Хонхны дуугаар сэрсэн Ардчилалынхан өөр хоорондоо хөлөө жийлцээд улстөрийн тогоо халуухан байна. Уг нь “хонхны дуу”-аар сэрж Монгол улсыг ардчилсан улс хэмээн зарлаж байсан улстөрчид одоо СОНГУУЛИЙН ДУУГААР СЭРДЭГ болжээ.

Арга ч үгүй биз. Ард түмнийхээ хамраараа газар шаасан амьдралыг тэнгэр дээрээс харж хууль томьёолж, нэг нэгнээ шүүмжилж бөгсийн ухсаар, Монголыг хэн хурдан залгих вэ? уралдааныг өөр хоорондоо зохион байгуулж ёстой л толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийж тоглож байгаа нь үнэн.

Тиймдээ ч өнгөрсөн долоо хоногт “Сайдын цаг”-аар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нойрноосоо сэрсэн гэдгээ зарлалаа. Тэрээр “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд “Clean coal” түүхий нүүрс цэвэршүүлэгч уусмалыг амжилттай туршин, Хан-Уул дүүргийн 300 айлд тараасан. Мөн түүнчлэн нийслэлийн утааг 80-90 хувь бууруулах боломжтой” хэмээн зарлав. Гэтэл өнөө нийслэлийн гамшиг болсон утаа нь одоо цагийн эрхээр буурна. Дулааны урь унасан өнөө үед өөрийнхөө сонгуулийн PR-аа арай л өөрөөр хийсэн бол зүгээрсэн.

Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ч басхүү утаагаар PR-даж Нийслэлчүүдийн саналыг хурааж, урин дулаан цагаар “Утаагүй Улаанбаатар” хэмээн цээж дэлдэн байсан ч удалгүй л өнөө өвлийн хахир хүйтэн цагтай золгох үед өөрийн төлөвлөгөө нь бүрэн гүйцэт биш гэдгийг ойлгож дуугаа хураасан. Түүнийхээ харгайгаар өөрийн ахлах зөвлөхөө хүртэл “аавын хаалга” татуулсан гашуур сургамж байна цаана чинь.

“Мунхагийн санаа хожуу” гэгчээр хэлж ярих зүйл нь олдохгүй байгаа бололтой. Үүний оронд хэдэн байгаль хамгаалагчийнхаа чадамжийг болон биеэ хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлэх талаар ярьж гарч ирсэн бол иргэдэд арай л илүү хүрэх байсан болов уу.

Ингэж хэлэхийн учир өнгөрсөн жилийн 11 сард “Ирвэс хамгаалагч” залуугийн амиа алдсан харамсалтай хэрэг гарч одоо хүртэл хэрэг нь илрээгүй хэсэгтээ л хэвлэлийн гол баатар болж байгаад одоо бараг мартагдаж байна. Талийгаач Л.Б-ийн хэргийг илрүүлэх талаар ярьж өөрийнхөө PR-аа хийвэл зүгээр байх гэж зөвлөе.

Ямартаа ч хонхны биш сонгуулийн дуугаар сэрсэн БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг PR-аа “УТААГҮЙ УЛААНБААТАР-2” төслөөр эхлүүлж байх шиг байна.

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ