Нийслэлийн “ягааны гудамж”
2013/08/18
Манай улс чөлөөт Ардчилсан нийгэмд шилжсэн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сайн, муу олон өөрчлөлт шинэчлэл явагдсаны нэг муу жишээ нь “шөнийн эрвээхэйнүүд” буюу биеэ үнэлэгчид юм.
Зах зээлийн хатуу нийгэмд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ахархан бодолтой охид бүсгүйчүүд чамгүй ашигтай энэхүү далд бизнесийн амтанд орж, эцгээс бүрэлдэж, эхээс унасан ариун биеэ арилжсаар.
Уг нь манай улсын хуульд мөнгө олох зорилгоор бусдад биеэ үнэлэх, бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, зуучлах, орон байраар хангах зэргийг хатуу хориглодог ч тэдний тоо жил ирэх бүр нэмэгдэж, нас нь ч улам бүр залуужсаар байгаа нь харамсалтай.
Цагдаагийн байгууллага хэдийгээр гэнэтийн шалгалт хийдэг боловч дорвитой арга хэмжээ авч чадалгүй байсаар өдий хүрсэн нь биеэ үнэлэгчдийг улам гааруулсан гэж хэлж болно.
Ямартай ч бид гэмт хэрэг, халдварч өвчин зэрэг олон арван асуудал араасаа дагуулдаг биеэ үэнэлэгчдийн талаар хийсэн шөнийн сурвалжилгаа хүргье.
Манай сурвалжлах хэсэг биеэ үнэлэгчдийн байнга зогсдог зогсоол буюу хөдөө аж ахуйн яамны автобусны буудал дээр очсон юм.
Хэдийгээр цаг орой болж нийслэлийн замын ачаалал эрс буурсан ч энэхүү зогсоолын ойролцоо авто замын ачаалал, хөл хөдөлгөөнтэй байх бөгөөд эгээтэй л хэсэгхэн газар түгжрэх шахуу юм болох аж.
Богино банзал, өндөр өсгийт, нимгэн хувцсаар гоёсон биеэ үнэлэгчид зам дээр такси барих гэж байгаа аятай гараа ачин зогсох бөгөөд хажуугаар нь өнгөрөх машин бүрийг харж хаанаас хэн дуудах бол гэсэн шиг ширтэнэ.
Үнэ хөлсөө тохирох гэж нэлээд юм болдог бололтой заримтай нь муудалцаж хэрүүл маргаан дэгдээн элдэв хараалын үг урсган маргалдах тэд өөрсдөө ч мөн муу сайн “Я.....” гэх үгээр хараалгана.
Биеэ үнэлэгчид “хэдүүлээ” юм бэ гэдгийг хамгийн түрүүнд асуудаг
Ажиглавал энд зогсох эмэгтэйчүүдийн ихэнх нь 18-25 орчим насных юм уу гэмээр харагдана. Тэднийг зуучилдаг бас хамгаалдаг хүмүүс ч мөн хажууханд нь байх бөгөөд 18-99 УБД улсын дугаартай “Тоёото Приус” маркийн авто машинд сууцгаана. Биеэ үнэлэгч охидод нь цагдаа ирэх юм уу ямар нэгэн асуудал гарвал санаа тавих нь тэдний үүрэг.
Уг машинаас 40 орчим насны махлаг эмэгтэй байнга шахуу бууж зогсоол дээр ирэх үйлчлүүлэгчидтэй уулзах бөгөөд тохиролцоонд хүрвэл охидоо дуудаж машинд суулгаад явуулж байгаа ажиглагдав.
Биднийг уг зогсоолийн ойролцоо ирж зогсмогц 20 орчим насны нэгэн эмэгтэй дөхөж ирээд “Яриа байна уу” гэж асуулаа. Бид ч тэднээр үйлчлүүлэхээр ирсэн хүний дүрээр түүнтэй ярилцсан юм.
Яриа хөөрөө байна гэж хэлээд хэдэн төгрөгөөр явдгийг нь асуухад. “Хоногоор авбал 150 мянга, цагаар бол 50 мянган төгрөгөөр явна. Хэдүүлээ явж байгаа юм бэ” гэв. Одоохондоо хоёулаа байна.
Хэд хүртэл байж болох юм бэ гэхэд “Хэд ч яах вэ дээ. Арай арав, хориулаа хамт авах гээгүй юм байгаа биз дээ” гэж хэлээд инээд алдаж байсан юм. Гурвуулаа бол яах юм бэ, явах юм уу гэхэд “Тэгье, дундаа 150 мянган төгрөг л өгчихгүй юу” гэлээ.
Түүний хэлснээр ганцаараа олон хүнтэй явах тохиолдолд хүний 50 мянгаар үржигдээд тооцогддог бололтой. Найз маань ирж яваа. Тэр болтол машинд суугаад хүлээж байхгүй юу гэх бидний саналаас тэрбээр татгалзсан бөгөөд ирэхээр нь дуудчихгүй юу гэсээр цааш яваад өгсөн юм. Үүний дараа мөн л 20 орчим насны эмэгтэй бидэн дээр ирж яриа хөөрөө байгаа эсэхийг асуулаа.
Тэрбээр мөн л хоногийн 150 мянга, цагийн 50 мянгаар явдаг гэлээ. Арай хямдарч болдоггүй юм уу мөнгө арай хүрэхгүй байна гэж хэлэхэд бас л хэдүүлээ юм бэ гэх асуултыг асууна. Учир нь энд ирсэн эрчүүд ихэндээ хямдийг нь бодоод олуулаа дундаа нэг хүүхэн авах тохиолдол нэлээд түгээмэл байдаг гэнэ.
Тэрбээр гурваас дээш бол явахгүй ээ. Хүний 40 мянгаар л явья. Үүнээс доошоогоо бууж чадахгүй гэсэн юм. Биднийг ирэхээс өмнө уг зогсоолд зогсож байсан таксины жолооч залуутай яриа өдөж зарим зүйлсийн талаар асуулаа. Тэрбээр заримдаа энд ирж биеэ үнэлэгчдийг зөөврлөдөг аж.
Түүний хэлснээр энд байнга зогсдог 10 гаруй охид байдаг бөгөөд заримдаа бүр өдөрт 20-30 хүрэх тохиолдол гардаг гэнэ. Тэднийг зуучилж дундаас нь хувь авдаг зуучлагчид нь энэ газар хэн хэзээ зогсохыг нь ихэвчлэн шийддэг байна.
Энд зогсдог биеэ үнэлэгчдийн ихэнх нь Хөдөө аж ахуйн яамны хажууханд байрлах “City” зочид буудал болон ойролцоо байрлах зочид буудлуудаар үйлчлүүлдэг аж. Бид биеэ үнэлэгчдийг орогнуулдаг гэх “City” зочид буудалд очлоо.
Уг буудлын үүдээр орж өрөө болон хүүхэн байгаа эсэхийг асуухад, “аль аль нь байгаа, үүдэнд хүлээж байгаарай” гэсэн юм. Удалгүй уг буудлаас 20-25 орчим насны хоёр биеэ үнэлэгч гарч ирсэн юм. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.
- Та хоёрыг буудлын үйлчлэгч эмэгтэй дуудсан уу?
-Тэгсэн. Хоёулаа яваа юм уу.
-Тиймээ. Хэдээр явдаг юм?
-Хоногийн 150, цагийн 50 мянгаар л явна даа. Энэ чинь угаасаа тогтчихсон үнэ шүү дээ.
-Үнээ жаахан буулгаж болохгүй юу. Мөнгө арай л хүрэхгүй байна?
-Цагаар л авчихгуй юу. Цагийн 40-өөр явж болж байна. Та хоёр, хоёр цаг авахад л хангалттай биз дээ. Тэгээд жаахан унтаж амрахаа бодохгүй юу. Бид хоёр ч гэсэн дараагийн үйлчлүүлэгчээ авахаа бодъё. Одоо цаг ч нэлээн орой болчихсон байна.
-Та хоёр энэ буудалд байнга байж байдаг юм уу?
-Байнга ч биш л дээ. Урдуур /Хөдөө аж ахуйн буудал/ харин жаахан чанга байна гэхээр нь л. Гэхдээ энд хааяаа байдаг юм. Заримдаа урд буудал дээр бас зогсоно. Янз янз л байдаг. Одоо угаасаа ингэсгээд хүйтрээд эхэлчихнэ. Хар хүйтэнд гадаа байнга зогсоод байлтай биш. Дулаахан газар байх хэрэг гардаг юм аа.
-Урдуур чанга байна гэж. Цагдааг хэлээд байна уу?
-Тиймээ. Цагдаа нар шалгалт хийх гэж байна гэж дуулдаад.
-Цагдаа шалгалт хийх гэж байгааг яаж мэдэж байгаа юм бэ?
-Өө тэгээд мэдэж бас болно шүү дээ. Баригдчихвал нэг хэсэгтээ л гай болно. Манай энүүгээр сүүлийн үед нэлээн чанга болоод байна.
-Арай энэ буудалд хамт байж байхад цагдаа ороод ирэх юм биш биз дээ?
-Үгүй ээ өчигдөр энгүүр ирээд явсан. Өнөөдөр бол ирэхгүй.
-Сая хөдөө аж ахуйн буудал дээр баахан хүүхэн зогсож л байна лээ шүү дээ. Та нарыг угааса цагдаа тоохоо байчихсан юм биш үү?
-Үгүй ээ тоолгүй яах вэ. Баригдчихвал торгоод, хорьж саатуулаад бөөн юм болдог юм. Угаасаа л цагдаа нар биднийг болиулж чадахгүйгээс хойш нэг мөсөн хуулиараа зөвшөөрчихмөөр юм. Тэгвэл ингэж нуугдаж зугтаж сэтгэлээ зовоохгүй хэн хэндээ амар шүү дээ.
Хорилоо гээд ямар больчих юм биш. Тэгээд ч ямар хүн хулхидаж, хулгай хийгээд хүн хохироогоод байгаа биш. Амьдрах гэж л ядарч яваа биднийг тайван орхих хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.
- Янз нь та хоёр баригдаад хаширчихсан юм аа даа?
-Баригдаагүй гэж хэлж болдоггүй юм гэнэ лээ. Ер нь л хэцүү. Баригдвал “Дэнжийн 1000”-ийн урьдчилан саатуулах төвд аваачаад хорьчихдог юм. Бид хоёр урд буудал дээрээс баригдаж л байсан. Тэгээд л айгаад байна.
Ямартай ч бидний хийсэн сурвалжлагаар амьдралын эрхэнд биеэ үнэлэхээс өөр замгүй болсон гэх дээрх бүсгүйчүүд амьдралын нугачаанд өөрсдийгөө золиослон нийслэлийн нэгэн шөнийг иймэрхүү янзаар өнгөрүүлж байгаа нь харамсалтай.
Х.Нарангэрэл
Эх сурвалж: