“М Си Эс Пропертиз холдинг” ХХК хууль зөрчиж байгаа баримт -1
2016/03/04
Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүдэд хотын төвд газар, байр өгдөг эрх зүйн зохицуулалттай. Энэхүү зохицуулалтын дагуу Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатад Хуримын ордоны урдхан талд байр газар өгсөн байдаг.
Харин энэхүү газрыг экс Ерөнхийлөгч худалдснаар буурин дээр нь 25 давхар барилга баригдахаар болсон. Өнөөдрийн байдлаар барилгын суурийн цутгалтыг хийсэн байгаа. Харин барилга барих гэж байгаа нь өөрөө Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмыг бөөнд нь зөрчиж байгаа. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн хүний эрүүл аюулгүй орчинд амьдрахад сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ зөрчүүлж байгаа иргэд шүүхэд хандаад байгаа бөгөөд ямар нэгэн шийдэлд хүрэлгүй гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хэрэгт өнөөдөр хотын дарга хариуцагчаар татагдаад байгаа бөгөөд бид энэ талаар цувралаар хүргэхээр бэлтгэлээ.
Маргаан дагуулаад байгаа барилга нь мордохын хазгай гэгчээр газар нь хүртэл хууль зөрчсөн байдаг. Тухайлбал уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон байдаг. 0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж барилга барихтай холбоотой зөвшөөрлөө авсан гэж “М Си Эс Пропертийз холдинг” ХХК шүүхийн өмнө тайлбарладаг. Харин энэ хэрэгт шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа хотын мэр Э.Бат-Үүлээс ирүүлсэн газартай холбоотой баримтаас үзвэл П.Очирбатын эзэмшил, өмчлөлийн газар нь хэрхэн хууль бусаар “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д шилжсэн нь харагддаг.
Тодруулбал, маргаан бүхий барилга баригдаж буй уг газрын гэрчилгээ нь анх Ерөнхийлөгч асан П.Очирбатын өмчлөлийнх бөгөөд Амины орон сууцны зориулалттай байсан бол уг зориулалтаараа “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д шилжсэн тухай албан бичгийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 09 сарын 10-ны өдөр “Ньюпрокси”ХХК-д ирүүлсэн байдаг.
Мөн “М Си Эс Пропертиз холдинг” ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн газрын албанд “Газрын эрх шилжүүлэх тухай” 26 тоот албан бичгээр хандаж “П.Очирбатын эзэмших эрхийн гэрчилгээтэй СБД-н 1-р хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 1197 м.кв газрыг шилжүүлж авч байгаа тул “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлж, гэрчилгээ олгож өгнө үү.” гэсэн байна. Гэтэл П.Очирбат нь 1897 м.кв бус харин 1197 м.кв газрыг 0104/6001/0010 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж уг газраа шилжүүлэх гэрээг “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-тай хийж, “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-ны зүгээс өөрийн нэр дээр 1197 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн байхад газрын хэмжээг 1897 м.кв болгон ихэсгэж “М Си Эс Пропертийз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн нь илтэд хууль бус байгаа юм.
Экс Ерөнхийлөгч П.Очирбат нь өөрийн өмчлөлийн СБД-н 1-р хорооны Олимпийн гудамж 11-д байрлах 700 м.кв газрын өмчлөх эрхээсээ татгалзаж энэ тухай хүсэлтийг Нийслэлийн газрын албанд 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байна. Монгол улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д зааснаар “газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар” тухай иргэний газар өмчлөх эрх дуусгавар болдог. Нэгэнт газар өмчлөгч өмчлөлөөсөө татгалзсан бол тухайн өмчлөлтэй холбоотой улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг дуусгавар болгон хавтаст хэргийг хаадаг. Үүний дагуу 2012 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 555 тоот Эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болсонд тооцож, хувийн хэргийг хаах тухай тушаал гарч П.Очирбатын газрын өмчлөх эрхээсээ татгалзсныг хүлээн авч улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Гэтэл П.Очирбатын өмчлөлийн 700 м.кв газрын өмчлөх эрхийн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хавтаст хэргийг хаах тухай УБЕГ –н даргын 555 тоот тушаал гараагүй байхад буюу 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр уг 700 м.кв газрыг П.Очирбатын эзэмшлийн 1197 м.кв газар дээр нэмж 1897 м.кв болгон “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн нь мөн л илтэд хууль бус байна.
Өөрөөр хэлбэл 1197 м.кв эзэмших эрхтэй газрыг П.Очирбатаас шилжүүлж авах хүсэлт гаргасан, мөн П.Очирбатын өмчлөлийн 700 м.кв газрын өмчлөх эрхийг дуусгавар болгоогүй байхад тухай газрыг нэмж 1897 м.кв болгон “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-ны нэр дээр шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн а/420 тоот захирамж илт хууль бус бөгөөд “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-ны нэр дээр 1897 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгөх захирамж гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байсан байна.
Маргаан бүхий барилга баригдаж буй газрыг эзэмшихтэй холбоотой хоёр төрлийн гэрчилгээ тухайн барилгатай холбоотой зөвшөөрөл өгдөг эрх бүхий байгууллагуудад авагдсан байдаг. Тухайлбал дээр дурьдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжаар олгогдсон гэх “М Си Эс Пропертиз холдинг” ХХК-д 5 жилийн хугацаатай газар олгосон - 0293528 тоот конторын зориулалттай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ - 0293502 тоот Амины орон сууцны зориулалттай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ гэсэн хоёр гэрчилгээ авагдсан.
Эдгээр гэрчилгээг олгох үндэслэл болсон захирамжийн тоот нь А/420 болон 420 гэсэн хоёр өөр дугаартай, мөн нэг нь 0293528 тоот гэрчилгээний дугаартай конторын зориулалттай байгаа бол нөгөө нь 0293502 тоот гэрчилгээний дугаартай Амины орон сууцны зориулалттай гэрчилгээнүүд байна. Мөн огт дугааргүй контор, орон сууцны зориулалттай гэрчилгээ ч байна. Мөн үүнээс гадна Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/420 тоот захирамжийн хавсралт хоёр өөр байгаа нь газрын зориулалтын ямар захирамжаар хэзээ хэрхэн өөрчилсөн нь тодорхойгүй байна.
А.Баярмаа
Зочин · 2016/03/06
Монголын ард түмний буянд цадаагүй юм шиг үйлдэл.
Зочин · 2016/03/05
barilgaa barij chadaj baigaa yum chini yadgiin be gazraa avch l baig l daa.
Зочин · 2016/03/04
nice
Зочин · 2016/03/04
энэ очирбат гэж ичдэггүй нэг гар байна аа.юу дутлаа гэж ингэж байна аа.бид таварын мөнгөөрөө байшин барьж өглөө.зарлаа.зүгээр тэтгэвэртээ сууж болдоггүй юм байх даа.гэртээ өлсөөд даараад түлээ нүүрсгүй хэцүү байдаг юм болов уу
davaa · 2016/03/04
Gichiinuud barilgiini bariulchihad yadag bainaa