Дундговь аймгийн “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш бололтой нэгэн эмэгтэй 10 сартай хүүг хоолоо идэхгүй байна хэмээн загнаж зандарч байгаа бичлэг тарсан.

 

Тэгвэл энэ хэрэг 2015-оны 11-р сард гарсан бөгөөд 12-р сард хүүхдийн эцэг эх мэдсэн байдаг. Тодруулбал 10 сартай хүүг зодож, дарамталж байгаа багш гэгдээд байгаа хүн нь тус хувийн цэцэрлэгийн багш болон туслах багш биш тогооч гэнэ. Бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж байгаа энэхүү үйлдлийг тухайн цэцэрлэгт ажиллаж байгаад гарсан хүн бичлэгээр баталгаажуулжээ. Улмаар 2015 оны 12-р сарын 02-ны өдөр энэ талаар гэрийнхэнд нь мэдэгдсэнээр өдгөө уг хэргийг цагдаа, МХЕГ, аймгийн Боловсролын газраас шалгаж эхлээд байгаа юм.

Хэрэгтэй холбоотойгоор цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан. Тэгвэл уг цэцэрлэгийн зөвшөөрлийг бүр мөсөн цуцалсан байна. Тус цэцэрлэг нь 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн аймгийн хувийн хэвшлийн анхны цэцэрлэг бөгөөд 40 хүүхдийн багтаамжтай, улсаас хувьсах зардал авч ажилладаг. Тийм ч учраас 2016 онд 32 сая төгрөгөөр дэмжихээр төлөвлөж байсан ажээ.

Бага насны хүүхдийг зодож, зандарч байсан тогоочийг саатуулаад байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрвээ шүүхээс цэцэрлэгийн тогоочийг буруутай гэж үзвэл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 181.3-т “181.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

Хүүхэд зодсон тогооч Ж.Отгонтөгс нь уг цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг дүүгийнхээ амьдралыг дээшлүүлэхээр уг цэцэрлэгт тогооч, үйлчлүүлэгчээр ажилуулсан. Гэхдээ энэхүү бичлэгнээс өмнө би дүүгээ хүүхэд зоддог гэдгийг огт мэдээгүй, үүнд хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллаагүй миний буруу гэдгийг мэдэгдсэн.