ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Энэ удаагийн дугаартаа бид зохиолч Дашийн Оюунчимэгийн шинэхэн хэвлүүлсэн “Оройн ганц мод” романыг онцгойлж байна.
.
Монголын уран зохиолын 90-ээд оныхоны нэгэн тод төлөөлөл, олны өмнө төдийлөн ил гараад байдаггүй хэдий ч уран зохиолын хөдөлмөрөөс огтхон ч хөндийрөлгүй явж ирсэн уран бүтээлч бол яруу найрагч, зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэг.
.
Тэрээр “Харанхуйн дуулал” /1998/, “Гэсгээгдэгсэд” /2001/, “Очирт уулын бичиглэл” /2003/, “Тэнгэрийн цаг болоогүй” /2006/ зэрэг яруу найргийн болон тууж, өгүүллэгийн түүврүүд хэвлүүлж, “Ноён солиот” /2001/ кино зохиол, “Агай” /2002/ жүжгийн зохиолууд бичсэн. Утга зохиолын хорхойтнууд түүний Исаак Зингерийн “Шоша” роман, Хорхе Луис Борхесийн “Зүүдний ном” өгүүллэгийн түүвэр, Милорад Павичийн “Салхины дотоод тал” роман, Хулио Кортасарын “Тоглоом дууслаа” өгүүллэгийн түүвэр, Венедикт Ерофеевийн “Москва-Петушки” роман зэрэг орчуулгын олон бүтээлээр нь сайн мэднэ. Мөн “Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис” цувралыг эрхлэн хэвлүүлж, тууж, туужийн хэмжээний томоохон 36 зохиол, хүүхдийн үлгэр өгүүллэгийн 300 орчим бүтээл орчуулсан нь Монголын хүүхэд багачуудад оюуны том хөрөнгө оруулалт болж буй.

Сүүлийн жилүүдэд орчуулгын хөдөлмөрт ихээхэн шамдаж, хувь уран бүтээлчийн хувьд нам гүмхэн байсан тэрээр шинэ оны эхэн дээр “Оройн ганц мод” романаа уншигчдын алганд тавилаа. Шинэ номын угтал болгож Төрийн соёрхолт зохиолч Дарма.Батбаяр “Сэтгэл зүрхний тань нутаг дэвсгэрийн хил хязгаар, орон зай, цаг хугацааны тийш тэлэгдэж байгааг та бас мэдрэх байх хэмээн найднам” гэсэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ломбын Нямаа “Нүүдэлчдийн ёс суртахуун бол хүн төрөлхтний хамгийн сүүлчийн оршихуй. Энэ аугаа санааг “Оройн ганц мод” романаас олж үзээрэй. Тэр цагт тэнгэрийн цаг ойртоно” хэмээн тодолжээ.
.
Ер нь сайн зохиол уншиж олох таашаалыг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ? Тэр тусмаа Монгол зохиолчийн оюуны царааг тод харуулсан сайн зохиол, сайхан бүтээл уншиж буйдаа олзуурхан баярлах сэтгэгдэл “Оройн ганц мод” романыг уншиж эхлэхээс дуусах хүртэл намайг лав орхисонгүй.
.
Залуу сайхан, боловсрол мэдлэгтэй, дутах гачих зүйлгүй ч юуны ч учирт юм ганцаардан хоосорч, энэ амьдралын юу ч гэлээ тэр өөрт нь огтхон ч падлийгүй болсон гэж санах Ийяа бүсгүй Жаргалантын өртөө хэмээх газрыг зорин явж буйгаар роман эхэлнэ. Гэвч бүсгүйд тэр газар таньдаг хүн үгүй, тийш зүглэх тодорхой шалтгаан ч байсангүй. Зүгээр л хэдэн өдрийн өмнөөс “Жаргалантын өртөө” гэх үг аман дээр нь өөрийн мэдэлгүй гарч ирээд байсан тул жавар тачигнасан дүн өвлөөр олигтой дулаан хувцас ч үгүй гэрээс гарч галт тэргэнд суучихсан юм байж. Ингээд л тэр зургийн зотон шиг залгаасгүй цагаан хөндийгөөр морин хөсгөөр давхиулж, хөлдөж үхэх аюултай нүүр тулан, ухаан алдаж унаад маш сонин зүүд үздэг. Чухам эндээс л Ийяагийн зүүд зөнгөө анзаарч, зураг төөргөө танин ухаарах дотоодын нэгэн их аян эхэлдэг. Ийнхүү орчин цагийн Монголд романы үйл явдлын нэг шугам өрнөнө.
.
Романы хоёр дахь бүлгээс үйл явдлын өөр нэг шугам эхлэх бөгөөд Алтайн Урианхайн баруун гарын Дархан бэйсийн хошууны бүлэг жинчид Өрөмч ороод буцаж явах ажээ. Далан тэмээ хөтөлсөн эл нүсэр жингийн даамал Борх ах бол жин тээх үйлийн нарийн ширийн эрдмийг (тэмээн ачаа хөтлөх, тэмээдийн уяа сойлго тааруулах, ачаа тэнцүүлэх, хуваарилах, буух, үдлэх газраа сонгох гэх мэт) гаргууд эзэмшсэн, байгалийн хатуу сорилгыг даван туулж сурсан, чухам жингийн даамал хэмээх албандаа бүрэн зохирсон, нэг үгээр бол жинхэнэ монгол эрийн идеал дүр мөн.
.
Үйл явдал өрнөн буй цаг хугацаа нь гэвэл өнгөрсөн зууны эхэн үе. Зохиолч баруун Урианхай зоны түүхийн нэгэн мөчлөгөөс сэдэвлэн, нутгийн буурлуудын яриа, аман хуучид тулгуурлан бичихийн зэрэгцээ жин тээж яваа хүн нэг бүрийн зан ааш, хэл яриаг тод томруун дүрсэлсэн нь нэн олзуурхам. Тиймээс ч Борх ах, Умбаа лам, Мэнгэт, Хөөвч зэрэг дүрүүд эгээ л бодитой мэт, уншигч яг л тэдэнтэй хамт жин тээж аяны бэрхийг туулж яваа юм шиг, амттай яриаг нь сонсож суух шиг сэтгэгдэл төрж байна.
.
Эхний шугам дахь өрнөл хүүрнэл нь зохиолчийн дотоод сэтгэл, сэрэл мэдрэмжийн давалгаас долгисыг шингээсэн мэт санагдах бол зэрэгцээ шугам дахь үйл явдал нь өнгөрсөн зууны эхнээс наашилж, Өрөмчөөс Монгол Алтайг зорих жинчидийн хөсгөнд хууч яриа, домгийн хэлнээ үүх түүхийг харгуулан, өтгөс өвгөдийн аян явдал, хэл сэтгэлгээг тээлгэсээр өнөө цагийн уншигч бидэнд хүргэн ирж буй нь ихээхэн сонирхолтой.
.
Ерөөс “Оройн ганц мод” бол хуудас ахих бүрт уншигчаа эгээ л зохиолчийн дүрсэлсэн шиг “соронзон гүрд татагдах төмрийн үртэс шиг” болгож орхидог зохиол гэчихэд нэг их хилсдэхгүй. Туулийн шидэд автаж үлгэрийн мэт сайхан орноор зорчих Сийлэнгийн гайхширал, замд тааралдах нууцлаг хар хувцастай эмэгтэй, жаалхан хутагтын алгандаа үзүүлсэн шид, явган Мэргэний тухай домог, хаа нэгтээх дармал эрдэнэ тийш замчлах газрын зураг бүхий сахиус… Басхүү Далантай, Хуяг хоёрын салж хагацашгүй далд барилдлага, зүүдний мэргэн аалз, хараагүй эмгэний гүн утгат яриа, хээрээс олсон нууцлаг ном, өш хорсол, сэтгэлийн гутагаас болж үрсэн амьдрал, хэргийг нь гаргаж чадаагүй авьяас, Ийяагийн тэмдэглэсэн зүүд, Далантайн тайлал, энэ амьдралыг орхихын өмнөх эцгийн ухаарал… ийн адал сонин ч юм шиг түүхийн энгүүхэн хүүрнэсээр роман төгсгөлдөө хүрэхэд мөнөөхөн амьд яваагийнхаа учир начрыг ч ухаарах сөгөөгүй байсан Ийяа бүсгүй “авга” Далантай болон аавтайгаа уулзаж, дүүгээ олж, амьдрал нь эцсийн эцэст утга учраар гийж байна.
.
Зохиогч номынхоо нээлтэд хэлэхдээ “Монголын түүхийн хариулах ёстой асуултууд гэж бий. Тийм учраас түүхэн зохиолууд бичигдэх учиртай” гэдгийг онцлон дурдсан. Тиймээс “Оройн ганц мод” романаа бичихээр сүүлийн дөрөв, таван жилийг судалгаа хийхэд зориулжээ. Цаашид ч түүхэн сэдэвт тулгуурласан зохиол бичих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг нь дуулахад таатай байв. Учир нь “түүхэн зохиол” гэх томдсон шошго зүүлгэсэн, уран зохиолын бүтээл гэж үзэхэд ч бэрхтэй бичвэрүүд мэр сэр тохиолдох болсон өнөө цагт “Оройн ганц мод” роман шиг чамбай судалгаатай, эх хэлнийхээ хэр чансааг сорьсон, туурвил зүйн шинэлэг арга барилыг туршсан бүтээл нэгээр тогтохгүй хэвлэгдэн гарах нь завшаантай хэрэг билээ.
.
…Зүүд зөнгөөр шившиж, салхи цасны хэлээр мэтгэсэн мэт тийм нэг сайхан хүүрнэлтэй, гойд найраглаг роман, “Оройн ганц мод”. Мөнхүү нүүдэлчний ахуй соёлоосоо улам улам алсран даяаршил хэмээх хөлгүй их хөдөлгөөнд уусан автаж буй ээдрээтэй ч гэмээр энэ цагийн залуу хүний хувьд Монгол хүний оюун санааны үнэт зүйлс, итгэл үнэмшлийн тухай дахь чухаг нэгэн учигийг “Оройн ганц мод”-ноос олж болох мэт санагдсаныг нуух юун.
.
Урианхай түмний ахуй соёлын нэгээхэн хэсгийг жин тээх үйлээр нээн харуулж, хүн зоных нь авир араншин, хэл яриаг (елдэн гадиа, улсан гэх мэт одоогийн бидний мэдэхгүй үгс энэ зохиолд цөөн биш тохиолдоно) тодлон бичиж, туульс хайлах, икэл татах зэрэг соёлын нандин өв уламжлалыг тусгахын зэрэгцээ түүхийн улбааг мөшгиж, хамгийн гол нь энэ бүхнийг ганц романы үйл явдалд багтаан чадварлаг сүлсэн зохиогчийн шийдэл нь эл романыг ихээхэн уншууртай болгож, үнэ цэнг нь өргөж байнам.

Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
.
Эл романыг олон хүн уншаасай гэх чинхүү хүслээр товчхон сэтгэгдлээ бичиж уншигчийн хувиар өөрт таалагдсан зарим хэсгүүдийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр дор ишлэн орууллаа.
.
- “Харанхуй бас ийм цагаан байж болдог оо!” гэж Ийяа анх удаа гайхав.
.
Залгаасгүй цагаан хөндий өмнө нь дэлгэгдсэн зургийн шив шинэхэн зотон мэт үргэлжилж, цасан шуурга хийгээд довтолгон яваа морьт хөсөг хаа нэгтээгээс татлан нийлүүлэх хамгийн чухал зураас мэт сунах ажээ.
.
Алдар нэр, эрх мэдэл, мөнгөний төлөө, дээр нь нэмээд хайр сэтгэлийн төлөө, эцэст нь тэрхүү хайр сэтгэлээсээ төрүүлж бий болгосон үр хүүхдээ дээрх бүгдтэй болгохын төлөөх хатуу ширүүн дайн дажингүйгээр хүний амьдралд утга учир байна уу.
.
Өвлийн дуу ер нь хамгийн хол зайг туулдаг байх, ажин түжинд эзлэгдэн цас мөсний ноёрхол дунд зүүрмэглэх газар дэлхийд түүний дууг саатуулж сарниулах өөр ямар нэгэн дуу чимээ үгүй. Өвлийн байгалийг цочоож зүрхлэх нь жам ёсноос ихэд гажуу зүйл биш гэж үү?
.
Хөөвч зөвхөн дуулснаа ярьдаг, харснаа л харсан гэдэг бол Мэнгэт харснаа ч харсан гэдэггүй, сонссоноо ч сонссон гэдэггүй хүн.
.
Икэл тоглоход чихээр сонсох, гараа хөдөлгөхөөс илүү сэтгэлээ хураах гэж маш чухал юм байдаг.
.
Сэтгэл гэдэг хаа дуртай газаа сэлгүүцэж явдаг тэнүүлчин нэгэн бол энд байдаг нэг зүйл орчлонгийн ороо бусгаа зүйлээс ангид тогтвортой оршдог, түүнийг нээн оролцуулж чадвал юу ч байсан ид шидийн хүчийг олдог гэж надад икэл зааж өгсөн.
.
Бүх юм эр эмийн нийлэмж, найрал зохицол дээр оршин тогтнодог юм. Үг хүртэл эм эрээрээ ялгагдана. Хүмүүний амьдралаас авхуулаад байгаль дэлхийд хүртэл эр эмийн хууль үйлчилдэг юм
.
Хүний амьдралын арван жил, хорин жил өөр хоорондоо ялгарах юмгүй, нэгэн хэвийн бэлийн чулууд шиг өдөр хоногуудаар дүүрэн байдаг бол ганцхан өдрийн ганцхан удаагийн цаг мөч тэлж, уртсаж, хором бүр нь хун галуу шиг, эсвэл ар царамд ургадаг вансэмбэрүү шиг амь орон биежээд аялгуулан дуулж, цэцгийн анхилга түгээн, балын амтыг мэдрүүлэн, харах нүдийг баясгасаар тэр л дүлий дүмбэ оргисон арав, хорин жилийг дүүргэж бүр илүү гарах нь ч байдаг бололтой.
.
Хэн ч гэсэн мөнгөгүй байж болно, харин хөлгүй байж болно гэж үү? Жишээ нь Сийлэн хэзээ ч мөнгө хэрэглэж явсангүй, тэглээ гээд орох орон гэр, идэх хоол унд, өмсөх зүүхээр дутаж явсан удаагүй. Түүний бодлоор ядуу хүн гэдэг өвчтэй зовлонтой, өрөөл татуу, эсвэл өтөл насандаа үр хүүхдийн тус дэм авч чадахгүй болсныг л хэлэх байх.
.
Тэгэхэд л Хуяг хэтэрхий жаргалтай үед хүний бие дундуур салхи нэвт эгшиглэн гардгийг олж харсан юм.
.
Ядаж газар шорооныхоо төлөө тэмцэж яваад эрсэдвэл нэг хэрэг, гэтэл харийнханд дайчлагдаж, харийнхны тушаал заавраар дайтаж, харийн нутагт сөхрөн унана гэдэг мөн хэцүүеэ.
.
Тэр хоёр дундаа нэг үйлийн үртэй, түүгээрээ ган гархи мэт гагнагдаж орхисон юм байна гэдгийг Далантай ойлголоо.
Тэртээ дор хүмүүний амьдрал хөвөрч, түүнийг даллан дуудаж, сайхан бүхнээ ил гарган үзүүлж байна. Тэгэхэд л
.
Далантай эр эм хүмүүсийн хоорондын таталцлаас илүү хүчтэй юм энэ ертөнцөд үгүйг ойлгосон.
.
Энэ ертөнцийнхний ердийн бүдүүн бараг үг хэлээр хүрэмгүй, зүүний сүвэгчийн чинээ нүхээр салхи шургахдаа гаргаж болох исгэрээний ч юм уу, эсвэл аалзны тор нэхэх сүрчигнээний ч юм уу лав л энэ эгэл боргил ухаан хүрэмгүй тийм нарийн, ердийн оюун санаанаас хэтийдсэн нэг юм байна гэдгийг тэр үүлсийг ажиглаж байхдаа олж мэдсэн юм.
.
Урьд нь хүн бүхнийг чадлынхаа хэрээр ажил хий гэдэг байлаа. Одоо болж өгвөл юу ч битгий хий, бусдын өмнөхийг булааж ав гэдэг нийгэм ирж байх шиг байна даа.
.
Хүний хувь заяаг бурхан зурдаг гэж эндүү ташаа бодоцгоодог.
.
Хэн нэгний хааш явах юу хийхийг зааж заавардаж суудаг тийм их завтай бурхан гэж хаа байх вэ дээ.
.
Одоо л тэр Чанадаас энэ газар уруу чухам яах гэж хөтөлж ирснийг бага сага гадарлаж, хэргийн учир урьд насны муу үйлийг цайруулахад биш хаана ч юм байгаа тунгалаг навчны бичээс тайлахад энэ яваа насны амьдрал зориулагдах учиртай юм байна гэж бодлоо.
.
Сэтгэлээ хоосолж гэмээ нь тэнд юу ч харагдахгүй, усан дусал мэт тунгалагшаад ирэх юм байна гэдгийг нэг удаа бодож олов.
.
…хүн гэдэг чинь өмхийнөөсөө салахад хэцүү амьтан.
.
…бурхны сургаал бол төр барих ухаан биш. Төр гэдэг чинь маш нарийн ялгамжаатай зүйл, дайсантай, нөхөртэй, өршөөлтэй, цаазтай байдаг тийм эд.
.
Угаас манай монголчууд хоол ундыг нэг их эрхэмлээд байдаггүй, “өлсөх” гэдэг үгийг хэрэглэхээс цээрлэдэг улс шүү дээ.
.
Чиний сайн үйл, сайхан үг зөв зурлага гаргаж, тэр зурлага аль нэгтээ зам харгуй болон чамайг хүлээж байдаг.
.
Хүслэнгийн Оронд бүх хүслээсээ салж байж нэвтэрдэг, эс тэгвэл хүний аз жаргал үнэгүйдэж, инээд хөөр гэгч эгнэгт орхидог учиртай гэнэ. Жаргалтай байвч жаргасан болж санагддаггүй, баяртай байвч баярлаж байна гэж боддоггүй, гансралд автдаг.
.
Зүүд ч тэр, салхи ч тэр өөр өөрийн харьяалал, хил хязгаар, хэл соёл, оршин тогтнохуй бас үгүй болохуйтай юм байна.
.
“Сүслэн дээдлэх юмгүй болохоор ингэж сэтгэл хоосон явдаг юм байна”
.
Үг хүнд өвлөгдөнө. Үгийн эрчим гэр бүлийн хүрээнд шүтээн сахиус, эсвэл муу ёрын онгон болон хадгалагдаж ч болно.
.
Зүүд бүрээ задлан шинжилсээр эцэст нь Ийяа зүүд бол бусармаг бодлын хаялга гэсэн хуучин бодлоо хөсөр хаяад үнэндээ шөнө дүрсээр дамжин ирэх бодол санааны тэрхүү ховорхон бэлэг бол хаанаас юм ирж байгаа маш сонирхолтой хэл, зангаа юм гэдэгт огтхон ч эргэлзэлгүй итгэх болов.
.
Манай монголчууд эрт цагаас баялагийг өөр маягаар ойлгож, өөрөөр хэрэглэж ирсэн. Бид алтыг биш алтны мөн чанарыг сонирхдог гэх үү дээ.
.
Аяа, сайхан бөгөөд залуу хүний үхэл хичнээн их шаналал харууслыг дагуулна вэ.
.
Тулга ярилцагч хоёрын яриа эхлээд өрөөлтэй морины явдал шиг байснаа дараа нь хүүгийн нүүдэл шиг болохыг ажиглан дуугүй сууна.
.
Одоо тэдний яриа тэмээний нүүдэл шиг ташуулдаад эхэллээ.
.
Бүх зүйл ялгамжаагүй болж, бүгд адил тэгш чанарт уусаад ирэхээр урвуу учир шалтгаан үйлчлээд эхэлдэг юм болов уу?
.
Ай хөөрхий, нүүрэндээ үстэй адгууснаас долоон дор гэж үүнийг л хэлэх байх даа. Морь мэдэж байхад бид мэдсэнгүй, бээсэн хүүрийн шөл уучихжээ. Үхэж байвч өөрийн зарчмаас үл ухрах байгалийн мөн чанарыг агуулсан адгуус гэгч биднээс хувь илүү юм!
.
Авъяас гэдэг дээдийн бэлэг мөн боловч хэрэв түүнийг зөв зүйлд зарцуулахгүй бол хутга мэснээс ч илүү аюултай байж болох юм. Тэнгэрлэг мөн чанар агуулдгийнхаа хувьд урлагийн бүтээл аймшигт их хүчийг эрхшээж бий болдог.
.
Хэн нэгэн надад “Сэтгэл рүүгээ, дотогшоо хар! Үүл ч бас тэнд нүүж болдгийг сана!” гэж хэлж өгснөөс хойш би гадна талын эрлээ зогсоосон юм даа
.
Дашийн Оюунчимэг “Оройн ганц мод” (2016) романаас