Монголчууд гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нь өвчин болж одоо бүр энэ нь галзуурлын шатандаа хүрчээ. Уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт орно л гэвэл амиа тавих гэж байгаа мэт аашилж эсэргүүцэх бүхэл бүтэн арми бий гэхэд хилсдэхгүй. Бид тэднийг дуугүйхэн л харж суудаг.

Монголынхоо газар нутгийг өмөөрч байгаа юм даа. Баялгаа үр хойчдоо үлдээх гэж байгаа биз хэмээн бодосгээд өнгөрдөг. Өнөөдрийн манай эдийн засаг унаж, хөрөнгө мөнгөгүйн гачланд ороход гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх дээрх хийрхүү популист армийнхан тун чиг их нөлөө үзүүлсэнсэн.

Дараахан нь хүүхдүүдэд гадаад хэл заахгүй гэж хэсэг өвчигнөсөн. Нийгмийн арай юм мэддэг хэсэг нь “За энэ ч арай хэтэрнэ ээ” гэж байхтай зэрэгцээд монгол хүүхдүүд гадаад хэл сурч эхлэх насыг нь хуульчлаад тогтоогоод өгчихөв. Хүүхдүүдээ гадаад хэл сургаж, дэлхийн хэмжээнд үнэлэгдэх боловсролтой болгох гэсэн хүмүүс ийн хоншоороо тас цохиулав.

Ууланд авирч байсан өмнөд монгол ахан дүүсээ өвдөг сөхрүүлэн дээрэлхэж байгаа хэсэг залуус өөрсдийгөө эх оронч хэмээн цээжээ дэлдэн элдвээр авирлаж байгаа зураг хөргөө нийтэд цацаж байсан нь саяхан. Түүнийг нь нийгмийн сүлжээ болоод хэвлэл мэдээллийнхэн “уухай уухай” хэмээн дэмжин улам хөөргөж байсансан. Энэ мэт манайхан гадаадтай холбоотой бүх зүйлийг үгүйсгэн эсэрүүцэж, түүнийгээ эх орончид хэмээн хөөргөн суудаг хийрхүү үзэлд идэгдсэн.

Одоо Японы империалистуудаар монголчуудыг авруулахгүй гэнэ дээ. Бид өвчин зовлондоо баригдаж, оношоо ч тодруулж чадахгүй үхэж үрэгдэж байх тавилантай улс юм уу. Ер нь тодроод байгаа эх орончид маань хэнээс хэнийг өмөөрөөд байна вэ гэж гайхаш тасран бодоход хүрлээ. Монголчууд өвдөж зовоод, үхэж үрэгдээд дуусвал энэ газар шороон дээр маань хэн үлдэх гээд байна аа. Монголчуудыг Японоор авруулахгүй гээд жагсаал цуглаан хийгээд, хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд л, сүүлдээ бүр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэл хийлээ.

Юун тухай яриад байгааг та ойлгож байгаа байх. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг аюулаас аварч хамгаалах гэсэн үйл явдал өдгөө ид өрнөж байна. Ийм акц зохион байгуулагчдыг нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл ч өнөөх л дэвэргэж хөөргөдгөөрөө хөөргөсөөр үндэсний баатар мэт өргөмжилж байна. Тэгвэл Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг хэнээс юунаас хамгаалж ингэж сүржигнэнэ вэ.

Тэнд Японы Засгийн газрын санхүүжилтээр оношлогоо эмчилгээний хамгийн орчин үеийн эмнэлэг барьж өгөх гэж байгаа юм. Орчин үеийн дэвшилтэт түвшний тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл бүхий 150 ортой энэ эмнэлэг 144 тэрбум төгрөгөөр босно. Ажиллах боловсон хүчин нь бэлэн. Анагаахын шинжлэх ухааны бүхий л нэртэй доктор, профессор, багш оюутнууд Японы эрдэмтэн эмч нарын хамт тэр эмнэлэгт ажиллана. Ийм эмнэлэг Монголд хэрэггүй юм уу. Үүнийг л бариулахгүй гэж эсэргүүцээд байгаа юм шүү дээ. Энэ улайран эсэргүүцэгчид, аугаа эх орончдын ард хэн байна вэ?

Япончуудыг бушуухан тусламжаа өгөхийн оронд их удаан судалдаг гэж бид шүүмжилдэг. Та нарыг судалсаар байтал солонгос, хятадууд түрүүлээд хийчихлээ гэдэг. Гэтэл япончууд судалж судалж ёстой нүдийг нь олсон ажил хийх юм. Яаж ингэж сонгож олдог юм гэж баярлаж бахархмаар.

Өвдөж зовлоо гэхэд жирийн дундаж монгол иргэний хувьд Японд очиж оношлуулж, эмчлүүлнэ гэдэг зүгээр л мөрөөдөл шүү дээ. Япончууд оношлогоо эмчилгээний цогц эмнэлэг барьж өгнө гэдэг бидний хувьд Токиогийн их сургуулийн эмнэлэг нүүгээд ирж байгаатай ялгаагүй хэрэг. Тэгэхэд үүнийг эсэргүүцнэ гэдэг арай дэндэж байгаа юм биш үү. Бид амьд явмаар байна. Та ч гэсэн амьд явмаар байгаа биз дээ.

Монголчууд хавдраар үхээд дууслаа гэж шуугьж байна. Энэхүү аймшигт өвчнөөр бидний эргэн тойрны хичнээн сайхан хүмүүс маань цаг бусаар ертөнцөөс одож байна вэ. Хавдрын өвчлөл, нас баралтаараа монголчууд дэлхийд тэргүүлж байна хэмээн гадны судалгааны сэтгүүлүүд мэдээлж байна. Эрүүл мэндийн сайдын баталснаар Монголд эмчлэгдэх боломжгүй 36 өвчин байдаг. Үүнээс гадна онош нь тодордоггүй, эмчилгээ нь таардаггүй өчнөөн өвчин зовлон бий. Тэгвэл оношлогддоггүй, эмчлэгддэггүй бүх л өвчтөнийг энэ шинэ эмнэлэг хүлээн авна гэнэ. Оношилно ч, эмчилнэ ч гэж байна. Монголчуудын цаг бусын үхлийн цувааг зогсоох гэж япончуудын тусламжаар ийм өндөр түвшний эмнэлэг барих гэж байгаа юм.

Бид үхээд дуусвал хэдэн тахир улиастай үлдэх хэнд ашигтай вэ. Үхсэний дараа ирэх хүмүүст хэрэг болох юм болов уу. Ой судлах гээд байгаа юм бол балар ой Улаанбаатарын эргэн тойронд байна. Хойшоо 20 гаруй км давхиад л Хэнтийн нурууны балар хөвчид очно. Тэнд тэр судалгааны ажлаа хийгээч. Цэцэрлэгжүүлэлт, мод, бут сөөг тарих гээд ажил байдаг л байх. Орчин цагт харин мод тарих шиг амархан юмгүй болсон гэсэн. Технологи хөгжөөд ойгоор нь авчраад суулгачихдаг болсон. Услах, бордох гэдгийг ч мартсан. Нэг модонд нэг том ногоон ууттай зүйл авчраад холбочихдог бөгөөд тэндээс ус, бордоо, шим тэжээл гээд бүхий л хэрэгтэй зүйл нь дусал дуслаар модондоо шингэнэ. Нэг улирлын дараа ууттай ус, бордоо дуусангуут шинийг авчраад сольчихно. Бид л хийхгүй байгаа болохоос ийм амар хялбараар дэлхийн хотууд ногоорч байгаа.

Нэгээхэн хэсэгт нь эмнэлэг барьчихаар мэдээж Ботаникийн хүрээлэнд ажилладаг хүмүүсийн ажил, үйл ажиллагаанд нь нөлөөлөх байх. Тэглээ гээд бид арай том эрх ашгаа, илүү ач холбогдолтойг нь харж сурвал яасан юм. Хөдөөний жирийн нэг малчин, төрийн албан хаагч, багш, байр, машинаа лизингээр авсан хүмүүс ямар мөнгөөрөө Токиод очиж оношлогоо, эмчилгээ хийлгэх вэ. Ийм амьдралын дэргэд Ботаникийн хүрээлэнгийн хэдэн мод арай л гангадаад байна. Харин ч эмнэлгээ хурдан барь гэж жагсаж, хэвлэлийн хурал хиймээр юм. Ингэхэд тэр мод тарьдаг хүрээлэнгийн газрыг бүгдийг нь эмнэлэг сувилалд зориулсан ч багадна шүү.

Эх оронч дүр эсгэж, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг өмөөрч байгаа хэдэн хүмүүс монголчуудын зовлонгоор битгий тогло. Тэд “хайран мод...” л гээд орилоод байхаас биш ийм өндөр түвшний эмнэлэг барина гэж нэг ч үг ганхийхгүй байгаа. Ийм л явган заль, явцгүй бодлоор түмний сэтгэлийг хуурахаа боль. Харин ч “бид өвдөж зовж, үхэж үрэгдэж дууслаа. Эмнэлгээ хурдан бариач” гээд та нарыг хашгираад эхэлбэл дээр дооргүй л дэмжээд, үйл явдал өрнөөд та нар жинхэнээсээ ардын баатар эх оронч болно.