“Хүний сайныг ханилан байж мэднэ,
Хурлын гишүүнийг сорин байж танина”

УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст нэг ижил шалгуур тавьж эхлэх цаг болсон. Энэ бол бодлогын Мэтгэлцээн.

Хөгжингүй ихэнх орнуудад бодлогын мэтгэлцээн хийж байж уул нэр дэвшигчийнхээ асуудалд хандах хандлага, үзэл баримтлал нь хэр цэгцэрсэн, тулгамдсан асуудлыг яаж шийдэх гэж байгаа байр суурийг нь тодорхой ойлгож авдаг. Нэр дэвшигчдийг хооронд нь өнгө мөнгө, тэрний энэний хүн гэдэг шалгуураар биш улс төрчид байх ёстой ноён нуруу, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллах чансааг нь мэтгэлцээнээр тодорхойлох практик бий.

АНУ-ын жишээн дээр бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн мэтгэлцээнийг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд ил тод нэвтрүүлдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн туршид тодорхой дүрэм журмын дагуу гурван удаа үндсэн мэтгэлцээн хийдэг.

Түүнээс өмнө бүтэн жилийн туршид намууд нэр дэвшигчдээ сунгаагаар тодруулахдаа мөн л мэтгэлцээний явц, үр дүнг үндэс болгодог.

Муж улсууд болон сенат, конгрессын сонгуульд нэр дэвшигчид ч мөн ялгаагүй мэтгэлцдэг.


Муж улсууд болон сенат, конгрессын сонгуульд нэр дэвшигчид ч мөн ялгаагүй мэтгэлцдэг. Тэд асуудлаа ерөнхий гурван ангилалд хуваадаг. Нэгт: Нийгмийн бодлого, хоёрт: Дотоод бодлого, гуравт: Гадаад бодлого гэсэн хүрээнд мэтгэлцээн явагддаг. Түүнээс бус сав суулга тарааснаар нь биш, сонгууль дөхүүлж хэн илүү зурагтаар ухаантай юм ярьснаар нь бус.

Сонгуулийн мэтгэлцээнийг хийж занших нь хамгийн түрүүнд сонгогчдод сонголт хийх бодит боломж бүрддэг. Мөн нэр дэвшигчдэд тавигдах шалгуур ч энэ хэрээр өндөрсдөг. Адаглаад хоосон популизм хийгээд байлгүй асуудлынхаа гүн рүү орох шаардлага гарна. Сонгогчдын нэр дэвшигчдэд тавих шалгуур өндөрсөхийн хэрээр “санамсаргүй од”-ууд зүй тогтлоороо шахагдана.

Нөгөө талаас бэлтгэгдсэн, хүний нөөц байх ёстой газраа ажиллах нөхцөл бүрдэнэ. Төрийн тогтвортой байдал ч цэгцэрнэ.

Манайхан зарим нь “ардчилал Монголд зохино, зохихгүй” гэж туйлшрамтгай үзэлд автах хандлага бий. Берклигийн профессор Сабллофийн тодорхойлсноор Монголчуудын төрийг барьж ирсэн түүхэнд ардчиллын голлох элементүүдийг ашиглаж, гүрэн улсаа байгуулж байсан туршлага бийг эрдэм шинжилгээний үндэстэй нотолсон.
Уламжлалаа бодох юм бол Монголын их гүрэн нэг хүний хэт их дарангуйллаар биш “Хуралдай” буюу хамтын хэлэлцүүлгээр томоохон асуудлаа шийдэж байсан өв бий. Мөнх хааны өргөөнд гэхэд л бүх шашны нөлөө бүхий эрхмүүд цуглаад мэтгэлцээн өрнүүлж байсан түүх 763 жилийн өмнө тохиож байсан байдаг. Монголчууд түүхэндээ өндийж боссон нууц нь эрх чөлөөг хамгийн сайн хангаж, дээдэлж байсан мөчүүдэд илэрсэн байх жишээтэй.

“2016 онд сайн хүн сонгох хэрэгтэй, сонголтоо зөв хийх ёстой” гэсэн ухуулга их явж байна. Тэр үнэн ч ер нь амбицтай хүмүүсийн сайн мууг яаж ялгах юм бэ гэдэг асуулт ургаж гарна. Хүний сайныг ханилан байж мэддэг нь Монгол ёс.

Харин Хурлын гишүүнийг сорьж байж л тарийг нь мэдэж, чадварыг нь танина. Тэр сорилт бөгөөд шалгуур нь чухамдаа “мэтгэлцээн” юм.

Монголчууд өнөөдрийг хүртэл албан ёсоор мэтгэлцээнийг улс төрийн сонгуульд ашиглаагүй байна.


Монголчууд өнөөдрийг хүртэл албан ёсоор мэтгэлцээнийг улс төрийн сонгуульд ашиглаагүй байна. Л.Түдэв гуай, П.Очирбат гуайн үеэс эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулиас 2013 оны сонгууль хүртэл нэг ч удаа Ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг жинхэнэ утгаар нь зохион байгуулсангүй.

Бидний мэтгэлцээн гэж хэлээд байгаа нэр дэвшигчдийн асуулт хариулт бол ямар ч мэтгэлцээний ур чадвар сорьдоггүй шалгуур. Жишээ нь нэр дэвшигчдэд яг ижил асуулт өгөөд 3 минутад хариул гэхээр өөр өөрийнхөө чигт бодсон зүйлээ л хэлнэ. Харин мэтгэлцээн гэдэг бол үүнээс илүү боловсронгуй үзэл бодлын уралдаан, бодлогын өрсөлдөөн өрнүүлэх талбарыг хэлнэ.

“Хуульч Сандаг”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир”, за мөн язгуур урлагийн төрөл болсон “Дайралцаа үг” гээд мэтгэлцээний арвин баялаг өвтэйг нотолсон ардын сайхан уламжлал байна.

“Арван тавны сарыг ар дээр гартал хэлэлцье
Адуу, үхэр хоёрыг бэлчээрт гартал хэлэлцье” гэж байгаа юм. Уул шугамдаа сайтар нягталж асуудлыг олон талаас хөөрөлдөхийн нэр. Лам нар хүртэл хэдэн өдөр шөнөөр Ном хаялцаж, эрдэм чадлаа мэдэлцэн “мэтгэлцдэг” шүү дээ.

Гаднаасаа гял цал хүмүүсийн алийг нь сайн муу гэхэв, үнэн худал нь мэдэгдэхгүй том том сургуулийн диплом өвөртөлсөн нөхдүүдийн хэнийг нь жинхэнэ мэдлэгтэй гэхэв, зүгээр л мэтгэлцүүлээд мэтгэцлүүлээд явчих хэрэгтэй. Тойрогт өрсөлдөж байгаа гишүүд тойрогтоо мэтгэлцээд түүнийг нь цахимаар сонгогчдод хүргэж чадвал сонгогчийн боловсрол ч тэлнэ, улс төрчид ч өснө.
Одоо Монголд цахим орчин газар авч байна, ухаалаг утастай иргэд ч олширч байна. Ирж яваа цагийнхаа өнгийг ухаарч, бидний хувь заяаг залуурдах төрийн эрхмүүдэд өндөр босго тавьж гэмээж нь сонгууль гээч юмны уул утга чанаржина.

Мэтгэлцээн бол өөрийн дүрэм журамтай, хил хязгаартай эд. Хэрүүл маргаан, гүтгэлэг доромжлолоор хэвлэл мэдээллийн орон зайг дүүргэхийн оронд цэц булаалдсан хөгжлийн, бодлогын мэтгэлцээнээр үзэлцэж байж энэ улс төрчид захаасаа томоожно. Мэтгэлцээн хоосон амлалтын хүрээг хумина. Мэтгэлцээн шазав татав гэсэн их зантуудын хандыг дарна. Мэтгэлцээн юуг ч болов харлуулаад сурчихсан хуурамч эх орончдыг илчилнэ.

Мэтгэлцээн тоо баримт, судалгаа, үндэслэл шаардана. Мэтгэлцээн хүний ноён нурууг тандаж, худалчийг илрүүлэх боломж олгоно. Төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн санаачилга гаргаад төрийн гар харалгүй энийг санаачлаад хийх цаг болжээ. Тансаг зангиа зүүсэн тархи зүрх нь царцуу нөхдөд мэтгэлцээн аюулын харанга болно. Эрдэм чадалтай хүмүүст мөнгөнөөс том боломж авчирна. Эрх мэдэлдээ эрдэгчдэд сүүлчийн сануулга болно. Харин ард олонд очих тусыг бол тоочоод баршгүй.

С.Эрдэнэболд