​Одоо аль худалдааны төв шатах бол. Мэдээж зөвшөөрөлтэй нь шатахгүй, зөвшөөрөлгүй нь шатна. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт “Сандэй” худалдааны төвд, тэрний түрүүчийн долоо хоногийн баасан гарагт “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарлаа.

Баасан гарагийн шөнө болгон худалдааны төвүүд галд өртөөд байхаар хүмүүсийн ярьдгаар нээрээ л “Дүнжингарав”-ынхан амьтан хүний амарч хэвтсэн цагаар савтай бензин шидээд, чүдэнз зурчихаад байгаа юм шиг санагдах боллоо. Тийм юм гэж хаа байх вэ. Цагдаа, онцгойгийнхон лав “Дүнжингарав”-ынхан дараалан гарсан хоёр галд ямар ч буруугүй гэдгийг албан ёсоор зарлачихаад бай­гаа.

Харин хоёр худалдааны төв хоёулаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг хэлсэн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хүнд ямар хариуцлага тооцдог юм бол. Гудамжинд зөвшөөрөлгүйгээр гар дээрээс наймаа хийж буй хүүхэд хөгшдийг бол зарж байгаа зүйлийг нь хурааж авч, захиргааны арга хэмжээ гэж торгодог.  Омогдоход амархан болохоор нь ядарсан иргэдийг дээрэлхэх, томоохон зах, худалдааны төвүүд­ийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйг нь шалгаж илрүүлчихээд албан бичиг илгээсэн болоод сууж байдаг хоёр таарч дээ. 

“Нарантуул” худалдааны төвийн Хүнсний павильон шатаж, үнс нурмаа ч бүрэн арилгаж чадаагүй, халсан төмөр нь ч хөрч амжаагүй байтал хөрш зэргэлдээх “Сандэй” худалдааны төвийн долдугаар давхарт байрлах хоёр цайны газар шатлаа. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэж­л­ийн байгууллагынхан ажиллаж байгаа. Ямар ч байсан “Дүнжингарав”-ынхан холбоогүй гэдгийг “нотолчихлоо”. Бас хоёулаа зөвшөөрөлгүй байсныг нь ил болгочихлоо. Эхэлж шатсан “Нарантуул”-ынхаа  “учрыг олоогүй” байтал дээр нь “Сандэй” нэмэгдчихлээ. Галд өртсөн хоёр худалдааны төв хоёулаа зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Зөвшөөрөл өгөөгүй юм бол яах гэж анхнаас нь ажиллуулж, түрээслүүлэх эрхийг нь өгсөн юм бэ. Дур мэдэн байшин барьж, талбайгаа түрээсэлж, өч төчнөөн хүний амьдрал, сэтгэл санаагаар тоглосныхоо төлөө худалдааны төвийн эзэд хариуцлага хүлээх ёстой.  Анх “Бөмбөгөр” шатахад яалаа. Улс түрээслэгчдийн хохирлыг төлж, та бидний татварын хэдэн төгрөгөөс тоншсон. Одоо “Нарантуул”-ынханд яах бол, дараа нь бас хэнийг харж үзэх бол. Татвар төлөхгүй байх эрх надад бий. Миний хөлс хөдөлмөрөөс надад зориулна гэж татвар шимтгэл авчихаад хэн нэгэн хариуцлагагүй хүний өрийг төлөхдөө төр надаас бас зөвшөөрөл авах ёстой.

 Ингэхэд энэ нийслэлд үйл ажиллагаа яв­уул­даг томоохон худалдааны төвүүд бүгд зөвшөөрөлтэй юу. Ер нь зөвшөөрөлтэй юм гэж байна уу. Бараа, бүтээгдэхүүн, байшин барилга шатах яах вэ. Сэргээж засаад, нөхөж цойлдоод болно. Хүний амь нас, эрүүл мэндийг юугаар хэмжинэ, яаж төлнө гэж. Нийслэлийн онцгой комисс  “Сандэй” худалдааны төвийг байгуулагдсан цагаас нь хойш галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийж, 2010, 2011, 2013 онд хариуцлага тооцож байжээ. Шалгалтуудаар нэлээд зөрчил илэрсэн аж. Тодруулбал, тус худалдааны төв нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй байна. Мөн гадна талын нүүрний хэсэг буюу бүх цонхыг төмөр хийцээр хааж, торлосон нь гаднаас нь аврах ажиллагаа явуулах боломжгүй болгожээ.

Мөн зарим газарт цахилгааны монтаж, холболт хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хэрнээ гал унтраах төхөөрөмж суурилуулаагүй. Мөн ослын үед гарцыг заах ослын гэрэлтүүлэггүй байсан. Энэ нь ослын үед хүн ам олноор үрэгдэх үндэс болдог. Мөн худалдааны төвд гал унтраах усан хангамж байхгүй байсан. Энэ бол холбогдох албаныхны “Сандэй” худал­дааны төвийг үнэлсэн дүгнэлт.  Энэ зөрчлүүдийг нь арилгуулахаар Онцгой байдлын газраас өөрсдийнхөө эрх мэдлийн хүрээнд 2012 онд тус худалдааны төвд 250 мянган төгрөг, 2013 онд худалдааны төвийн гурван албан тушаалтанд 180 мянган төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр хүргүүлсэн байна. Үндсэндээ “Сандэй” худал­д­ааны төвийн үйл ажиллагаа зогссон байх ёстой байж.  Үйл ажиллаг­ааг нь зогсоох гэхээр олон мянган түрээслэгчид хохирно, түүний цаана өчнөөн хүний амьдрал байгаа гээд гүрийчихдэг.

Түрээслэгчид ч аюулгүй орчинд наймаа арилжаагаа хийх эрхтэй. Ингэхийн тулд худалдааны төвийн эздээс тийм орчныг шаардах ёстой.  Өнөө маргаашийн үмх мах, мөрлөх хувцасны төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавихаа л болимоор байна. Албан ёсны зөвшөөрөлтэй, ажиллах аюулгүй орчныг бүрдүүлсэн тийм л эзэнтэй гэрээ хийдэг, наймаагаа хийдэг болчихвол хэн хэндээ амар байхсан. Ер нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдэхээс урьтаад зөвшөөрөлгүй худалдааны төвүүдийг...

 

Б.Оюунгэрэл