Өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагт буюу энэ сарын 13-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч бүсгүй амиа хорлосон хэрэг гарчээ. 

Тодруулбал, Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч 26 настай О хэмээх эмэгтэй өөрийгөө боомилж, амиа хорлосон байна. Тухайн үед цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийн амиа хорлосон болохыг нь тогтоожээ.  Гэхдээ талийгаачийн гэр бүл үүнтэй санал нийлэхгүй байна. 


Талийгаач даргынхаа дарамтаас болж, амиа хорлосон уу 

Талийгаач амиа хорлохын өмнөх хоёр өдөр ажил болон гэртээ ирээгүй байна. Улмаар ар гэрийнхэн нь санаа зовж, цагдаад мэдэгдэж эрэн сурвалжилж эхэлсэн аж. Ингэснээр талийгаачийг энэ сарын 14-ны өдөр Баянзүрхийн товчооны ойролцоо буюу олны нэрлэж, заншсанаар Адам, Евагийн хөшөөний хажууд өөрийгөө боомилж амиа хорлосон байхад нь олсон байна. Улмаар гэрийнхэнд нь хэл дуулгаж, амиа хорлосон хэмээн мэдэгджээ. 

Гэтэл ар гэрийнхэн нь талийгаачийг амиа хорлох хүн биш гэдэг санал нэгдэж, талийгаачийг бусдын гарт өртөж, нас барсан гэсэн аж. Учир нь талийгаач өмнө нь ажил дээр нь ямар нэгэн зүйл болж, бүтэхгүй байгаа талаар ярьдаг байжээ. Мөн хэн нэгэн даргын дарамт байгааг ярьж байсан гэнэ. Энэ бүхэн хэн нэгэн дарга бүсгүйг амиа хорлоход хүргэсэн хэмээн үзэхэд хүргэжээ. Магадгүй нэг талаар бүсгүйд ямар нэгэн дарамт байсан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, талийгаач бүсгүй амиа хорлох гэж нэг бус удаа оролдож байжээ. Үүнээс гадна хэрэг гарахаас өмнө нь буюу энэ сарын 2-ны өдөр судсаа ханахыг оролдож байсан аж. Энэ үйлдэл нь түүнийг ямар нэгэн байдлаар дарамтад өртсөн байж болзошгүй гэдгийг харуулж байгаа юм. 

Мэдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байна гэдэг эмэгтэй хүний хувьд бэрх ажил. Түүнд сэтгэл санаагаар унах, залхах үе байсан байхыг үгүйсгэхгүй. Энэ байдал нь хуримтлагдсаар амиа хорлоход хүрсэн байж болзошгүй юм. Гэхдээ талийгаач бүсгүйн гэрээслэл бичиж үлдээсэн нь хэргийг улам ээдрээтэй болгож байгаа юм. 

Гэрээслэлдээ өөрийнхөө үхлийн буруутан хэн болохыг хэлсэн үү 

Тэрбээр хоёр хоногийн өмнө өөрийнхөө өрөөнд гэрээслэл бичиж үлдээжээ. Гэрээслэлд өөрийнхөө үхлийн шалтгаан юу байсан, үнэхээр хэн нэгний дарамтаас болж амиа хорлосон эсэх нь тодорхой байгаа. Гэхдээ энэ нууц хэвээр байна. 

Учир нь энэ хэргийг хууль хяналтын байгууллагаас амиа хорлолт гэж үзээд, хаах гэсэн боловч ар гэрийнхэн нь хэн нэгний дарамтаас болсон хэмээн гомдолтой байгаагаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгджээ. Гэтэл талийгаач эмэгтэйн гэрээслэл болон өөр бусад зүйлс түүнийг ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсан гэдгийг баталж байгаа аж. Гэрээслэлд чухам юу гэж бичсэн байсан талаар эх сурвалжаас тодруулахад талийгаач өөрийнхөө байгаа байдалд сэтгэл дундуур байдаг тухайгаа дурьдсан байна.

Тодруулбал, “...Миний хараа муу. Өдрөөс өдөрт хорвоог харах нүд минь муудаж байх шиг. Энэ байдал маань намайг амьд явах сонирхолгүй болгож байна. Гомдолгүй...” гэхчилэн гэрээслэлдээ бичсэн байжээ. Энэ бүхэн түүнийг ямар нэгэн гадны нөлөөгүй нас барсан гэдгийг баталж байгаа гэх. ШШГЕГ -ын албаны эх сурвалж ч мөн түүнийг даргынхаа дарамтад орсон зүйл байхгүй гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр энэ бүсгүй хэн нэгний дарамтаас болж, амиа хорлоогүй. 

Хүмүүсийн ярьж байгаа шиг гадны дарамт байхгүй байсан гэдгийг олонч ч албаны эх сурвалжууд хэлж байгаа хэрэг юм. Гэвч гэр бүлийнхнийх нь хөндсөн асуудлыг орхиж болохгүй мэт. Үнэхээр тэр эмэгтэй даргынхаа дарамтаас болж амиа хорлосон бол яах вэ. 

Ямартай ч энэ хэргийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүний амьдралаас уйдаж, амиа хорлох шалтгаан нь юу байсан нь шалгалтын явцад илрэх биз ээ.

Г.Мянган