​Өнгөрөгч амралтын өдрүүдэд такси барьж чадсангүй. Такси барина гэхээр л жолооч болгон нь О.Магнай болж харагдаад барах юм биш. Арай хийж элдэв такси компанийн хаяггүй, буруу рультэй машин барьтал жолооч нь “Мянгаар шүү” гээд хяламхийв.

Нас нь 50 гарч, намба суусан тэр хүн энэ үгийг хэлэхтэйгээ зэрэгцээд яг О.Магнай шүү, О.Магнай. Нас нь 30 дээр бууж, нүдэнд нь инээвхийлэл тодорч, дуу нь өндөрсөөд л. О.Магнай дарга гэгээн дүрээрээ таксинд явж байгаа мэт сэтгэгдэл төрсөн гэж жигтэйхэн.

Ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногт Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нэг их аз жаргал, баяр баясгалантайгаар хэвлэлийн бага хурал хийснийг уншигч та мартаагүй нь лавтай. Энэ мэдээлэл нийслэл хотын иргэдийг бухимдуулсан ч эрхэм даргын инээх шалтгаан болсон нь жигтэй. “Нийслэлийн тээврийг би зохицуулна. Бүх такси эхний километр тутамдаа 1500 төгрөгөөр, хоёр дахь километрээсээ мянган төгрөгөөр явна” гэх өгүүлбэр бүрийнхээ араас тэрбээр инээмсэглэнэ. Асуулт асуусан сэтгүүлчийг “Та их ууртай байна уу, тэ” гэж ирээд л басамжлан инээнэ. Тэнд асуулт асуусан сэтгүүлч бүр түүнд инээмсэглэх шалтгаан нэмж буйгаас харахад О.Магнай даргын дурлалт бүсгүй нь сэтгүүлчээр ажилладаг юмсан уу гэж гайхмаар. Арга ядсан хүний бодол байх л даа. “Түүндээ таалагдах гэж инээмсэглэлээ” хэмээн “оношилбол” шүү дээ. Уг нь та бидний мэдэх О.Магнай тун ууртай нэгэн байсан юм. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнд тэмцэж ирсэн цагаасаа хойш тэрбээр цаг үргэлж амьсгаа өндөр, цээж бачим мэдэгдэл хийж ирсэн нь бий. “Коммунистуудаас эх орноо чөлөөлнө. Би коммунистуудтай гар барьдаггүй хүн” гэх мэт үгсийг хүн яаж ч инээмсэглэж хэлэх билээ дээ. “Авлигач эрх баригчид иргэдийг шулан мөлжиж, дарлан дарангуйлж байна. Иргэн хүн хохирч байна. Би жирийн иргэдийн төлөө хувьсгал хийнэ” тэргүүтэй чин үнэн тэмцэгчийн үгийг ч мөн адил. “Араас манай хүч ирнэ. Тэгээд дайрч орно” гэсэн түрэмгийллийн уриалгыг ч өөрөөр хэлэх аргагүй. Тэрбээр ийм л тэмцэгч байв. Өөрөөр хэлбэл ууртай тэмцэгч байлаа. Мэдээж өнгөрсөн цаг дээр. “Уурыг нь  хүргэсэн бүх юмны эсрэг тэмцэнэ” гэсэн уриатай амьдарч, ажиллаж байсан болохоор арга ч үгүй.

Үүгээр ч зогсохгүй улс төрийн сонголт хийх бүртээ, тэр сонголтоосоо эргэж буцан татгалзах бүртээ ч тэрбээр мөн л уурладаг байв. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний намыг байгуулахдаа Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний намаас гарахдаа тэрбээр ууртай байсан. Дараа нь Иргэний зориг намд орохдоо, Иргэний зориг намаас гарахдаа ч уурлаж, хашгирсан. Ардчилсан намд элсээд арай хийн уурлахаа болих юм болов уу гэтэл бас л уурласаар байсан. Тэр дундаа Н.Алтанхуяг даргыг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр загнахдаа бүр их уурласан. “Н.Алтанхуяг аа, чи бол намын дарга байх эрхгүй хүн…” гэх маягаар дайрч давшлаад л “Би энэ намаас чинь УИХ-д нэр дэвшихгүй” гэж хүртэл уурласан. Тэр үед “Н.Алтанхуяг дарга О.Магнайг хүчээр нэр дэвшүүлэх гээд байгаа юм биш биз” гэж бодмоор олны өмнө О.Магнай уурлаад л, загнаад л, зандраад л… бөөн юм болсон. Харин үүнийхээ дараа буюу УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялснаар О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болсон. Харин энэ үед тэр инээсэн. Энэ үеэс хойш цаг үргэлж инээмсэглэдэг болсон.

Дарга болж, тамга тэмдгээ хүлээж авахдаа инээгээд л байсан. Долоо хоног болгон шахуу хэвлэлийн бага хурал зарлаж, огцом огцом мэдэгдэл хийх бүртээ инээмсэглэл нь улам бүр тодроод л. Манайхны “Яван чангарна” гэдэг шиг. Үүний нэг жишээ нь өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн бага хурал. Аливаа бараа бүтээгдэхүүний үнийг буулгаж, шударга бус өрсөлдөөнийг таслан зогсоож, монополийн эсрэг “дайн” зарлах ёстой дарга маань тэр бүхнээ өөгшүүлэх тухай мэдэгдэл хийхдээ ямар их аз жаргалтай байв аа.

Уг нь түүнийг ууртай байх үед, уурладаг байх үед нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ийм мэдээлэл хийсэн бол тэр маш их уурлах байсан юм. “Хөөе, муусайн авлигачин коммунистууд аа, Та нар хүн яах гэж такси барьдаг гэдгийг мэдэх үү. Удахгүй өвөл болох гэж байна. Ээжүүд нялх үрийнхээ хацрыг хайруулж, гарыг нь дааруулахгүй гэсэндээ арга ядан такси барьдаг юм. Хүссэн үедээ, хүссэн газраа хурдан шуурхай хүрч чадах унаагүйдээ жирийн иргэд хаа нэгтээ такси барьж, цаг хэмнэдэг юм.Ядарсан иргэд чинь ажилд орох гээд яарч байна. Авдаг цалин амьдралд нь хүрдэггүй юм. Тийм болохоор амьдралаа барьцаанд тавьж байж такси авч, түүгээрээ хэдэн хүүхдийнхээ хоолыг залгуулдаг юм. Та нар арга ядсан иргэдээ хоолны мөнгөнөөс нь салгах гээ юу. Одоо таксины үнэ нэмлээ. Маргааш та нар төрийн нэрээр талх, гурил, махны үнийг нэмэх үү. Та нар Австралиас тугалын мах авчирч иддэг гэл үү. Тэгвэл иргэд чинь эх орондоо адууны махаа ч авч идэж хүчрэхгүй байна” гээд л…

 

Яг ингэж уурладаг байх үедээ тэрбээр “Улс төрийн тойм” сонины “Ярилцах танхим”-д дараах ярилцлагыг өгч байв.

 

-О.Магнай гэдэг хүний итгэл найдвар яг ямар үед “цуцдаг” вэ. Цаг үргэлж л “буцалж” байгаа харагддаг болохоор сонирхож асуулаа?

-Хаа очиж би нэг их сэтгэл санаагаар унаж, болохгүй нь бүтэхгүй нь гэж шантраад байдаггүй шүү.

-Олон хүн иймэрхүү хариултын дараа “Хаанаас тэгж их хүч гардаг байна аа” гэж асууж мэдэх юм?

-Өөрийгөө магтсан л болох гээд байх шиг байна. Ер нь төрдөг юм даа.

-Та өөрийнхөө зан чанарыг хэлж байна уу?

-Ер нь хувьсгалч хүн төрдөг л дөө. Хувьсгалч хүнийг бүтээж болдоггүй юм гэсэн. Өөрөө л төрдөг.

-Гэхдээ 2005 оноос хойш хувьсгалын төлөө тэмцсэн гэхээр зан чанарын хувьд гэхэд өөрчлөлт орж байгаа биз дээ?

-Бүх зүйл л өөрчлөгддөг. Гэхдээ би өөрийнхөө талаар нэг их ярих дургүй. Тэгээд ч өөрчлөгдсөн эсэхийг хүмүүс хараад л хэлэх байлгүй дээ.

-Би бол хэлж мэдэхгүй юм байна. Гол нь хувь хүний тань дотоод мөн чанарын тухайд л бусдын өмнө манлайлагч болж, тэмцэлд уриалдаг гэдэг утгаар нь асуултаа давтлаа. Ядаж л бусдыг уриалж байгаа хүн чинь өөрийн тодорхой нэг хүчийг бусдад илүүтэй тодруулж харуулахыг хүсэх нь тодорхой шүү дээ?

-Эр зориг хамгийн чухал нь байдаг. Энэ шинж чанараа би гээгүй гэдэгтээ итгэлтэй байна. Нөгөө талдаа харьцангуй романтизмаас татгалзсан байх. Анхны үед бол мэдээж тодорхой хэмжээний романтик мөрөөдөл байсан л байх. Өнөөдөр бол тийм биш болсон байна.

ЖИЧ: Ярилцлагын гарчиг “О.Магнай: Хувьсгалч хүн төрдөг юм” гэж гарч байлаа. Харин өнөөдөр тэрбээр ууртай хувьсгалч бус инээмсэглэсэн дарга болчихож. Харамсалтай нь, дарга хүний инээмсэглэлийн ард энгийн иргэний амьдралын бэрхшээл олширч, уурлаж бухимдах шалтгаан олон болдог нь жам юм. Нэг ёсны О.Магнайд инээмсэглэх нь гоё байгаа бол эгэл олонд О.Магнай уурлахдаа гоё байж. Ер нь ч тэгээд тэр жинхэнээсээ уурладаг ч байсан юм уу, үгүй ч юм уу ёстой бүү мэд ээ.

 

Г.Отгонжаргал