Монголын “нууцлаг” бизнесменүүд улстөрд хөл тавьж эхэллээ
2016/01/11
Монголын улстөр хавар цагийн урь орохыг хүлээж чадалгүй халуурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, нам дагаж хүний цүнх сав барьж явдаг “амбицлаг” залуус өөр хоорондоо алалцаж нэг нэгнийхээ дээр гарцгаах гэж хэрдээ үзэцгээж байгаа. Ийн хэлэхийн учир нь зургаахан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох учраас тэд нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байгаа юм. Тэгвэл тэднийг үхэлдэж байх хойгуур Монголын “нууцлаг” бизнесменүүд улстөрийн тавцанд хөл тавихаар зэхэж бэлтгэл ажлаа хэдийнэ хийгээд эхэлжээ.
Яг үнэндээ болсон болоогүй дарга нарын цүнх савыг барьж гүйдэг “амбицлаг” залуусаас илүүтэй Монголын эдийн засаг хийгээд хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй олон мянган хүнийг хоолтой нь залгуулж буй нууцлаг эрхмүүдийг УИХ-д цойлоод гараад ирэхэд гайхах зүйлгүй билээ.
Товчхондоо дор нэр нь дурьдагдах бизнесменүүд ямар замын тендерээс “хусчихсан” мөнгөө тараагаад орж ирж байгаа биш үзээд алдахад гэмгүй гэж хэлэх хүн захаасаа олон буйд хэргийн гол учир оршном. Тэгвэл тэднийг улстөрийн хүрээний нөлөө бүхий эрхмүүд тийм ч их таатай хүлээж авахгүй нь ойлгомжтой. Ингээд олныг нуршилгүйгээр УИХ-ын гишүүн болохоор чимээгүйхэн бэлтгэлээ хийж буй эрхмүүдийн талаар цухас дурьдая.
Монголын тэргүүн баячуудын нэгд зүй ёсоор бичигддэг “ТЭСО” корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл өнгөрсөн оны эхээр аймгийнхаа Ардчилсан намын тамгыг атгаж намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж буй юм. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар аймгаасаа нэр дэвшихээр зэхэж байсан ч намын хорооноосоо дэмжлэг авч чадаагүй гэдэг. Тиймээс энэ удаад даагаа нэхэж сонгуульд нэр дэвшихээр болсон байна. Ямартай ч улстөр бизнесийн салбарт одтой яваа хөрөнгөлөг эрхэм сонгууль болтол төрсөн нутгаа эргэж тойрч нутгийн зон олондоо тусламжийн гараа сунгах бололтой.
Харин дараагийн эрхэм бол “М-Си-Эс” группын үүсгэн байгуулагчдын нэг, томоохон хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир. Тэрбээр МАН-ын дарга асан Сү.Батболдын Засгийн газрын үед Хөдөөгийн бодлого эрхэлсэн зөвлөх, МАН-ын бага хурлын гишүүнээр ажиллаж байхдаа 2012 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутаг Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр зэхэж байгаад гэнэт шийдвэрээ цуцлаж байсан гэдэг. Тэгвэл эл эрхэм шийдвэрээ гэнэт цуцалсан шигээ гэнэт л УИХ-ын гишүүн болохоор шийдэж бас л бэлтгэл ажлаа нутагтаа сэмхэн хийгээд эхэлжээ. Ямартай ч тэрбээр “Спирт Бал Бурам” компанийг олон жил амжилттай удирдаж байсан гэдэг. Дараагийн эрхэм бол саяхан МАН-д гишүүнээр элсээд байгаа “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан.
Тэрбээр Дорноговь аймгийн уугуул, нутагтаа маш нэр хүндтэй бизнесмений тоонд зүй ёсоор багтдаг юм билээ. Тухайлбал, тэрбээр сонгуулийнхаа ажилд бэлдэж өнгөрсөн хугацаанд нутагтаа хөрөнгө оруулалт хийж нутгийнхаа зон олноос “Онц” гэсэн үнэлгээг хэдийнэ авч чаджээ. Тодруулбал, эл ноён Хутагтаар овоглосон залуусынхаа дунд “Iphone 6” утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин ирж суурьшсан хүмүүсийг нэр, утас, регистрийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарлаж байсан. Ямартай ч түүнтэй дөрөө харшиж буй эрхмүүд нь тус аймгийн Ардчилсан намаас угшилтай одоогийн Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, МАН-аас УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар нарын нэрс хөвөрч байгаа.
Харин удаах эрхэм нь Говь-Алтай аймгийн уугуул “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Хэрвээ уншигчид санаж байгаа бол эл эрхэм нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьж байсан удаатай. Тэрбээр “Би хэзээ ч сонгуульд өрсөлдөхгүй, бизнес хийдэг нь бизнесээ хийж улстөр хийдэг нь улстөрөө хийнэ биз. Би яав ч улстөрч биш” хэмээн хэлж байжээ. Тэгвэл эл эрхэм энэхүү бодлоо гээж төрсөн нутаг Говь-Алтай аймгаасаа нэр дэвшихээр сэтгэл шулууджээ. Хамгийн гол нь тэрбээр одоогоор аль намаас нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлд нь Булган аймгийн уугуул “UFC” группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин мөн л өөрийгөө УИХ-ын гишүүн болох ёстой хэмээн үзэж төрсөн нутагтаа аймгийнхаа иргэдийн талаар тандалт судалгаа хийлгээд эхэлсэн гэнэ.Тэрбээр жирийн маркетингийн менежерээс “Увс Хүнс” компанийг байгуулах хүртлээ нэлээдгүй олон бэрхшээлийг туулсан гэдэг. Энэхүү компанийг байгуулснаараа чацаргана хэмээх жимсийг дэлхийн брэнд болгож чадсан залуу гэдэг гуншинтай.
Ийнхүү улс төрд орж буй Монголын “нууцлаг” бизнесменүүдийн нэрс эхнээсээ тодорч улстөр, бизнесийн салбарт хүрээгээ тэлэхээр хөрөнгө, мөнгө цацаж эхэллээ. Ямар ч л байсан тэд аль нэг намын даргын цүнхийг зөөж, өвдгөө хавдтал сөгдөж байж их улстөрийн босгоор орж ирж байгаа биш, яах вэ дээ гэж бодох нэг нь ч байгаа л байх.
Эх сурвалж: Өглөөний сонин
Зочин · 2016/01/11
nice