​“Муу нь муудаа дээрэлхүү. Муна гадсандаа дээрэлхүү” гэсэн нэг үг байдаг даа. Манайхан яг л тийм хүмүүс. Ядарсан нэгнээ өргөөд өгөхгүй байж дээрээс нь өшиглөөд, өвдөглөөд, өнхрүүлээд унагачих санаатай.

Энэ хандлагаа гадаадынханд ч гэсэн адилхан гаргадаг гэмтэй. Зөвхөн ядарсан монголчууддаа дээрэлхүү хандаад байна уу гэтэл хятад, вьетнам хүмүүст туйлын дээрэнгүй хандана. Гэхдээ зөвхөн ядарсанд нь. Харин чинээлгүүдэд нь бол ёстой үгүй. Өөрсдөө боол нь болоод л гүйчихнэ. Үүний нэг жишээ болох үйл явдал энэ долоо хоногт болж.

Баянзүрх дүүрэгт байрладаг нэгэн вьетнам засварын газар руу согтуу залуу дайрч ороод гурван засварчинг үгийн сөхөөгүй зодож гарсан гэнэ. Ингэхдээ “Ална. Зайл” гэдгээс өөр үг хэлээгүй бөгөөд зодож, зодчихоод юу ч болоогүй юм шиг гараад явчихаж. Түүний зодуурын бай болсон вьетнамуудын хавирга нь хугарч, шүд нь цөмөрсөн байгаа юм. Энэ бол сүүлийн жишээ. Гэхдээ төгсгөлийнх нь биш. Тэднийг дараа хэн гэгч залуу нь орж ирээд гарынхаа “шүүсийг гаргаж, гаргачихаад” гараад явахыг мэдэхгүй. Ингэлээ гээд нөгөөх вьетнамчуудад нь бас гомдол гаргах эрх байхгүй. Хүний эх оронд хэдэн төгрөг хийж, ар гэрээ тэжээхийн төлөө борви бохис хийхгүй зүтгэж байгаа тэдний хувьд өвчин намдаах эм уучихаад л эвдэрч, гэмтэн машины хальсыг зүлгэхээс өөр үүрэг хийгээд эрх гэж үгүй. Яг л Өмнөд Солонгос болоод дэлхийн бусад улс оронд амьдралынхаа төлөө тэмцэж буй та бидний ах дүүтэй л адилхан. Тэд “Хүний нутагт өвдөж л болдоггүй юм. Өвдлөө л бол цалингүй, байргүй, хоолгүй болно” гэдэгтэй адилхан. Дээрх онцолж өгүүлсэн вьетнамчуудын хувьд хоёр засварын газрынхаа хооронд гэрээтэй таксины жолоочоороо хүргүүлэх маягаар ирж очихоос өөрөөр гадуур гарах нь тун ховор. Яагаад гадуур гарч чаддаггүйг нь асуухаар манайхан байнга зодох, дээрэмдэх маягаар эр бяраа гаргаад байдаг учраас эрүүл мэндээ хамгаалж буй санаа нь энэ. Гэтэл одоо бүр нэг согтуу эр архиныхаа халуунд харанхуй шөнө засварынх нь газар руу дайрч орчихоод, зодож зодчихоод үг, үсэггүй гараад явдаг болж. Гол нь, энэ бүхнийг бичих шалтгаан нь манайхны дээрэнгүй зангаас ичих шалтгаан олшрох болсон болохоор тэр. Яагаад гэхээр манайхан “Гадныхантай тэмцэнэ” гэж цээжээ дэлдэхээрээ барилгын хятадууд, засварын вьетнамчуудыг л айлгадаг гэдэг. Өөр бусдыг нь бол хүчирдэггүй. Өмнөд Солонгос эзэнтэй рестораны эзэдтэй бараг л ах дүү болчихсон сард хэдэн төгрөг саадаг бүлэглэл Улаанбаатарт лав нэгээр зогсохгүй олон байдаг гэх. Европын хөрөнгө оруулалттай руу нь бол бүр шагайх нь битгий хэл дөхөж ч чадахгүй. Юу яасан зодож цохих. Юу яасан айлгаж сүрдүүлэх. Яаж ийгээд өөрсдөө “боол нь болчих юмсан” гээд л доошоо харж, дорой дуугараад гүйчихнэ. Энэ бол ерөнхий нөхцөл байдал.

Тэр ч бүү хэл харийн хүнд биеэ үнэлсэн монгол охидыг шийтгэнэ гэж хөлчүүрхэх нь олон. Ингэхдээ нөгөө л ядарсан охидыг айлгадаг гэж байгаа. Саяхан гэхэд л “Хятадуудад 5000 мянган төгрөгөөр биеэ үнэлсэн 17 настай охины үсийг хуслаа” гээд л баахан уйлж, унжуулсан бичлэг интернэтээр цацна билээ. Гэхдээ тэр нь нэлээн хэдэн жилийн өмнөх бичлэг байх магадлалтай. Нэг хэсэг “Үсийг нь хусч байна” гэж сенсааци дэгдээснээс бодоход шүү дээ. Нөгөө биеэ үнэлэгч нь ядарсан айлын ядарсан бүсгүй. Ажил хийх боломж бололцоо хүн болгонд тэгш олгогдоогүй манайх шиг улсад биеэ үнэлэхээс өөр арга олоогүй байж болох. Ингэж бичлээ гээд биеэ үнэлэхийг дэмжиж байгаа юм биш. Зүгээр л ядарсан бүхэн рүү дайрдаг монгол занг бодохоор дургүй хүрэх нь олон болоод л тэр. Харин баян европ, баян хятадтай амрагласныг нь бол биширч, хүндлээд бөөн юм болчихно. Яаж ийгээд гадаад найзынх нь “боол” болчих санаатай урдуур хойгуур нь эргэлдэж, сүйд болцгооно. Архи байвал архиараа дайлж, газар байвал газар энэ тэрээ өгнө. Бид ийм л хүмүүс. Манай Монголын эх оронч залуусын нэг хэсэг нь тийм л хүмүүс. “Муу муудаа дээрэлхүү. Муна гадсандаа дэрэлхүү” гэдэг шиг тэд  зөвхөн барилгын хятад, вьетнам засварчин, харж хандах хүнгүй 17 настай бие үнэлэгчид л дээрэлхэж чаддаг нь энэ. Хөгийн ч монгол зан бол доо.

 

Г.Отгонжаргал