Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба мэдээллийн шинэ технологиуд” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Монгол Улсын хувьд тус уриалгын хүрээнд Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага нь байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшгийн үед хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг хамгаалах, туслах үйл ажиллагааг баталгаажуулах бүтцийг улс орнуудад хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд тус байгууллагын эх үүсвэр 1931 онд тавигдаж, 1972 оны 3 дугаар сарын 1-нд ОУИХБ Засгийн газар хоорондын байгууллага болон байгуулагджээ.

Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон.

ОУИХБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь иргэний хамгаалалтын албадын үүрэг болох хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах талаархи хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Мөн ОУИХБ-аас Иргэний хамгаалалт, гамшгаас хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, онцгой хувь нэмрээ оруулсан албан хаагчийн гавьяат үйлсийг үнэлэн урамшуулах зорилгоор тус байгууллагын “Баатар одон”-г 1997 оноос гишүүн орнуудын хүрээнд олгож эхэлсэн байна.

Манай орны хувьд 1999 оноос эхлэн иргэний хамгаалалт болон гамшгаас хамгаалах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан 1 албан хаагч ОУИХБ-ын “Удирдагч” одон, 19 албан хаагч “Баатар” одонгоор шагнагджээ.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын хувьд энэ өдрийг байгууллагаа олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан тэмдэглэж байна.

Улмаар өнөөдөр Нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн, Цэцээ гүний ноён оргилд спортын явган аялалыг зохион явууллаа. Харин 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын дунд “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээнийг Хүй долоон худагт зохион байгуулах юм.

 

Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй

 

 

Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан ОУИХБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга доктор Владимер Кувшинов мэндчилгээ ирүүлжээ.

Уг мэндчилгээнд, өнөө үед байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гамшигтай тэмцэх нь шинжлэх ухаан, технологийн салбарт тулгамдаж буй хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Хэрэв шинжлэх ухаан, технологийг зохистойгоор ашиглаж чадвал гамшгийн эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Бид газар хөдлөлт, хар салхинаас урьдчилан сэргийлж чадахгүй ч эдгээрийн хор уршгийг бууруулж чадна.

Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ) нь гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх шинэ мэдээллийн технологийн хэрэглээг цаг үргэлж дэмжиж ирсэн. Иймээс энэ жил Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг “Иргэний хамгаалалт ба шинэ мэдээллийн технологи” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Бид одоо иргэний хамгаалалтын салбарт мэдээллийн технологийг оролцуулан мэргэжлийн ажиллах хүчийг илүү сайн бэлтгэхэд туслах орчин үеийн, шинэ механизмыг боловсруулах үе шатанд явж байна.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологигүйгээр байгалийн гамшгаас хараат бус аюулгүй дэлхийг бий болгох боломжгүй. Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүсэлтэй гамшиг ослоос зайлсхийх, эрсдэлийг бууруулах боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологийн ололт амжилтуудад талархах нь зүйтэй. Гамшгийн эрсдэлийг бууруулах ололт амжилтад бид хүрч чадсан. Одоо хийх цаг нь болсон.

Энэ жил Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын 85 жилийн ой тохиож байна. Манай байгууллага нь анх 1931 онд Женевийн бүсийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдаж байсан хэдий ч одоо ОУИХБ болтлоо өргөжин, том, нэгдсэн гэр бүлийг бий болгожээ.

Миний бие Олон улсын иргэний хамгаалалтын өдрийн босгон дээр гавьяаныхаа амралтанд гарсан иргэний хамгаалалтын бүх шатны албан тушаал эрхэлж байсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа иргэний хамгаалалт, онцгой байдлын албаны албан хаагчдад гал халуун баярын мэндийг дэвшүүлье.

Хүнд нөхцөлд орж, аюулд өртсөн хүн ардыг аврах үйлсэд үргэлж бэлэн зогсдог та бүхний эх зориг, эрс шийдэмгий байдалд гүнээ талархал илэрхийлье” гэжээ.