Эрүүл мэндийн салбар өнөөдөр “хариуцлагатай эзэн”-гүй байна. 2014 оны арван­хоёрдугаар сараас хойш ЭМЯ сайдгүй ажиллаж, салбар нь доройтжээ.

Цагаан сараас хойш улаан бурхан өвчин ихэсч, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр үйлчлүүлэгчид, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж, эмч сувилагч нар ачаалалтай ажиллах болсон. Хоёр жилийн өмнө Монгол Улс улаан бурхан өвчнийг таслан зогсоосон хэмээн ДЭМБ-аас батламж авч байжээ. Гэтэл улаан бурхан өвчний тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн бүртгэгдэж, 19427 хүн өвчилсөн байна. Харин 2016 оны эхний хоёр сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 хүүхэд энэ өвчний улмаас амиа алдсан тоо гарсан. Гурвадугаар сарын сүүлийн байдлаар 622 хүн хэвтэн эмчлүүлжээ. Үүнээс 390 орчим нь улаан бурхан өвчин хэмээн оношлогдсон байна. Мөн хүн амын нас баралт жилд 1.9 хувиар өсчээ.

Түүнчлэн элэгний өвчин хүрсэн хүмүүс эмчлүүлэх гэтэл өндөр үнэтэй эм, тариагаа авч дийлэхгүй, үхэх үү, сэхэх үү гэдэг дээрээ тулж, айдас, хүйдэстэй амьдарч явна. Тэднийг төлөөлсөн хэсэг бүлэг хүмүүс Эрүүл мэндийн яамны үүдэнд зогсч, өргөдөл хүсэлтээ өгөх гэж байхтай нь тааралдсан юм. Харамсалтай нь тэднийг төрийн мөрдөс зүүсэн хэдэн цагдаа нар хөөж, яам руу оруулаагүй. Иргэнийхээ санал хүсэлтийг хүлээж авахгүй, төрийн цагдаагаар хүч түрэн хөөлгөж байгааг хэрхэн ойлгох вэ. Тус салбарыг түр хариуцаж байгаа Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар та юу бодож сууна вэ.

Сүүлийн үед эрүүл мэндийн салбар 2014 оны сүүлчээс аав, ээжгүй өнчирч үлдсэн хүүхэд шиг хэцүүдэж байгаа талаар эмч, сувилагч нар мэдэгдэл хийсэн. Ийнхүү тус салбарын ажил доголдож байгаа нь эрүүл мэндийн салбарт аль нэгэн намын, мэргэжлийн бус этгээд очиж ажиллаж, “сайд” гэсэн сэтэр зүүх хоббитой болсоныг илчилж байна.

Ашиг хонжоо хайсан, албан тушаал горилж, нэр алдраа дээшлүүлэхийг хүссэн хуурамч албан тушаалтан мэтийн хүмүүс тус салбарын үйл ажиллагаанд дээрэмдэх, дээ­рэл­­хэх аястай ханддаг болсон байна. Эмч, сувилагч, ажилчид энэ байдлыг тэвчихээ больж, бухимдлаа илэрхийлсээр. Ялангуяа сүүлийн сард улирлын чанар­тай томуу, томуу төст, халд­­варт болон халдварт бус өвчлөл нэмэгдсэн. Ийм хүнд үед эрүүл мэндийн сал­­­бар удирдах эзэнгүй, сайдгүй, “түр орлон тоглогч” –той бай­­­­­­­гаа нь өвчтөнг ч, эмч нарыг ч сэтгэл зүйн дарамтад оруулж байгаа юм.

Эрүүл мэндийн салбар бол хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг, асар том үүрэгтэй. Гэтэл тус салбарын яам нь мэргэжлийн, жинхэнэ сайдгүй байгаа нь улс төрийн “бохир гар” шургалж байгаатай холбоотой гэж хэлэхэд хилс болохгүй. Өнгөрсөн жилд ЭМС-ын сайдаар Г.Ший­лэгдамба ажилласан. Гэвч тэрээр мэргэжлийн бус, орчуулагч хүн. Тодруул­бал, тус салбарыг удир­даж чадах хүн биш гэж мэргэжлийн хүмүүс нь голдог. Өнгөрсөн сарын эхээр “Эрүүл-Монгол клуб”-ээс Эрүүл мэндийн салбарыг “сэхээнд” байна хэмээн зарлаж байлаа.

Ийнхүү монголын хүн ардаар тоглож байгаа улстөрчид улс төрийн тоглоомоо болих цаг боллоо. Сайдын суудлыг горьдож, санаархаж байгаа ямар хүмүүс байгаа бол гэж төрийн гурван тэргүүдээс асуумаар байна. Шуналын урт сарвуутай “ганган хувцасласан” хууль зөрчигч улс төрчид та бүхэн Монголын төрөөс хөл, гараа салгаач.

Монголын ард түмэн өвчин, зовлонгүй эрүүл саруул байвал Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал бат оршино шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн салбартаа ажлаа сайн мэддэг, хийж чаддаг, чадварлаг мэргэжлийн хүнээ томилж, зовж, шаналж яваа хүмүүсийг авраач. Эрүүл мэн­дийн салбарт “сайдын бод­лого” байхгүй болж, хүнд байдалд байгаа гэдгээ ойлгооч. 2014 онд Эрүүл мэндийн дэд сайдаар Ж.Амарсанаа нь ажиллаж байхдаа хариуцлагатай, эзэнтэй байсан. Тэрээр элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүдэд үнэлэгдсэн залуу. Түүн шиг чадвартай эмч нарыг шилж, сонгон, жинхэнэ сайдаа томилох цаг нь болоод “хэнгэрэг” цохиод байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Б.БАЯРМАА