Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор 2016 оны 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Торонто хотод зохион байгуулагдаж буй уул уурхайн “PDAC-2016” олон улсын чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байна.

Айлчлалын хүрээнд Сангийн сайд Б.Болор Канад Улсын парламентын гишүүн, Олон улсын худалдааны сайд хатагтай Кристи Фрийландтай 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Торонто хотноо уулзалт хийж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон бөгөөд талууд Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтын тууштай бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Канадын хөрөнгө оруулагчдын хувьд хүлээгдэж буй аливаа асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд идэвхи, чармайлт гарган ажиллаж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, олон тулгуурт эдийн засгийн бодлого хөгжүүлж буй энэ үед барууны өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа Канадад сургах Монголын оюутан, сурагчдын тоог нэмэгдүүлэх асуудлаар талууд идэвхтэй хамтран ажиллах, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Канад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын үед эцэслэн байгуулахаар харилцан тохиролцсон байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард явагдсан Канадын парламентын сонгуульд Канадын Либерал нам ялалт байгуулж, парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн бөгөөд Монгол Улс Канадын одоогийн эрх баригчидтай парламентын болон Засгийн газрын гишүүний түвшинд албан ёсоор уулзаж хэлэлцсэн анхны уулзалт нь энэхүү уулзалт боллоо.

Мөн Сангийн сайд Б.Болор Канад Улсын парламентын гишүүн, Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн парламентын нарийн бичгийн дарга хатагтай Карина Гоулдтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр сайд Б.Болор Канад Улсын Засгийн газраас Монгол Улсыг хөгжлийн тусламж үзүүлэх улс орны тоонд багтааж, анхны төслөө амжилттайгаар хэрэгжүүлж эхэлсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн бөгөөд уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаас гадна хөгжингүй орнуудаас үзүүлэх хөгжлийн тусламж дэлхий нийтэд хумигдаж байгаа энэ цаг үед Монгол Улсыг хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт шинээр оруулж байгаа нь хоёр тал харилцан ойлголцлын үндсэн дээр эдийн засгийн хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэн өргөжүүлэх хоёр талт харилцааны хувьд чухал ач холбогдолтой алхам боллоо гэдэг дээр талууд санал нийлсэн юм. Мөн сайд Б.Болор Монгол Улсыг хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан хоёр орны Засгийн газрын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдээд хоёр орны хоорондын хөгжлийн хамтын ажиллагааг дан ганц уул уурхайн салбараар хязгаарлалгүй хөдөө аж ахуй, боловсрол, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, төрийн алба, хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлийг хамруулахыг санал болгосон байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын намрын чуулганаар Баялгийн сан буюу Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор уг санг байгуулах, сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх этгээдийг байгуулах асуудлаар хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Канадын туршлага судлах, хамтран ажиллах хүсэлтийг тавьсан бөгөөд Канадын тал энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд Канадын туршлагаас харахад сангийн менежментийн асуудлаар төрийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, улс төрийн нөлөөллөөс гадуур байлгах чухал шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.