Зи даргын удирдах чадвар тааруу байна. Булгийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэж. 2012 оны сонгууль дуусаад экс спикер Д.Дэмбэрэл дарга хуралдааны танхимд орж ирээгүй байхад хууль зөрчиж Л.Цогоор хурлыг удирдуулснаас эхлээд л УИХ–ын даргын суудал өнцөгдсөн мэт.

Зи дарга УИХ–ыг бараг дөрвөн жил даргаллаа. Гэвч гийгүүлсэн зүйл алга. Хууль баталдаг процессоороо л явагдаж хэдэн хууль батлагдсан. Түүний байгуулсан “гавьяа” нь Ардчилсан намын дарга байсан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягаар туг тахисан явдал. Нам доторх гол өрсөлдөгч Н.Алтанхуягийг засгаас унагаж, намын даргын суудлаас нь зайлуулж, улмаар түүний зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, хүргэн ЗГХЭГ–ын дэд дарга Д.Дэнзэнгийн хувь заяаг шийдэж үндсэндээ ямар ч алхам хийх боломжгүй болтол нь дарсан. Н.Алтанхуяг намын дарга байхдаа ядаж л ҮЗХ–г хуралдуулж дөнгөдөг байв. Яг ярьвал “Зи”-г УИХ–ын дарга болох хувь заяаг Н.Алтанхуягийн ахалсан багийнхан 2012 оны сонгуулиар олж өгсөн. Гэтэл ачийг бачаар гэгчээр албан тушаал, эрх мэдэлд шунан ачтанаа атгандаа оруулсан.

Ингэж түүнээс намын даргын халааг авсны эцэст З.Энхболд нам засгаа авч явж чадаж байна уу. Хоёр ч удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар зарласан ч намынхнаас нь өөр хэн ч ирсэнгүй. Намынхаа Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадаагүй. Намын залуу гишүүд нь түүнийг эсэргүүцэж АН–д шинэ бодлого хэрэгтэй байгааг байнга сануулдаг. Намынх нь гишүүд элдэв асуудалд орооцолдоод байхад түүнд ч анхаарал хандуулахгүй байна. Сөрөг хүчний гишүүдийн үгийг бүдүүлгээр таслан, дураараа загнахаас эхлээд өөрөө гараа өргөж зогсоосон Тавантолгой асуудлаар “ММС”-ийн дампуурлыг өлгөн авснаа одоо би зогсоосон хэмээн өөртөө гавьяа болгон зарлаж, Үндсэн хуулийн цэцийн даргыг улайм цайм яаран огцруулсан гээд улстөржсөн акцаас өөр хийж бүтээсэн зүйл түүнд байна уу.

Энэ бүгдээс харвал АН–ын дарга, УИХ–ын дарга З.Энхболдод удирдах чадвар байна уу гэдэг асуулт л урган гарч байна. Удирдагч хүн гэж эсрэг талынхныгаа дайрч давшилдаг биш, тэднийг судалж, өөртөө урвуулах судсыг нь атгасан байвал зохино. Харин Зи даргад ийм мэдрэмж, чадвар алга. 76 хүн удирдаж чадахгүй хүн яаж 160 гаруй мянган гишүүнтэй Ардчилсан намыг удирдах вэ дээ бодоод үз.

 

newscom.mn