Өнгөрсөн онд 4000 хүн нохойд хазуулсан бол хамгийн сүүлд долоо хоногийн өмнө бага насны хүүхэд айлын нохойд энэ шалтгаар амиа алдсан золгүй явдал болсон билээ. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар золбин нохой, муурны устгалын асуудлыг дүүргүүдийн Засаг дарга нартай хуралдан ярилцсан юм.

Хоёр жилийн өмнө нэг нохой устгах зардлыг 7500 төгрөгөөр тогтоож байсан. Өнөө үед золбин нохойг ил задгай газар буудаж, хөнөөх боломжгүй тул барьж, тусгайлан бэлтгэсэн газарт устгадаг, устгадаг хүн ч тэр бүр олдоггүй байна. Иймд дээрх зардлыг 12000 төгрөг болгон төсөвлөхөөр болж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барихаар болсон юм.

иргэдийг золбин нохой, муур барьж ирвэл 5000 төгрөгөөр урамшуулах талаар яригдаж дэмжигдсэн.

Энэ хуралдааны үеэр иргэдийг золбин нохой, муур барьж ирвэл 5000 төгрөгөөр урамшуулах талаар яригдаж дэмжигдсэн. Дээрх авчирсан золбин нохой, муурыг 7000 төгрөгийн зардлаар устгалд оруулах гэнэ. Одоо үед жирийн иргэн золбин нохой, муурын 5000 төгрөгтэй тэнцэх амийг хөнөөлгөхийн төлөө тэдний араас хөөцөлдөх үү. Мэдээж үгүй, уг ажлыг бидний хэлж заншнаар гуйлгачид, хог түүдэг хүмүүс гүйцэтгүүлэх байх. Харин золбин тэжээвэр нохой эсэхийг ялгах боломжгүй тул айлууд өөрсдийн нохойгоо гудамжаар хамаагүй сул тавьж болохгүй болж байгаа юм. Гаднын оронд бол хүзүүвчтэй нохой алга болсон бол эзэнд нь буцаан олгодог бол манай улсад хүзүүвчийг нь аваад 5000 төгрөгийн төлөө нохой устгалын газарт тушааж мэдэх улс байгаа.

Иймд тэжээдэг нохой, муураа сул тавихгүй байхыг анхааруулж байна. Одоогоор нийстэлийн ИТХ-ын тогтоол гараагүй учраас хаана ямар газарт золбин нохой тушаах талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа юм. Түүнчлэн тэжээдэг нохой, муур нь бусдын амь насанд аюул учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээдэг гэдгийг сануулах хэрэгтэй байх.

Т.Буянаа