Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг өмнө нь ч бас сүр дуулиантай баривчлан, цагдан хорьж, шүүхээр ял оноож байсан билээ.

Түүнийг ялласан болон одоо шалгаж байгаа хэргүүдийг харахад “Иш чааваас даа” гэмээр санагддаг юм. “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн газрыг хувьдаа авсан хэмээн дуулиан тарьж байгаад баривчилж байсан. Гэтэл тэр газар нь хотын мэдэлд хэвээрээ байсан бөгөөд саяхан хотынхон дуудлага худалдаагаар өндөр үнэ хүргэн зарж байна лээ. Түүнийг бас “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьдаа авсан гэж буруутгасан. Үнэндээ тэр буудлын тал хувь нь хотын мэдэлд байгаа төдийгүй дөрөв, таван өрөө байрны шахам л асуудал байдаг.

Одоо түүнийг Хилари Клинтоны хамаатан гэгчтэй хийсэн наймаагаа буцлаа гээд шалгаж байгаа юм байх. Энэ бол тэгж сүржигнээд, АТГ шалгаад байх хэрэг биш, хувь хүн хоорондын наймаа шиг л харагдах юм. Мөн Г.Шийлэгдамбаас мөнгө авсан хэмээн гэрчийн мэдүүлгээр шалгаж байгаа гэсэн. Гэрчийн мэдүүлгээр хэрэг үүсгэнэ гэдэг бас л ээдрээтэй. Өнөө гэрч нь үнэн ч яриад байна уу, худлаа ч яриад байна уу гэдгийг хэн тогтоох юм.

Түүнд хамаатуулан шалгаж буй энэ бүх хэрэг “Хан ресурс”-т өгөх 70 сая ам.долларын дэргэд хэр том бэ. 149 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Хөшөөтийн уурхайгаас илүү гарах уу. Улаанбаатарын газраас сөөмийг ч үлдээлгүй хуу хамаад зарчихсан газрын мафийн сүлжээний дэргэд энэ тийм том хэрэг гэж үү. Ингээд харьцуулахад даан чиг инээдтэй, жул санагдаж байгаа биз.

Удаан хугацаагаар Солонгост эмчлүүлж байгаад ирэхдээ Н.Энхбаяр “Монгол хүнийг монгол газар нутагт хажиглах ёсгүй. Би сэрүүн салхиараа амьсгалах гэж, айргаа уух гэж, монгол хүмүүстэйгээ ярьж хөөрөх гэж ирлээ” хэмээж байсан. Тэгвэл монгол хүнийг монгол нутагт нь хажиглана гээч болж байх шиг. АТГ түүнд хэрэг үүсгэн байн байн зарлан дуудна. Шадар сайдын өрөөнд байхад нь хүч түрэн орж сүрдүүлнэ. Сэтгэлзүйн байнгын дарамтад байлгахаа хүчнийхэн мартахгүй. Хэвлэлийн хурал хийх үеэрээ “ Энхбаяр хилээр гараад зугтчих юм биш үү” гэж зориудаар сэтгүүлчээр асуулгана. Хариу нь “Энхбаярын хилээр гарахыг хориглоогүй” хэмээн тов тодорхой хариулна.

Малчин хүн хашааныхаа хаалгыг онгорхой орхичихоод идэх иргээ элдээд байвал өнөөх нь хаалгаар гараад зугтаад алга болно биз дээ. Энэ тохиолдолд эзэн хаалгаа зориуд онгорхой орхиод барих дүр үзүүлж байгаа хэрэг. Түүнээс биш яг барих дээрээ тулбал юу гэж хаалгаа хаахаа мартав гэж. Яг үүн шиг “хил онгорхой” гээд байхад тэр хүн гараад явчихалгүй яахав.

Энэ бүхнээс харахад Н.Энхбаярыг Монгол Улсаас хажиглан шахаж гаргачихав уу даа. Намынхан нь даргыгаа “долоо хоноод ирнэ” гээд байгаа ч сонгууль өнгөртөл наашаа зүглэхгүй байх. Өөрийг нь сая доллар нэхсэн гэж зарлаад байгаа өнөө хэдийгээ ажилтай болгох гэж ирэхгүй л юм бол сонгуулийн наана түүний барааг харахгүй биз ээ.

О.ТУЯА