Улаанбаатарт өвлийн ид ачааллын үед нийтийн дулааны хэрэглээг хангаж чадахгүйд хүрсэн талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК-иас мэдэгдсэн. 

Мөн Нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр барьсан болон баригдаж байгаа 98 барилгыг төвлөрсөн дулаанаар хангах боломжгүй гэдгийг онцолсон юм.

Эдгээр барилгуудаас 20 нь орон сууцны зориулалттай бөгөөд таваас арван давхар барилгууд байна. 

“Улаанбаатар дулаан шугам сүлжээ” ХК-аас дулаанаар хангах боломжгүй гэдгийг мэдэгдсэн боловч барилгын ажлаа зогсоогоогүй аж.

Энэ талаар “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Т.Алтангэрэлээс тодрууллаа.

-Энэ жил шинээр ашиглалтад орж буй 98 барилгыг дулаанаар хангах боломжгүй гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ?
-Энэ жилийн хувьд төлөвлөгөөт ажиллагааны дагуу нэлээд хүнд өвөлжих төлөвтэй байгаа. Учир нь дулааны цахилгаан станц  хоёр, гурав дугаар дулаанжуулалтын нөөц, хүчин чадал нь тулчихсан. Хэдийгээр ТЭЦ-4-өөс нөөц байгаа ч дамжуулах шугамаар нэвтрэх боломжгүй болоод байна. Тиймээс өмнөх жилүүдтэй харьцуулахад хүндхэн өвөлжинө. Шинэ орон сууцнуудын хувьд техникийн нөхцөл бүрдсэн, дулаанд холбох зөвшөөрөлтэйг нь дулаанаар хангана. Харин техникийн нөхцөл бүрдээгүй барилгуудыг энэ жил дулаанаар хангах боломжгүй гэж мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн.

-Иргэд байраа захиалаад орон сууцандаа орчихсон тохиолдолд яах вэ. Дулаанаар хангах боломжгүй гэсэн үг үү?
-Энэ тухайд барьсан компани нь хариуцлага үүрэх ёстой. Хамгийн гол нь тухайн байрны техникийн нөхцөл нь дулаан дамжуулах боломжгүй учраас ямар ч арга байхгүй. Тиймээс барилгын компаниуд  үүнийг оршин суугчдадаа ойлгуулах хэрэгтэй. Техникийн нөхцөлөө бүрдүүлээгүй, зөвшөөрөл аваагүй байж захиалагчдаа оруулчихдаг. Харин манай компани дулааныг нь зориуд дамжуулахгүй байгаа мэтээр оршин суугчид ойлгодог. Тэрбээр ийн ярив.

Дулааны асуудлаа шийдээгүй 98 барилгын 20 орчим нь орон сууцны барилга байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гэхэд баригдаад дууссаныхаа дараа захиалгаа аваад эхэлсэн дөрвөн барилга байна. Мөн Баянгол дүүрэгт орон сууцны зориулалттай баригдсан найман барилга байна. Эдгээр барилгын ихэнх нь энэ онд ашиглалтад орох бөгөөд захиалга нь одоогийн байдлаар 50-60 хувьтай байна.  

Ямартай ч дулааны шугам сүлжээнд холбогдоогүй болохыг нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-аас мэдэгдсэн зарим барилгын компаниар орлоо.

Баянгол дүүрэгт байрлах бидний сайн мэдэхээр Гандангийн 60 айлын орон сууцны баруун талд баригдаж буй иргэн Ч.Бямбаагийн барилга дээр очлоо. Энэхүү барилга нь 15х12 метр хэмжээтэй гурван давхар барилга юм. Барилгын өрлөгийн ажил дууссан. Хаалга цонх болон дотоод заслын ажил дутуу байгаа нь харагдаж байлаа. Ингээд барилгын эзэнтэй ярилцлаа.

-Танай барилга хэдэн айлынх вэ?
-Манай барилга нь нийтийн буюу түрээсийн чиглэлээр баригдаж байгаа барилга. Одоо арав дугаар сараас ашиглалтад орно. Ерөнхийдөө 20-иод өрөөтэй.

-Танайх дулааны асуудлаа яаж шийдсэн юм бэ?
-Манайх дулаан төвийн холболттой.

-Танай барилгыг дулааны шугаманд холбох боломжгүй гэж шийдсэн юм биш үү?
-Үгүй. Маргааш нөгөөдрөөс холбуулахаар болсон.

Бидний дараагийн очсон барилга бол мөн л Баянгол дүүрэгт Модны хоёрын баруун талд байрлах 34 дүгээр байрны хажууд баригдаж буй 10 давхар гурван блок бүхий “Монгол эм импекс” ХХК-ийн 88 айлын орон сууц байлаа. 

Барилгын ажлын явц 70 хувьтай байгаа бөгөөд захиалга нь 50 хувьтай байгаа гэж захиалга авч байгаа хүн мэдэгдлээ.

Захиалга авч байгаа хүнээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Байрны захиалга авч байгаа юу?
-Авч байгаа одоогоор 71.96 метр квадраттай байрны захиалга дуусаж байгаа. Харин 90 болон 100 метртэй байрнаас бол байгаа.

-Танай захиалга хэдэн хувьтай явж байгаа вэ?
-Одоогоор 50 хувьтай л явж байгаа.

-Танайх дулааны асуудлаа шийдсэн юм уу?
-Манайх дулааны асуудлаа шийдсэн. Төвийн дулааны шугамтай холбогдсон.

-Танай барилга чинь дулааны шугам сүлжээнд холбогдоогүй барилгуудын жагсаалтад орсон байсан шүү дээ?
-Ямар жагсаалт? Манайд энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Энэ талаар холбогдох хүмүүсээсээ асуугаад л энэ талаар мэдэгдье гэсэн юм. 

Энэ мэтээр дулааны сүлжээнд холбогдох боломжгүй орон сууцны компаниуд захиалга авсаар байна. Тиймээс иргэд шинээр байр худалдаж авахдаа дулаан, цахилгааны асуудлаа хэрхэн шийдсэн талаар сайн судлах хэрэгтэй бололтой.

Н.Баасандэмбэрэл