Автобуснууд бичгийн цаасан хаягтай нисэлдэв
2016/02/26
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын автобусууд хэд хоног ард иргэдийнхээ харааг шалгах гэж байгаа юм шиг бичгийн цаасан хаягтай нисэлдэв. Иргэдийн хувьд томоор бичсэн хаягийг унших гэж бөөн юм болдог байхад бичгийн цаасан дээр юу гэдэг нь мэдэгдэхгүй хаягийг унших гэж харааныхаа баядыг шалгуулав. Ганц нэг автобус ийм хаягтай нисэлдээд байгаа юм уу гэтэл үгүй ээ. Улсын болон хувийн мэдлийн нийтийн тээврүүд цаасан хаягтай зорчиж байв.
Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас асуутал судалгаа явуулж байгаа гэх хариулт өгсөн юм. Ямар судалгаа болох талаар лавлаж асуутал нийслэлийн ИТХ-ын тогтоолоор улсын болон хувийн нийтийн тээврийн орлогын доод хязгаарыг тогтоохоор ажиллаж байгаа гэх юм.
Энэ долоо хоногийг дуустал хувийн автобусны чиглэлд улсын автобус явуулах маягаар сольж гарч ажиллахаар болжээ. Ингэснээр хувийн автобусны чиглэл өдөрт хэдэн төгрөг олдогийг мэдэх гэнэ. Цахим картанд шилжиснээр орлого зарлагаа хянах боломжтой хэмээн хотын удирдлагууд мэдэгдэж байсан билээ. Яагаад цахим картаар орлогоо хянаж болохгүй байгааг нийслэлийн Нийтийн тээврийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Болдоос тодруулав. Тэрбээр “Иргэд одоогоор бүгд цахим үнэмлэхэд шилжээгүй байна. Иргэдийн хувьд картаа автобусанд орохдоо уншуулдагч буухдаа уншуулахгүй байгаа нь орлого, зарлагаа хянахад хүндрэлтэй байна” хэмээв.
Ирэх долоо хоногоос нийтийн тээвэр бичгийн цаасан хаягтай нисэлдэхгүй хэмээн албаны хүн мэдэгдэв.
Т.Буянаа