Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайхан татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж байгаа гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байна. Түүнд эрүүгийн хэрэг үүссэн байгаа бөгөөд түүнийг 20 гаруй сая төгрөгийн завшсан хэргээр шалгаж байгаа юм.

Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдардаг. Оршин суугч нь солигдох бүрт урсгал засвар ордог бичигдээгүй хуультай. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоход урсгал засвар хийхээр болсон байна. Урсгал зардлын өртөг нь 20 гаруй сая төгрөг болсон бөгөөд уг ажлыг хийлгэх гэрээг 2015 оны 05-р сард “Зиг Заг” ХХК гүйцэтгэнэ гэж Б.Батсайхан ТТХГ-ыг төлөөлөн хийсэн байна.

Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайхан энэхүү гэрээг хийхдээ “Их тэнгэр цогцолбор”-ын дарга хошууч Ц.Оргодлын гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан байдаг. Үүгээр ч зогсохгүй Төрийн тусгай хамгаалалттай газрыг төлөөлсөн этгээдийн тамгыг дараагүй байдаг. Өөрөөр хэлбэл хуурамч гэрээ байгуулан “Зиг Заг” ХХК-ийн дансанд 21 653 664 төгрөгийг шилжүүлжээ.

Мөн “Зиг Заг” ХХК огт засвар хийгээгүй бөгөөд ажил хийсэн мэтээр мөнгө авсан нь дараах баримтаар нотлогддог.

 

Гүйцэтгээгүй ажлын хөлс болох 21 653 664 төгрөг “Зиг Заг” ХХК-ийн дансанд орсны дараагаар ТТХГ-ын дарга Б.Батсайхан 18 000 0000 гаруй төгрөгийг тухайн компаниас бэлнээр гаргуулан авсан байдаг.

Өдгөө энэ хэрэг хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Тодруулбал, бусдын гарын үсгийн дуурайлгасан, мөнгө идсэн энэ хэргийг анх Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаад прокурорын газраас харьяаллыг АТГ хэмээн үзсэн тул хэргийг АТГ-т шилжүүлжээ.

Энэ бол Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайханы мөнгө идсэн ганц жишээ. Тус газраас тэтгэвэрт гарсан Б.Батсайханы удаа дараа мөнгө идсэн үйлдлийг бид баримттайгаар цувралаар хүргэх болно.

А.Баярмаа