Одоогоос гурван жилийн өмнө автобензин, дизелийн түлшний нийлүүлэлт, борлуулалтыг зогсоосон, АИ92 авто бензин, дизелийн түлшийг зөвхөн өөрийн хэрэглэгчийн карт эзэмшигчид борлуулсан, 20 мянган төгрөгөөс дээш хэмжээгээр олгохгүй байсан нь иргэдийг ихээхэн бухимдуулж байсан билээ.

Тодруулбал, Зөрчил гаргасан “НИК” ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан юм.

Гэвч “НИК” ХХК уг шийтгэврийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг зөв гэж үзсэн шийдвэрийг гаргаж байсан удаатай.

Тэгвэл өнөөдрийг хүртэл тус компани өөрсдийн гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч торгуулийн мөнгөө төлөхөөс эрс татгалзсаар байна. ШӨХТГ-ын дарга солигдсоны улмаас О.Магнайгийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулж, торгууулиас бултах гэжээ.

Энэ талаар О.Магнай “ШӨХТГ-т байхдаа НИК ХХК-д ногдуулсан 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг гурван шатны шүүхээр хэлэлцүүлж, бид ялсан. Гэхдээ шүүхээс торгуулийн хэмжээг буруу тооцсон гэж үзсэн тул 2014 оны аравдугаар сарын 17-нд 148 тоот тушаал гаргаж, таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тэд Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, Газрын тосны газраас НИК ХХК-ийн 2011 онд борлуулсан АИ-92 шатахуун болон дизель түлшний хэмжээг гаргаж өгөхийг хүссэн ч янз бүрийн шалтаг хэлсээр 2015 он хүргэсэн. Тэд зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж байсныг та бүхэн санаж буй биз. 2015 оны нэгдүгээр сард ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайхан томилогдоход байцаагч нар НИК-тэй холбоотой ажлын явцыг танилцуулсан юм билээ.

Би энэ ажлын хэсгийн эцсийн дүгнэлтийг гаргаж амжилгүй 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан гэж нөхөр НИК компанийг монополь компанийн ангилалаас хассан байна лээ. Ингээд монополь ангилалаас нэгэнт гаргасан учраас тэгж байгаад тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсэгт ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь ажлаас халсан байгаа юм. НИК компанийн хэрэгтэй холбогдуулж хоёр хүнийг халсан.

Та бүхэн НИК компанийн талаар мэдэх байх. НИК компанийг Эрдэнэт үйлдвэрийн дарга байсан Ш.Отгонбилэг гэдэг хүний хүүхдүүд О.Содбилэг нарын хүмүүс эзэмшдэг. Харин Т.Аюурсайхан гэдэг хүн Н.Багабанди Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан хүн. Эд нар бүгдээрээ нэг түрийвчтэй, Н.Багабандиар толгойлуулсан олигарх бүлэглэл. Энэ нөхдүүд хуйвалдаж, тавьсан торгуулийг хүчингүй болгочихоод эцэстээ О.Магнай энэ хэрэгт нь оролцсон юм шиг ярьж байгаа нь хариуцлагагүй үйлдэл" гэлээ.

-НИК-ийн торгуулийг 2.8 тэрбум төгрөг болгосон-

Дээрх асуудлаар Т.Аюурсайханыг холбогдох хуулийн байгууллагад өгнө гэдгээ О.Магнай мэдэгдсэн юм. Мөн НИК-ийн ажлын хэсэгт ажилласан байсан байцаагч Ж.Очирхуяг: НИК ХХК-ийн борлуулалтын мэдээлэлд тулгуурлан 2015 оны наймдугаар сард торгуулийн хэмжээг 2.8 тэрбум төгрөг болгож бууруулсан. Гэсэн ч Т.Аюурсайхан биднийг буруутгаж, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсныг Төрийн албаны зөвлөл баталчихсан байгаа.

Гэтэл одоо болтол ажилдаа орж чадаагүй л явна. Т.Аюурсайхан ШӨХТГ-ын дарга болсон даруйдаа анхан шатны шүүх хурлын үеэр НИК ХХК-д албаар ялагдаж, торгуулийн тогтоолыг илт хүчингүйд тооцуулсан” хэмээн энэ хэргийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэд нийгэмд өөрсдийг нь илт гүтгэсэн худал, ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж, НИК компанийнхан торгуулиа хүчингүй болгуулахаар хэн, хэнийг надтай яриулж байсныг нь илчилнэ гэсэн юм.