Тэртээ 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан мисс Б.Гэрэлчулуун дунд сургуулиа төгсөөд жүжигчиний мэргэжил сонгожээ. Айлын ганц охин түүнийг урлагийн хүн болно гэхэд аав, ээж нь тийм ч таатай хүлээж аваагүй гэдэг.

Гэхдээ л багаасаа хүсэж мөрөөдсөн учраас зорилгодоо үнэнч байж жүжигчин болжээ. Загварын тайзнаа чамгүй амжилт гаргасан мисс Б.Гэрэлчулуун  МҮОНТВ-ийн бүтээл “Тусгай салаа” олон ангит кинонд тоглож чамгүй сайн жүжигчин болохоо харуулсан.

Цэргийн алба, цэрэг эрсийн талаар нийгэмд таагүй сэтгэгдэл тогтоод байсан цаг үед цэргийн амьдрал, хайр дурлал, жаргал зовлонгийн талаар харуулсан тус кино нийгэмд эерэг сэтгэгдэл төрүүлсэн юм.

Тус кино гарч эхэлсэн даруйдаа үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан билээ. Уг киног гарсаны дараагаар хөвгүүд төдийгүй охид цэргийн алба хаах, цэргийн  хүн болох сонирхол эрс нэмэгдсэн гэдэг. Киноны гол дүрийг бүтээсэн залуус үзэгчдээс өндөр үнэлгээ авсаны дотор жүжигчин, мисс Б.Гэрэлчулуун дэд ахлагч Номингийн дүрийг чадварлаг бүтээсэн хэмээн онцолдог. Дэд ахлагч Номингийн дүр олон охид, залууст цэргийн хүн болох хүсэл мөрөөдлийг төрүүлсэн гэдэг.

Б.Хорлоо