Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэн, захиргааны хэрэг өсч, эрүүгийн хэрэг буурчээ
2016/01/19
Улсын Дээд шүүх 2015 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2349 хэрэг хүлээн авч шүүх хуралдаанаар 1953 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувь нь иргэний , 19.6 хувь нь эрүүгийн, 18.5 хувь нь захиргааны хэрэг байна.
Эрүүгийн шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 520 хэрэг хүлээн авч, 383 хэргийг шүүх хуралдаанаар хянаж шийдвэрлэж, 87 хэргийг хянан буцааж, 43 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 54 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7 хэрэг хэлэлцсэн аж.
Эрүүгийн хэргийн танхим хяналтын шатны журмаар хүлээн авсан хэргээс нэг шүүгчид 67 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн эрүүгийн 383 хэргийн 50.1 хувь буюу 192 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 29.5 хувь буюу 113 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 20.3 хувь буюу 78 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.
Хүчингүй болгосон 78 тогтоол, магадлалтай хэргээс 51.2 хувь буюу 40 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 25.6 хувь буюу 20 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 11.5 хувь буюу 9 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, 8.9 хувь буюу 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 2.5 хувь буюу 2 хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалыг хэвээр үлдээжээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 119-аар буюу 18.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 101-ээр буюу 20.8 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 32-оор буюу 32.3 хувиар тус тус буурсан байна.
Мөн Танхимын тэргүүний “шүүхийн харьяалал тогтоох тухай” захирамж 58, бусад захирамж 286, мэдэгдэх хуудас 107 гарсан ажээ. .
Иргэний шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1435 хэрэг хүлээн авч, 1155 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 157 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 53 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 13 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 17 хэргийн харьяаллыг тогтоосон байна.
Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 84 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 14 хэрэг хэлэлцжээ.
Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 151 хэрэг ногдож байна.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1155 хэргийн 55.7 хувь буюу 643 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, 12 хувь буюу 139 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, 21.7 хувь буюу 250 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 10.6 хувь буюу 123 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна. Хүчингүй болгосон 139 шийдвэр, магадлалтай хэргээс 74.1 хувь буюу 103 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 25.9 хувь буюу 36 хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 375-аар буюу 26.8 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 330-аар буюу 27.3 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 33-аар буюу 22.5 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1155 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 772, Хөдөлмөрийн тухай хуулиар 247, Гэр бүлийн тухай хуулиар 44, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 41, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 46 хэргийг хянан шийдвэрлэжээ.
Захиргааны шүүн таслах ажлын талаар
Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 464 хэрэг хүлээн авч, 362 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 17 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 14 хүсэлтийг шийдвэрлэж, 48 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.
Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 50 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 7.5 хэрэг хэлэлцжээ.
Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 56.1 хэрэг ногдож байна.
Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 362 хэргийн 65.7 хувь буюу 238 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 16.5 хувь буюу 60 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 17.6 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 54-өөр буюу 12.2 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 56-ээр буюу 18.3 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 12-оор буюу 27.3 хувиар тус тус өссөн байна.
Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 362 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 100, Газрын маргаан 88, Татварын маргаан 38, Ашигт малтмалын маргаан 16, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 12, Төрийн хяналт шалгалттай холбоотой 10, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой 9, Орон сууц хувьчлалтай холбоотой 6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 2, Сонгуулийн маргаан 1, бусад маргаан 80 байна.