UBS телевизээс өнгөрсөн жил “Universe best songs” наадмыг найм дахь удаагаа зохион байгуулсан билээ. Тус наадмын гран при шагналыг хүртсэн Б.Билгүүн оны өмнөхөн болж өнгөрсөн “My Voice” тэмцээнд оролцож хоёрдугаар байрт шалгарчээ. 51 дүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, авьяаслаг хүүтэй уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Б.Билгүүн хэдэн настай билээ?

-Энэ сарын 23-нд 18 нас хүрлээ.

-Удахгүй дунд сургуулиа төгсөх гээд хичээл ихтэй байна уу?

-Тийм ээ. Тэмцээн, уралдаанд оролцох гээд олон сар хичээлээ цалгардууллаа. Багш нар маань ч “Одоо төгсөх гэж байна. Яаж байна” гээд л хэлээд байгаа.

-Цаашдаа ямар сургуульд сурах гэж байна. Мэдээжийн хэрэг дуучин болно биз дээ?

-Мэргэжлийн хувьд гэвэл хөгжмийн зохиолчоор суралцах бодолтой байгаа. “Universe best songs 2015”, “My Voice” хоёрт амжилттай оролцож, хоёр ч сургуульд суралцах эрх авсан. Яах эсэхээ хараахан шийдэж чадаагүй л байна.

-Өөрөө нэг ярилцлагандаа нот мэдэхгүй гэж ярьсан байсан. Үнэн үү?

-Нот мэдэхгүй.

-“Хайрын виз” дууг дуулахдаа төгөлдөр хуур тоглож байхыг чинь харсан. Их сайн тоглож байсан. Хэзээ сурсан юм бэ?

-2013 оны аравдугаар сард төгөлдөр хуур худалдаж авсан. Авсан оройноо л тоглож эхэлсэн. Урьд нь төгөлдөр хуур тоглож байгаа хүмүүсийг хараад ингэж тоглодог байхдаа гэж боддог байлаа. Нэг тийм төсөөлөлтэй байсан гэх үү дээ. Нэлээд гуйж байж авахуулаад тэр оройжингоо тоглосон.

-Өөрөө сурсан гэсэн үг үү?

-Тийм.

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулсан бэ?

-14 настайгаасаа тууштай дуулж эхэлсэн. 2012 онд “Камертон 2” шоу болоход оролцсон. Гуравдугаар шатнаасаа хасагдсан. Тэр үеэс л дуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Түүнээс хойш тэмцээн уралдаанд оролцож байр эзлээд улам урамшсан.

-Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Анх 2010 онд “Авьяаслаг монголчууд” тэмцээнд оролцож хүчээ сорьсон. Эхний шатнаас нь хасагдсан боловч түүнээс хойш дуу маш их сонсдог болсон. Ямар ч бэлтгэлгүй оролцсон болохоор аргагүй биз дээ. Хүмүүсийн дуулж байгааг хараад “Ингээд дуулчихгүй” гэж боддог байлаа. Түүний дараа “Камертон 2” шоу боллоо гэсэн сургаар шууд оролцоод бас л хасагдсан. Тэгэхэд дуучин Д.Болд ах “Миний дүү арай л болоогүй байна даа. Гэхдээ дуулахаа битгий болиорой” гэж хэлж байсан. Тэр тэмцээнд оролцоод хасагдаад бүтэхгүй юм байна гээд л орхиж болох байсан л даа. Яагаад ч юм түүнээс хойш дуу сонссоор л байсан. Энэ нь тэмцээн уралдаанд оролцоход их хэрэг болсон.Ингээд “Камертон 2” тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож гуравдугаар шат хүртэл явж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч билээ. Дараа нь БНСУ-ын ЭСЯ-наас зохион байгуулдаг “Солонгос дууны тэмцээн”-д нэгдүгээр байр эзэлж 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Маш их баярлаж билээ. Дууны тэмцээнд анх түрүүлээд орой нь гэртээ ирэхэд ээж, эгч хоёр маань надад мөнгөний хэтэвч бэлэглэж байв. 14 настай байсан, мөнгөний хэтэвчгүй байлаа. Тэр үед ээж маань надад “Ээж, эгч хоёр нь сууж байгаад ярилцлаа. Чамайг ерөөсөө л урлагийн хүн болгох хэрэгтэй юм шиг байна” гэж билээ. Өмнө нь урлагаар явахыг зөвшөөрдөггүй байсан.

-“Universe best songs 2015” тэмцээнд оролцож байхдаа түрүүлнэ гэж бодож байсан уу?

-Анх энэ тэмцээнд оролцохдоо л түрүү байрын төлөө үзнэ гэсэн бодолтой байсан. Дуулж эхлээд удаагүй байсан үе. Яагаад эхнээсээ түрүүлж чадна гэсэн бодол төрсөн гэхээр би олон дуулдаг найзтай. Найзууд маань надаас илүү амжилтад хүрчихсэн гэтэл тэдэнтэй харьцуулахад минийх үнэхээр чамлахаар байлаа. Тиймээс амжилтаа ахиулах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрж жаахан шар хөдөлсөн. Надтай цуг бэлтгэл хийдэг байсан ах гэхэд 2014 оны “Universe best songs”-д ороод хоёрдугаар байрт шалгарчихсан. Тиймээс надад боломж байгаа юм байна гэж бодсон. Дөрвөн шатны шалгаруулалтын явцад энэ бодол маань улам баталгаажиж билээ. Ингээд гала тоглолтод дуугаа дуулсны дараа “Би ямар ч байсан шагналт байранд орчих байх. Харин гран при юу л бол доо” гэсэн бодол төрсөн.

-Гран при авсныхаа дараахан залгуулаад “My Voice” тэмцээнд оролцсон юм байна?

-“My Voice” –д оролцох уу байх уу гэж нэлээд эргэлзсэн. UBS телевиз дээр очоод тэмцээний шторкийг харсан чинь их гоё санагдаж билээ. Ээжээсээ яах уу гэж асуусан. Орохгүй байх мөн оролцох олон шалтгаан байсан. Ингээд ерөөсөө л энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд л шийдсэн. Надтай бэлтгэл хийдэг ах маань ч оролцсон. Бид хоёрын тулааны үе эхэллээ гэж бодсон. Бид чинь маш зөв өрсөлддөг, их гоё л доо. Ингээд тэмцээндээ ороход маш сайхан байж билээ. Гэхдээ сайхан юм болохын өмнө их хэцүү шийдвэр тулгардаг. Ямар дуу дуулахаа шийдэж чадахгүй нэлээд удсан. Энэ бол маш чухал шийдвэр л дээ.

-Танай гэрт дуулдаг хүн байдаг уу?

-Ээжийн ээж буюу эмээгийн талынхан дуулдаг хүмүүс байсан. Завханы Баянтэс сумын хүн л дээ. Эмээ маань шанз тоглодог, сумын клубт дуулдан байсан.

-Нэлээд хэдэн томоохон тоглолтод оролцсон гэсэн. Энэ талаараа яриач?

-Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцож “Надад өгөөгүй хайр” дууг дуулсан. “My Voice”-ийн гала тоглолт байна.

-Хамтарч ажиллах санал тавьж байна уу?

-Саяхан гала концерт болохын өмнөхөн шинээр хийх гэж байгаа киноны соунд трэкийг дуулах санал тавьсан.

-Ямар дуучинг шүтдэг вэ?

-Жастин Бибер шиг болох юмсан гэж боддог. 2010 оноос хойш түүний дууг сонсож байгаа. Өмсдөг хувцсыг нь хүртэл дуурайж ижилхэнийг авч өмсдөг байлаа. Анхны цомогт нь орсон бүх дуу нь таалагддаг. Сүүлийн үед Жастин Бибер нэлээд өөр стилийн дуу дуулдаг болсон, надад тийм ч их таалагдахгүй байгаа. 2014 он хүртэл Ж.Биберийг охид шүтдэг байсан. 2015 оноос хойш түүнийг эрчүүд их шүтдэг болсон.

-Чи саяхан хөгжмийн зохиолч СГЗ Л.Балхжавтай уулзсан гэж байсан. Чамд юу гэж хэлж байна?

-Л.Балхжав ахтай уулзахад архи, тамхи, хар тамхи зэрэгт битгий мансуураарай. Энэ бол чамайг олигтой мансууруулахгүй. Түүнээс илүү мансуурах зүйл бол дуу хуур, урлаг гэж хэлсэн нь санаанд орж байна.