Төв аймгийн Дэлгэрхаан сумын удирдлагууд Сум хөгжүүлэх сангийн 57 сая төгрөгөөр нэг ийм ядмагхан тохижилттой, хэн ч тоож ордоггүй цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ. Хэдийгээр цэцэрлэгт хүрээлэн гэж байгаа ч нэг саравч, нэг хүүхдийн тоглоомноос өөр нүдэнд торох олигтой бут сөөг ч алга.

Нутгийн иргэдийн хэлж буйгаар хүүхэд багачууд, өндөр настанг амарч, нарлах цэцэрлэгт хүрээлэнтэй болголоо гэсэн. Уг нь цэцэрлэгт хүрээлэн гэдэг чинь хүмүүс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчинг бүрдүүлсэн, мод зүлэгтэй газар баймаар.

Гэтэл манай сумын цэцэрлэгт хүрээлэн төмөр хашаан дотор юу байгааг та нар харж байна. Гадны хүмүүст цэцэрлэгт хүрээлэн гэж хэлэхээс ичдэг гэж байв. Гүйцэтгэгч нь аймгаас ирсэн “Ногоон солонго” гэдэг компани байжээ.

Саяхандаа, нийслэлийн удирдлагууд 1000 сэтгүүчтэй уулзахдаа “70 саяын усан хөшгийг их шүүмжиллээ. Арслантай гүүрэнд байгуулсан усан хөшгийг Солонгосынхтой зүйрлэх аргагүй юм” хэмээн учирласан. Үүнтэй адилаар сумын цэцэрлэгт хүрээлэнг нийслэлийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй зүйрлэх аргагүй ч мөнгөн дүнг нь бодохоор дэндүү гомдмоор зүйл хийчихсэн байх юм. 57 сая төгрөгөөр энэ жижигхэн талбайг мод бут сөөг тариад, сандал, гэрэлтүүлэг хийгээд донжийг нь олоод тохижуулчихаж болохоор.

Харамсалтай нь 57 сая төгрөгийн төсвөөс компанийн захирал хэтэрхий их идсэн, сумын Засаг дарга Ч.Энхбаатарт сэтгэлд дутсан нь харагдаж байна. Үүнд нь Ч.Энхбаатар даргаас тайлбар авах гэсэн боловч эзгүй сумандаа ажиллах хугацаа нь хараахан болоогүй байв. Учир нь эрхэм дарга аймгийн төвд амьдардаг сумынхаа ажлыг сарын 14-15 хоногт ирж хийдэг гэнэ. Тэгэхээр Дэлгэрхаан сумынхан засаг даргатай ч юм шиг үгүй ч юм шиг, цэцэрлэгт хүрээлэнтэй ч юм шиг үгүй ч юм шиг гурван жил гаруй явжээ. Орон нутагт төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг, хяналтгүй цацдгийн нэг жишээ энэ.


Эх сурвалж: TIMES.MN