Дорнод аймгийн МАН-ынхан бужигнаантай байна
2016/01/11
Дорнод аймгийн удирдлагууд 2012 оны сонгуулийн дараанаас эхлэн бужигнасан. Гэтэл тэд өнөөдрийг хүртэл учраа ололцоогүй бололтой. Тус аймгийнхан өнгөрсөн хугацаанд АН, МАН-аараа ач, тач үзэлцэж олны анхаарлын төвд байдаг байлаа.
Саяхан л гэхэд Дорнод аймгийн ИТХ-ын тамга, зарим нэг баримтыг хулгайлах зорилгоор Хурлын дарга Р.Зоригтбаатарын өрөөний хаалга, цоожийг эвдэн өрөөнд нь орсон хэрэг гарчээ. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг Улаанбаатар хотод намын даргатайгаа уулзахаар явж байх зуур дээрх хэрэг гарсан байна.
Энэ талаар О.Зоригтбаатар "Манай аймгийн удирдлагын түвшинд хулгайч бодолтой хүмүүс байгаад би их харамсаж гутаж байна. Та бод доо. “Хүний бодол санаа гадагш илрэхдээ үг болон үйлдлээрээ илэрдэг”. Үүний тод жишээ сая боллоо. Нэр бүхий хэдэн нөхөд хулгайч луйварчин бодолтой байдаг нь ийнхүү хийсэн энэ үйлдлээр нь илэрч байна. Эдгээр нөхөд орон байрны хулгайчаас ялгагдах юм алга. Намайг намын даргатайгаа уулзахаар Улаанбаатар хотод ирсэн үед ар хударгаар өрөөний хаалга цоож эвдэж өрөөнд орсон. Энэ үед би Улаанбаатар хотоос аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн аймгийн Цагдаагийн газрын даргад ч утсаар мэдэгдсэн. Уулаа буюу П.Мөнхтөр, засаг дарга М.Бадамсүрэн нартай холбоотой баримт надад бий. Тухайлбал аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн Петровис компанийн захиргааны санаачилгаар халагдсан тушаал, баримтууд. Мөн Уулаа Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөгийг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан нөхөр. Тэрбээр даргаар нь ажиллаж байсан байгууллагынхаа автомашин худалдан авах тендерт (25 сая төгрөгийн өртөг бүхий автомашин худалдан авах) зөвхөн өөрийн хамааралтай гурван компаниа оруулж улмаар эхнэрийнхээ компанийг ялуулсан асуудал өнөөдрийг хүртэл ээдрээтэй хэвээр яваа. Ер нь Уулаа бол төрийн байгууллагын хаалга эвдэж ордог шигээ олон хүний орон гэрийг яг ийм аргаар булаасан баримт ч бий" гэжээ.
Түүний компьютерийн хардыг авч явсан байна. Түүн дотор ИТХ-ын архив байсан аж.
Ямартай ч МАН-ынхан нэгнийхээ өрөөний үүдийг эвдэн орж, тамгыг нь хүчээр гартаа оруулсан байна. Удахгүй сонгууль болох гэж байхад МАн-ынхан дотооддоо зодолдсоор л байна.
Т.Энхэлээ
zochin · 2016/01/11
зоригтбаатар нь 180 саяар авсан NISSAN PATROL Y62 автомашинаа яасан вэ.