НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд таниулах Дэлхийн Өдөр болгон зарласан байдаг. Үүнтэй холбогдуулан дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, эдгээр хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор даунтай Монгол хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан жил бүрийн гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарласан байна.

Даунтай хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл тархсан буруу ойлголт, үг хэллэгээс үүдэн дөнгөж төрсөн цаг мөчөөсөө эхлэн ялгаварлан гадуурхалтад өртөж, нүд үзүүрлэгдэн, даунтай хүүхэдтэй болсон гэр бүлүүд үл ойлголцсоны улмаас салах зэрэг олон асуудал бэрхшээл тулгарсаар буй. Үүний улмаас даунтай хүүхдүүд амьдрах, хамгаалуулах, сурч хөгжих, нийгэмдээ оролцоотой идэвхтэй байх зэрэг НҮБ-ийн Хүүхдийн Эрхийн Конвенцоор тунхаглагдсан үндсэн эрхээ эдэлж чадахгүй өсөж, цаашлаад амьдралынхаа туршид гэртээ нуугдахад хүрдэг.

Иймд даунтай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийгэмд тархсан түгээмэл буруу ойлголт, хэллэгийг засаж залруулахад чиглэсэн нэг сарын нөлөөллийн аян өрнүүлж, НҮБ-ийн дэргэдэх Дэлхийн Дауны Холбооноос гаргасан Дауны талаар юу гэж хэлж БОЛОХ, юу гэж хэлж БОЛОХГҮЙ гэсэн уриалгыг нийгэм, олон нийтэд таниулахаар зорьж байгаа аж.

Нөлөөллийн аяны хүрээнд Дэлхийн Дауны өдрийг угтан нас насны төлөөлөл болсон даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар "20+1=ОНЦГОЙ БЭЛЭГ" үзэсгэлэнг 3-р сарын 22-нд "Blue Moon" арт галарейд гаргахаар төлөвлөжээ. Гэрэл зурагчид уг үзэсгэлэнгээр дамжуулан даунтай хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын онцлог, тэдний амьдралын төлөөх төлөөх гайхам тэмцэл, сэтгэхүйн хөгжил зэргийг нээн харуулж, эерэг ойлголтыг нийгэмд төрүүлэх зорилготой ажиллаж байгаа аж.