Монголд анх удаа гутлын жагсаал болох гэж байна. Энэ жагсаал нь 10 гаруй хоногийн өмнөөс залуучуудын санаачлагаар бий болсон. Монголын залуучуудын холбооны гишүүд энэхүү жагсаалыг зохион байгуулж өнөөдөр ажил хэрэг болж байна. Тодруулбал, өнөөдөр нийгэмд тулгамдаж байгаа маш олон асуудал байгаа. Тэрхүү асуудлуудыг сонгуулийн өмнө илэрхийлэх хэрэгтэй гэж бодож байгаа учраас энэхүү жагсаалыг хийж буй юм. Монголчууд жагсаал гэхээр л заавал цагаан хоолой барьж, том туг далбаа өргөж, өлсгөлөн зарлах гэх мэтээр ойлгодог. Гэвч ийм биш юм аа дэлхий нийтээр энэ чимээгүй жагсаал гэдгийг ерөнхийдөө мэддэг болчихсон. Монголд энэ гутлын жагсаал анх удаа болж байгаа ч гадаадад бол олон удаа болж байсан. Эдгээр гутлуудыг 21 аймаг, есөн дүүргээс иргэд өөрсдийн санал бодлоо бичиж илгээсэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа.

Гутлын жагсаалд оролцогчид: “Нийгэмд шударга бус байдал хэрээс хэтэрсэн байна. Залуучууд шударга нийгмийг бий болгохыг хүсэж байна. Ийм учраас орон нутаг, аймаг дүүргээс залуучууд өөрсдийн гутлуудаа мөн санаа бодлоо бичиж илгээсэн гэнэ. Өнөөдөр нийгэмд болохгүй, бүтэхгүй зүйл асар олон байгаа. Тийм учраас залуучууд сэтгэл санааны хувьд ч тэр гэр бүл, амьдарч буй орчны тал дээр ч тэр маш их бухимдалтай байна” гэв.

Гутлын жагсаал өнөөдөр 11:30 цагт эхэлнэ. Энэ үеэр хар ба цагаан жагсаалтыг олон нийтэд зарлах юм. Үүнийг зохион байгуулагчид нь

  • 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн болон нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн жагсаалтыг гаргах, иргэдэд улс төрийн боловсрол олгох, сонгогчдын оролцоотойгоор хулгайч төрд шургалах “нүх”-ийг хаах
  • Хар жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг уриалах
  • Цагаан жагсаалтад орсон этгээдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгч дэмжихийг уриалах зорилготой гэдгээ илэрхийлсэн юм.

 

О.Номин