэжилтнүүд карьерийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөн лекц унших юм байна. Мөн гадаадын их дээд сургуулиудад зуучилдаг сургалтын төвүүд болон англи хэлний төвүүдийн бүртгэл мэдээлэл гээд оюутан залууст хэрэгтэй олон чухал мэдээ мэдээллийг тус өдөрлөгөөс олж авах боломжтой юм байна. Тухайн өдрийн орой нь оюутан залуучууддаа зориулсан шоу арга хэмжээтэй ба тус арга хэмжээнд олны танил хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөн залуустаа бэлэг барина.